loading...
Хатан хаан II Элизабет 1977 оноос хойш анх удаа “All England Club”-т зочилж, Рожер Федерер, эгч дүү Уилльямс, Билли Жон Кинг, Мартина Навратилова зэрэг одоогийн болон өнгөрсөн үеийн шилдэг тоглогчидтой уулзан, тоглолт үзсэн нь Уимблдоны 4 дэх өдрийн онцлох зүйлсийн нэг байлаа. Хатан хаантай уулзах тоглогчдын тоонд Рафаель Надаль байсан ч тэрээр бэлтгэлийн хуваариа өөрчлөхийг хүсээгүй гэнэ.
Хатан хаан хамгийн сүүлд 1977 онд Виржиниа Уэйдийг түрүүлэхэд энд ирж тоглолт үзсэн бөгөөд Уэйд нь Уимблдоны ганцаарчилсан төрөлд түрүүлсэн сүүлийн Британи тоглогч юм.
Хатан хаантай уулзаагүй Надаль 2-р тойргийн тоглолтоо Робин Хаситай хийж 5-7, 6-2, 3-6, 6-0, 6-3 харьцаагаар хожжээ. Хожил амар ирээгүй, 5 сет зарцуулсан байна. Гэхдээ тэр өөрийн тоглолтондоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд өөрийн алдаанаас болж 2 сет алдсан, 4, 5 дахь сетүүдэд төгс байсан гэж хэлжээ.
“Би Уимлдонд тоглож байна. Энэ бол тоглоом шоглоом биш. Би энэ тэмцээнд дуртай. Хатан хааныг би их хүндэлдэг. Энэ тэмцээнийг ч их хүндэлдэг, ач холбогдол өгдөг. Өнөөдөр бол тоглолттой өдөр” хэмээн Надаль Хатан хааны урилгаас татгалзсан тухайгаа хэлж. Надалийн шийдвэрийг ойлгож болохоор.
Надаль төв кортод тоглосон бөгөөд Хатан хаан түүний тоглолт дээр байж магадгүй, байвал тоглолтын дараа уулзах бодолтой байсан гэнэ. Гэвч Хатан хаан Шотландын Энди Мюррейгийн тоглолтыг үзчихээд явсан байна. Мюррей 33 жилийн дараа Бритиниас Уимблдоны ганцаарчилсан төрөлд түрүүлэхийг мөрөөдөж яваа нэгэн.
Энди Мюррей 2-р тойрогт Финландийн Ярко Ниеминенийг 3 сетэд буулгаж авсан байна. Ер нь өнөөдөр тоглосон чансаа өндөр тоглогчид бүгдээрээ хожжээ. Тухайлбал Робин Содерлинг, Дэвид Феррер, Жо.В.Цонга, Сэм Куерри нарыг дурдаж болно.
Гэхдээ өнөөдрийн гол тоглолт бол Жон Иснер – Николас Майю нарын тоглолт байлаа. 10 цаг тоглоод хожилцоогүй тэд өнөөдөр үргэлжлүүллээ. 5-р сетийн 59:59-өөс эхэлсэн тоглолт бас л сунжирсан ч 70:68-аар Иснер хожиж, теннисний түүхэн дэх хамгийн урт тоглолт дууссан байна. 6-4, 3-6, 6-7 (7), 7-6 (3), 70-68. 11 цаг!
Иснер нийт 112 эйс хийж, дээд амжилтыг бүр л ахиулжээ.
“Гайхалтай тоглолт. Тэд түүхийг бүтээлээ гэж бодож байна” хэмээн Надаль хэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд Серена Уилльямс, К.Клийстерс, На Ли, Жюстин Хенин, Надиа Петрова, Е.Янкович, М. Бартоли, А.Радванска, К.Возниаки, В.Азаренко, Ф.Пенетта, Мариа Шарапова, В.Уилльямс гээд шилдгүүд 3-р тойрогт үлдээд байгаа болно.
loading...






yaa ene toglolt neeree aimaar udaan bolson shuu suuldee noir hurj bna lee
loading...
Энэ тоглолтыг бүтнээр нь үзсэн хүн байна уу ?
Нойр хүрээд хачин болж байна уу?
loading...