loading...
Чансааны 1, 2, 3, 4, 5, 6-д бичигдсэн Рожер Федерер, Рафаель Надаль, Новак Жокович, Энди Мюррей, Энди Роддик, Робин Содерлинг нар бүгд Уимблдоны сүүлийн 16-д үлдээд байна.
Федерер 3-р тойрогт А.Клементийг 3 сетэд амархан хожсон бол Надаль Германы теннисчин Филипп Петчнерийг 6-4, 4-6, 6-7 (5), 6-2, 6-3 гэсэн харьцаагаар 3 цаг хагас тоглож байж хожлоо. Надаль 2008 онд Уимблдонд түрүүлж байсан, харин өнгөрсөн жил гэмтлийн улмаас Уимблдонд тоглоогүй. Энэ жил дахин түрүүлэх зорилготой байгаа нь тодорхой.
Гэхдээ 2 өдрийн зайтай 2 удаа 5 сет хүнд тоглолт хийлээ. Надаль одоогоор нийт 7 Их дуулгад түрүүлээд байгаа. Өмнө нь хэзээ ч Их дуулгад 4-р тойргоос өмнө нь 2 удаа 5 сет тоглолтууд гаргаж байгаагүй гэнэ.
Өнөөдөр тэрээр Францын Пол-Хенри Матьютэй 4-р тойргийн тоглолтоо хийх ажээ.
Эзэн орны Энди Мюррей төв кортод Надалийн дараа тоглож, Францын Жиль Саймоныг 3 сетэд дараалан хожжээ. Британий эрэгтэй теннисчин энд хамгийн сүүлд 1936 онд түрүүлж байсан түүхтэй. Мюррей 4-р тойрогт АНУ-ын Сэм Куеррейтэй тоглоно. Мань Америк анх удаа Уимблдоны 3-р тойргийг даваад байгаа болно.
Чансааны 6-д бичигдсэн, Ролан Гарросын хошой финалист Робин Содерлинг 3-р тойрогт Томас Белуччиг 3 сетэд хожсон байна.Содерлинг дараагийн тойрогт Дэвид Феррертэй тоглоно.
Мөн Рожер Федерер Юрген Мельзертэй, Новак Жокович Ллейтон Хьюиттэй, Энди Роддик Ен Лутэй, Жо-Вильфред Цонга Ж.Беннетутай тус тус тоглохоор болжээ.
loading...



