loading...
Рафаель Надаль энэ цаг үеийн дэлхийн шилдэг теннисчин гэдгээ нотолж, Уимблдон 2010-ын аварга боллоо. Тэрээр шигшээ тоглолтонд Чехийн Томас Бердыхийг 3 сетэд 6-3 7-5 6-4 харьцаагаар 2 цаг 13 минутийн дотор хөнгөхөн хожиж, Уимблдонд 2 дахиа, Их дуулгад нийт 8 дахиа түрүүлэв. Бердых өмнөх шатуудад Федерер, Жоковичийг хожиж байсан бол энэ удаа Надалийн эсрэг юу ч хийж чадаагүй юм.
Надаль 2008 онд түрүүлээд өнгөрсөн жил аваргаа хамгаалж чадаагүй. Учир нь өвдөгний гэмтлийн улмаас оролцоогүй. 2007 онд бол финалд үлдээд Федерерт хожиждож байв. Тэгэхээр Надаль Уиблдонд сүүлийн 3 жилд ганц л хожигдсон хэрэг.
“Мэдээж тэр үе миний кареерийн хүнд мөчүүдийн нэг байлаа. Миний аз болоход намайг хүрээлсэн намайг дэмждэг сайхан баг байдаг” гэж Надаль гэмтэлтэй байсан үеийнхээ тухай ярьжээ.
Харин Бердых тоглолтын дараа: “Энэ 2 долоо хоног миний хувьд тун сайхан өнгөрлөө. Гэхдээ Надаль өнөөдөр тун хүчтэй байсан. Тэр сүүлийн саруудад өөрийгөө үнэхээр аварга гэдгээ харуулсаар ирлээ, өнөөдөр тэр хожих эрхтэй. Энэ тэмцээнд шигшээд үлдсэн маань надад ихээхэн итгэл, бас хүч өглөө. Дараагийн жил юу болохыг хэн мэдлээ” гэжээ.
Бердых уг нь Надалийг 3 дараалан хожиж байсан удаатай. Гэвч энэ нь 4 жилийн өмнөх бөгөөд түүнээс хойш 6 тоглоход 6-ууланд нь, үүний дотор 2007 оны Уимблдоны шөвгийн 8-д Надаль хожсон байна.
Надаль ийн 1 сая фунтийн шагнал хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн жил түрүүлсэн тамирчны шагналын мөнгө 850 мянган фунт байжээ. Харин Бердых 500 мянган фунтээр дансаа зузаатгаж.
Эмэгтэйчүүдийн шигшээд алдарт Серена Уилльямс ОХУ-ын Вера Звонареваг 6-3 6-2 харьцаагаар хожсоноор 13 дахь Их дуулгынхээ түрүүг авчээ. Аваргын төлөөх тоглолт ердөө 67 минут үргэлжилж 6-3 6-2 харьцаагаар Серена хожсон байна. Серена ийн Уиблдонд 4 дэхээ түрүүлж байгаа бол түүний эгч Винус 5 удаа аваргалсан.
21 настай Вера Звонаревагийн хувьд анх удаа Их дуулгын финалд үлдэж байгаа болно.
Мөн эрэгтэй хосын төрөлд Юрген Мелзер/Филипп Петшнер нар, эмэгтэй хосын төрөлд Ваниа Кинг, Ярослава Шведова нар, холимог хосод Линдер Паес, Кара Блак нар тус тус түрүүлжээ.
loading...




