loading...
Словакийн шигшээ багийн том мөрөөдлийг Голландууд шөвгийн 16-д зогсоолоо. Дурбанд болсон шөвгийн 16-ын 5 дахь тоглолтонд Голландийн баг 2:1-ээр хожсон байна. Арьен Роббен гарааны бүрэлдэхүүнд багтан 70 минут тоглохдоо 1 гоол хийж, улмаар тоглолтын шилдгээр нэрлэгджээ. Голландийн баг анх удаа ДАШТ-ийн эхний 4 тоглолтондоо дараалан хожиж байгаа гэнэ.
Владимир Вейсс дасгалжуулагчтай Словакийн баг дэлхийн хүчирхэг багуудын нэг Голландаас айж эмээсэн зүйлгүй, эхнээсээ л зоригтой тоглож байсан. Хэсэгтээ дэлхийн 4 удаагийн аварга Италийг мулталж гарч ирсэн гэхээр арга ч үгүй биз.
Ерик Йендрисек ердөө 2 дахь минутанд боломжийн байрлалаас эвгүй цохилт хийсэн нь хөндлөвч дээгүүр өнгөрсөн бол зөрүүлээд ван Перси, Шнайдер нар Словакийн хаалганд цохьжээ.
18 дахь минутанд Шнайдер талбайн гүнээс Роббен луу алсын дамжуулалт өгч, Роббен хүлээж аваад Радослав Забавникийг аргалаад хаалга руу цохиж, яг булан луу чиглэсэн бөмбөгөнд хаалгач Ян Муха хүрч чадсангүй, Голландийн эхний гоол орсон юм. Голландийн баг Өмнөд Африкт ирээд эхний хагаст ердөө 2 дахь гоолоо хийж байгаа нь энэ.
Гоолын дараа ван Персид дахин нэг боломж гарсан ч Ван Боммелийн баруунаас дамжуулсан бөмбөгийг хаалга руу чиглүүлж чадаагүй.
2-р хагаст өнөөх Роббен эхний гоол хийсэнтэйгээ тун төстэй цохилт хийсэн бөгөөд энэ нь бараг л орсон доо. Муха хааж чадсан, гэхдээ л шонтой маш ойрхон өнгөрсөн.
Нэгэнт хожигдож байгаа тул 2-р хагаст Словак 4-4-2 схемд шилжиж, илүү довтолж тоглож эхэлсэн. Мирослав Стох болон Роберт Виттек нар боломжуудаа алдаж байлаа. Ялангуяа Виттект дараалан 2 боломж гарахад Голландийн хаалгач Стекеленбург тун амжилттай хааж багаа аварчээ.
Словак ийн бүтэлгүйтэж байхад Голланд 2 дахь гоолоо хийснээр тоглолтын хувь заяа тодорхой болсон. Дирк Кюйт алсын дамжуулалтыг хүлээж аваад Мухагаас мултарч, ашигтай байрлалд ирсэн Шнайдерт оновчтой дамжуулалт өгч, Интерийн найруулагч ч ямар ч алдаа мадаггүй цохисноор тоог 2:0 болгожээ. Шнайдер энэ тоглолтонд 1 оновчтой дамжуулалт өгч, 1 гоол хийсэн нь энэ.
Словак бууж өгөлгүй довтолж, 90+3 дээр торгуулийн цохилт авч чадсан бөгөөд Виттек оновчтой болгосон ч Испани шүүгч Ундиано сүүлийн шүглээ үлээснээр тоглолт өндөрлөсөн юм. Голланд ийн дараагийн шатанд шалгарав.
Харин Словакийн шигшээ анх удаа ДАШТ-д оролцсон гэхэд дэлхийн аварга Италийг хожиж хэсгээсээ гарч чамлахааргүй амжилт гаргалаа.Тэдний довтлогч Р.Виттек нь 4 гоолтой болж, ДАШТ-ийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Берт ван Марвик, Голландийн дасгалжуулагч
Бид эхний 60 минутанд сайн тоглосон. Эхний үед сайн тоглоод, 2-р үеийн эхлэлийг ч сайн хийсэн. Гэвч бид 2 дахь гоолоо хийж чадахгүй байлаа. Стекеленбург 2 ч удаа маш чухал хаалт хийсэн. Мэдээж Роббен гэмтлээсээ эргэн ирээд гоол хийж, сайхан тоглолт үзүүлсэн нь гайхалтай. Тэр бүрэн фит болсныг хийсэн гоолоос нь харж болно.
Владимир Вейсс, Словакийн дасгалжуулагч
Голланд хүнд өрсөлдөгч. Бид эрэлхэг, шийдэмгий, сэтгэл зүрхнээсээ тоглолоо. Сүүлийн 16-д үлдэж чадсан амжилтаараа бахархаж байна. Сайн баг нь дараагийн шатанд үлдлээ.
Голланд — Словак 2:1
Гоол: Роббен, 18; Снейдер, 84 – Виттек, 90-пен
Голланд: Стекеленбург, ван дер Вил, Хейтинга, Матейсен, ван Бронкхорст, ван Боммел, Де Йонг, Снейдер (Афеллай, 90), Кёйт, ван Перси (Хюнтелар, 80), Роббен (Элиа, 71)
Словакия: Муха, Пекарик, Шкртел, Дюрица, Забавник (Якубко, 87), Стох, Кучка, Гамшик (Сапара, 87), Вайсс, Ендришек (Копунек, 71), Виттек
Шар хуудас: Роббен, 31; Стекеленбург, 90 – Кучка, 40; Копунек, 72; Шкртел, 84
Шүүгч: Ундиано Мальенко (Испани)
Дурбан. “Дурбан”. 61 962 үзэгч’
loading...





яаа энэ ч сайхан тоглолт болсондоо Тэр сүүлийн хагаст Виттек 2 сайхан цохилтоо чулуу болгоцон бол ч чах байсан болоо хэ хэ азгүй л байна даа гэхдээ сайхан тоглолт үзүүлсээн
loading...