Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис, Уимблдон » Роддик хасагдлаа

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шилдэг 8 бараг тодроод байгаа энэ үед түүний сүрд дарагдан чимээгүй болж буй Уимблдоны шилдэг 8 мөн тодорлоо.

Уимблдонд 3 удаа шигшээд хүрч байсан АНУ-ын Энди Роддик 4-р тойрогт чансааны 82-т бичигдсэн Тайваний Иен-Шун Лутэй 4 цаг 30 минут тоглосны эцэст 4-6, 7-6 (3), 7-6 (4), 6-7 (5), 9-7  харьцаагаар хожигдож, тэмцээнийг орхилоо.

26 настай Лу 4 дараалан Уибмлдоны эхний тойрогт ялагдаж байсан, сүүлийн 5 Их дуулгад нэг ч ялаагүй боловч энэ удаагийн тэмцээнд л цойлоод байгаа юм. Тэрээр Уимблдонд шөвгийн 8 хүрсэн 1995 оны Японы Шузо Мацуокагаас хойшхи анхны Ази тоглогч болж байгаа гэнэ.

“5 дахь сет. Би хожсондоо итгэж чадахгүй нь. Тэр надаас сайн давуулдаг шүү дээ” гэж Лу хэлжээ. Харин Роддик “Тэр надтай сүүлд тоглосноосоо илүү сайн давуулж байна гэж би бодож байна. Тэр өнөөдөр хожих эрхтэй тоглолт гаргасан” гэв. Роддик Лутэй тоглосон өмнөх 3 тоглолтондоо 3-ууланд нь сет алдалгүй хожиж байж.

Сая Роддик нийт 38 эйс хийсэн боловч 8 брейк-пойнтийнхоо ердөө ганцыг нь л ашигласан байна.

Лу Роддиктой тоглохын өмнө Их дуулгад 27 тоглохдоо 18 хожигдсон, топ 10 тоглогчийн эсрэг 12 тоглохдоо 10 хожигдсон үзүүлэлттэй байсан гэнэ. 2008 оны Бээжингийн олимпийн эхний тойрогт Энди Мюррейг хожсоноос хойш анх удаа чансааны эхний 10 тоглогчийн 1-ийг хожиж байгаа ажээ.

Роддик ийн таамагласнаас эрт хасагдсан бол сүүлийн 2 жилийн аваргууд болох Рожер Федерер, Рафаель Надаль нар өрсөлдөгчдөө итгэлтэй хожиж, шөвгийн 8-д үлдээд байна.

Чансааны 1-т бичигдэж байгаа Федерер 4-р тойрогт Юргеэ Мелзерийг 3 сетэд дараалан хожсон бол дэлхийн чансааг тэргүүлж буй ч Уимблдоны чансааны 2-т бичигдсэн Р.Надаль мөн 3 сетэд Францын Пол-Анри Мэтьюг буулгаж авчээ.

Федерер 2003 оноос хойш зүлгэн талбайд 82 тоглолт хийхдээ 80 дахиа хожиж байгаа нь энэ.

Надалийн хувьд өмнөх 2 тойрогт аль алинд нь 5 сет тоглож байсан бол энэ удаа 3 сет л тоглолоо. Тэрээр энд 11 дараалан хожоод байна. 2008 онд түрүүлээд 2009 онд гэмтлийн улмаас өнжсөн гэдгийг сануулъя.

Надалийн шөвгийн 8-ийн өрсөлдөгч нь Робин Содерлинг байх нь. Содерлинг сая 4-р тойрогт Дэвид Феррерийг 5 сет тоглож хожин, Уимблдонд анх удаа сүүлийн 8-д үлдээд байна.

Чансааны 3-т бичигдэж байгаа Новак Жокович экс дэлхийн номер 1 Ллейтон Хьюиттийг 7-5, 6-4, 3-6, 6-4 харьцаагаар хожжээ. Жоковичийн шөвгийн 8-ын учраа нь Лу юм.

Британий ганц найдвар Энди Мюррей ч 8-д үлдлээ. Тэрээр 8-д Францын Жо Вильфред Цонгатай тоглоно.

Эмэгтэйчүүдийн хувьд Серена Уилльямс Мариа Шараповаг 7-6 6-4 харьцаагаар хожиж 8-д үлдсэн байна.

Мөн Ким Клистерс 4-р тойрогт Жюстин Хенинийг хожсон бол Винус Уилльямс Ж.Гротийг хожжээ.

Чансааны 3-т байгаа Каролайн Возниацки 4-р тойрогт дэлхийн номер 62 Чехийн Петра Квитовад 46-хан минутын дотор 2-6 0-6 харьцаагаар бут ниргүүлсэн байна.

4 дэх чансаатай Елена Янкович нурууны гэмтлээс болж Вера Звонареватай хийсэн тоглолтоо дуусгасангүй. Гэхдээ Янкович угаасаа 6-1 3-0-ээр хожигдож байлаа. Вера дараагийн тойрогт Клистерстэй тоглоно.

Мөн Ли На, Цветана Пиронкова, Кайа Канепи нар шөвгийн 8-д үлджээ.

GD Star Rating
loading...
Роддик хасагдлаа , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    Roddick azgyi yumaa demjeed bhad yavahgyi

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: