loading...
ОУ-ын таэквондогийн УАШ 17 дахь удаагийн тэмцээн спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэллээ. ОУ-ын таэквондогийн Монголын холбоо нь манай улсад үүсэн хөгжсөний 20 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тус холбооноос энэ жилийн УАШТ-ийг ихээхэн ач холбогдол өгөн зохион байгуулж байна.
Тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлийн 18 клуб, байгууллагын 320 гаруй тамирчид оролцохын зэрэгцээ тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн хоёр ангилалд тулаан, хатуу биет, онцгой, түлл, хоосон сүүл гэсэн 5 төрөлд зохион байгуулагдаж байгаа юм. Улмаар 2016 оны олимпоос эхлэн ОУ-ын таэквондо нь Олимпийн төрөлд албан ёсоор багтсантай холбогдуулан тус холбооноос олимпод тамирчдаа бэлтгэх зорилготойгоор зохион байгуулж байгаа юм байна.
ОУ-ын таэквондогийн холбоо нь туулж өнгөрүүлсэн 20 жилийн хугацаанд нийт 86 гишүүнтэй болсон төдийгүй 2016 оны олимпод анх удаагаа тоосоо өргөх гэж байгаадаа баяртай байгааг тэмцээний зохион байгуулагчид онцлон хэлж байлаа. Түүнчлэн тус холбооноос ирэх 2013 онд олимпийн сорил тэмцээн болох ОУ-ын таэквондогийн Дэлхийн аваргын тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрх авахаар томоохон зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
ОУ-ын таэквондогийн Монголын холбоо нь Олимпод тамирчдаа бэлтгэх, хүүхдийг зан харилцааны чадвар, бие бялдрын өндөр хөгжилтэй болгох, улмаар тус спортоор хичээллэж байгаа хүүхэд багачуудад тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх, хүнийг хүндлэх, хүндлүүлэх болон ёс суртахууны зөв хүмүүжилтэй болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. ОУ-ын таэквондогийн 2010 оны УАШТ энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдаж медалийн эзэд тодорно.
loading...



