loading...
Ролан Гарросын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Италийн Франческа Скьявоне, Австралийн Саманта Стосур нар өрсөлдөхөөр боллоо. Франческа хагас шигшээд Елена Дементьеватай өрсөлдөх ёстой байсан ч дөнгөж эхний сет үргэлжилж байхад Орос бүсгүй бэртлийн улмаас бууж өгсөн юм.
Ингэснээр Франческа теннисний нээлттэй эрин эхэлснээс хойш Их Дуулгын финалд шалгарсан анхны Итали теннисчин боллоо.
Дементьева тоглолтын дараа ярихдаа ”2-р шатнаас хойш хөл маань хөндүүрлэх болсон ч өдийг хүртэл тэсэж ирлээ. Харин үүнээс хойш үнэхээр тэсэж чадахгүй нь” хэмээсэн байна. Өдгөө 29 настай Скьявоне гурван удаа Их Дуулгын шөвгийн наймд шалгарч байсан. Харин энэ жил түүний оргил амжилт тохиож их дуулгын финалд шалгарлаа. Одоо тэр Австралийн Саманта Стосурыг буулган авбал түүхийг шинээр бүтээнэ. Гэхдээ эсрэг талд нь байгаа Саманта ч мөн түүхийг бүтээхээр тоглож байгаа.
1980 онд Ивонн Гулагонг-Коули Их Дуулгад түрүүлснээс хойш Австрали теннисчин их Дуулгын түрүү хүртээгүй юм. Шөвгийн дөрөвт Саманта Сербийн Елена Янковичийг 6 : 1 6 :2 гэсэн харьцаагаар буулган авчээ. Үүний өмнөх шатанд тэрээр дэлхийн чансааг тэргүүлэгч Серена Уйльямстай гал гарсан тэмцлийгүзүүлж 2 : 6 7 : 6 8 : 6 гэсэн харьцаагаар ялалт байгуулжээ. ”Миний давуулалт болон урд гарын цохулт бусад тамирчдаас арай ялгаатай.
Магадгүй тэдэнд энэ нь хүндрэл учруулдаг байх” хэмээн Австрали бүсгүй ярьжээ. Финалын тулаанд ямар амжилт үзүүлснээс үл шалтгаалан Стосур карьерийн оргил амжилт болох чансааны 6-р байр хүртэл урагшилна. Энэ тэмцээнд тэрээр 7-р байраар эрэмбэлэгдсэн юм.
loading...



