loading...
E хэсэгт өрсөлдөж байгаа Голланд – Данийн багууд өчигдөр ДАШТ-ын эхний тоглолтоо хийцгээж, “Улбар шарууд” өрсөлдөгчөө 2:0-ээр хожлоо. Голланд ийн хэсгээ тэргүүлж эхэлсний дээр хожигдоогүй урт цувралаа ч үргэлжлүүлж байна.
Голландийн дасгалжуулагч Берт ван Марвик гэмтэлтэй байгаа Арьен Роббенийг сэлгээнд үлдээж, бусдаар бол таамаглаж байсан бүрэлдэхүүн гаргажээ. Данийн хувьд Никлас Бендтнерийг бага зэргийн гэмтэлтэй, нээлтийн тоглолтыг өнжиж магадгүй гэж байсан ч гараанд гарсан байв.
Эхний хагаст багууд тэнцүүхэн тоглож, гоолын боломж төдийлөн гаргаагүй. Харин 2-р үе дөнгөж эхлээд Голландийн довтолгоо амжилтанд хүрч, Даничууд өөрийн хаалгандаа гоол хийж өглөө. Робин ван Персигийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийн Данийн хамгаалагч Симон Поулсен зайлуулах санаатай мөргөсөн ч бөмбөг өөрийнх нь хаалга руу чиглэж, улмаар Аггерийн нуруунаас хачир аван гоол болжээ. Энэ тохиолдолд Аггерт буруу байгаагүй ч албан ёсны протоколд түүний нэр дээр авто гоол хэмээн бичигдсэн нь харамсалтай.
Гоолоос 4 минутын дараа ван Персид гоол хийх том боломж гарсан ч Арсеналд тоглодог довтлогч бөмбөгөнд эхний хүрэлтээ тааруухан хийж, боломжоо алдсан юм. Гэхдээ Берт ван Марвикийн хийсэн сэлгээнүүд нүдээ олж, Голландууд 2-р үед бүрэн давамгайлсан. Ялангуяа залуу тоглогч Е.Елиа талбайд гараад зүүн жигүүр бужигнуулсан гэхэд болно. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусахаас 5 минутын өмнө Шнейдерийн гоё дамжуулалтыг Елиа хүлээн аваад цохиж, шон оносон ч Дирк Кюйт нэмснээр тоо 2:0 болжээ.
“Би эхний тоглолтын талаар урт, маш урт хугацаанд бодсон. Эхний тоглолт бол хамгийн чухал, тэмцээнийг сайн эхлүүлнэ гэдэг маш чухал гэж үргэлж хэлж байсан.
Эхний тоглолт дандаа хүнд байдаг. Тоглогч нар бага зэрэг түгшиж, биеэ барьж байгааг харсан байх. Энэ хэцүү, гэхдээ бид хожлоо. Хожсон нь л хамгийн чухал” гэж Голландийн дасгалжуулагч хэлжээ.
Данийн дасгалжуулагч Мортен Олсен эсрэг багаа ялалт байгуулах эрхтэй байсан, ДАШТ-ийн гол фаворитийн нэг биш ч түрүүлэх боломжтой гэв.
Мөн Никлас Бентднерийг яагаад талбайд гаргасан талаараа “Тэр тоглохгүй байсан. Гэвч өчигдөр манай Томассон, Йенсен зэрэг тоглогчид гэмтсэн. Бидэнд довтолгооны өөр тоглогчид хангалттай байгаагүй, тэгээд л Бентднерийг гаргаж аз туршлаа” хэмээн хэлжээ.
Е хэсэг.
Нидерланд — Дани 2:0
Гоол: Аггер, 46-авт; Кёйт, 85
Нидерланд: Стекеленбург – 6,0, ван дер Вил – 6,5, Хейтинга – 6,5, Матейсен – 6,0, ван Бронкхорст – 5,5, ван Боммел – 6,5, де Йонг – 6,0 (де Зеув, 88), Снейдер – 6,0, ван дер Варт – 6,0 (Элиа, 67 – 6,5), Кёйт – 7,0, ван Перси – 5,5 (Афеллай, 77 – 6,0)
Дани: Сёренсен – 5,5, Якобсен – 5,5, Кьер – 5,5, Аггер – 5,0, С.Поульсен – 5,0, Роммедаль – 5,5, К.Поульсен – 6,0, Каленберг – 5,0 (Эриксен, 73 – 5,0), Йоргенсен – 5,0, Эневолдсен – 5,5 (Гронкьер, 56 – 5,5), Бентнер – 5,5 (Бекманн, 62 – 5,0)
Шар хуудас: де Йонг, 44; ван Перси, 50 – Кьер, 63
Шүүгч: Ланнуа (Франц)
Йоханнесбург. “Соккер Сити“. 83 465 үзэгч
loading...




