loading...
Тэмцээний эрхийг Монгол улс 3 жилийн өмнө авчээ.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг (ДОАШБТ) Олон Улсын Оюутны Спортын Холбоо (ОУОСХ), Монгол улсын Засгийн газраас Улаанбаатар хотноо 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд зохионо. Тэмцээний эрхийг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIII дугаар “Универсиад” их наадмын үеэр 2007 оны 1 сарын 15 ны өдөр Итали улсын Турин хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх Хорооны хуралдаанаар Монгол улсад олгожээ.
Тэмцээний эрхийг авахад Монгол улсын Засгийн газрын хөрөнгө санхүүгийн баталгаа, зохион байгуулалтын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол улсад энэхүү тэмцээний явуулахыг Засгийн газрын 2007 оны 149 дүгээр тогтоол, Зохион байгуулах хороог Ерөнхий сайдын 2007 оны 58 тоот захирамжаар Эрүүл мэндийн сайдаар ахлуулан батлаж анхдугаар хуралдаанаа 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийн, хорооны зохион байгуулалт, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө, тэмцээний төсөв, тэмцээний гүйцэтгэх хороо зэргийг батлан байна.
Зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд удирдаж байна.
Тэмцээний ЗБХ нь 16 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, орлогч даргаар Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, гишүүдэд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, Сангийн яамны төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батжаргал, Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯамны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга Д.Мөрөн, Монголын олон нийтийн радио, телевизийн дарга М.Наранбаатар, ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д. Баясгалан, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д. Цогбаатар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Х.Батсайхан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин, МИАТ- ХК-ны нэгдүгээр орлогч захирал Г. Жаргалсайхан, “Мэжик нэт” ХХК-ны ТУЗ-ийн дарга С.Нацагдорж, нарийн бичгийн даргаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна.
Тэмцээний өдөр тутмын ажлыг Оюутны спортын холбоо хариуцаж байна.
Тэмцээний үйл ажиллагааг Монголын оюутны спортын холбоо (МОСХ) удирдан ажиллаж явуулж байна. Харин Монголын олимпийн боксын холбоо тэмцээний техникийн асуудалд дэмжлэг туслалцаа үзүүлэн, өөрийн орны тамирчдыг бэлтгэх зэрэг ажлыг оролцоно. Одоо СТО-ны МОСХ-ны байранд тэмцээний өдөр тутмын ажлыг хариуцсан Гүйцэтгэх хороо ажиллаж бэлтгэлийг хангаж байна. Тус Гүйцэтгэх хорооны даргаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ажиллаж байна. Энэхүү холбооноос өнгөрсөн 3 жилийн хугацаанд маш ажлыг гүйцэтгэсэн ба ихээхэн хэмжээний зардлыг гаргаж байв.
Оюутны дэлхийн аварга өмнө нь 3 удаа зохиогджээ.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээн 2004 онд Туркийн Антальяа хотноо болж хамгийн олон 27 орны баг тамирчид хүчээ сорьж байв. Хоёрдугаар тэмцээнийг 2006 онд Казакстаны Алмата хот амжилттай зохион явуулсан ба хамгийн сонирхолтой нь 2008 онд ОХУ-ын Казань хотноо болсон гуравдугаар тэмцээн байлаа.
Тус тэмцээн ОУСБХ-ны шинэ дүрмээр болох анхны тэмцээн Улаанбаатарынх.
Олон улсын сонирхогчдын боксын холбооны 2010 оны 9 сарын 1 нээс эхлэн мөрдөх техникийн дүрмийн дагуу эрэгтэй тамирчид арван жингээр хувийн дүнгээр өрсөлдөн 46- 49кг, 52кг, 56кг, 60г, 64кг, 69кг, 75кг, 81кг, -91кг, +91кг дээш жингээр тэмцээн болно. Тэмцээн нийтдээ зургаан өдөр тэмцээн үргэлжилнэ. Ийнхүү Улаанбаатарын тэмцээн нь ОУОСХ-ны шинэ дүрэм, жингээр болох анхны тэмцээн нь байх юм.
Одоогоор 4 тивийн 30 орны баг тамирчид тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Уг тэмцээний албан ёсны урилгыг МОСХ-ноос эрхлэн дэлхийн 150 гаруй орны Оюутны спортын холбоо, боксын холбоодод 2009 оны 9 сард явуулсан ба өнгөрсөн хугацаанд 40 орчим орноос оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Одоогоор ОХУ, Казакстан, Турк, Узбекстан, Беларус, Өмнөд Африк, Коста Рика, Франц, , БНСУ, Тайланд, Украйн, Молдав, Чех, Эстони, Энэтхэг, Польш, Словак, Азербайжан, Грек зэрэг 30 орчим орны 200 гаруй баг тамирчид оролцох албан ёсны мэдүүлгээ өгөөд байна. Үүнээс Украин улсын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Казакстан улсын 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, Турк улсын 17, Киргизийн ахлагтай 14, Тайван улсын 13, Өмнөд Африк 14 хүн, БНСАУ-ын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ирэх тооны мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээнд хүрэлцэн ирэх тамирчдын нэрс 2010 оны 9 сарын 4-ны өдөр эцэслэн тодорно.
Буян-Ухаа дах шинэ спортын ордоны анхны тэмцээн нь боксынх байна.
Энэхүү тэмцээнийг Улаанбаатар хотноо шинээр баригдаж буй 5040 хүний суудалтай Буян- ухаа дах Спортын шинэ ордонд явуулна. Энэхүү ордоны барилгын ажил 8 сарын 23 нд албан ёсоор дуусч, улсын хамтарсан комисст өгөхөөр 2 улсын Засгийн газрын төлөөлөгч нар шийдвэрлэжээ. Шинэ ордон тамирчдын бие халаалтын ринг, амрах өрөө, эмнэлэг, допингийн үйлчилгээ, хэвлэлийн болон багийн хурал зөвлөгөөн хийх танхим, хувцас солих, усанд орох өрөө зэрэг нь нэг дор байх учир олон улсын стандартад тохирч байгаа юм. Спортын ордоны дотор талбайн зай нь 41м х 70метр бөгөөд өндөрийн хэмжээ нь 31метр ажээ. МОСХолбоо, Боксын холбооны удирдлагууд 2010 оны 8 сарын 4-ны өдөр Спортын заалны үйл ажиллагаатай танилцаж, ринг, талбайгаа засах, чимэглэх, нээлт, хаалт, шүүлт, зохион байгуулалтын асуудлаа ярилцсан байна.
Тэмцээнд оролцогчдоос допингийн 20 сорил авна.
Тэмцээнд оролцогчдоос ОУОСХ-ны эмнэлгийн төлөөлөгч Тапио Каллио (Финлянд), БТСГ-ын эмнэлгийн албааас хамтран 20 сорилыг авах юм. Үүнээс: алтан медаль хүртсэн 10 тамирчин, бусад 10 сорилыг сонголт хийж авна.
Баг тамирчидын байрлах зочид буудлууд бэлэн болжээ.
Тэмцээнд оролцох баг тамирчдыг “Цэцэг” зочид буудал, олон улсын байгууллагын зочид, шүүгчдийг “Баянгол” зочид буудалд байрлуулахаар МОСХ-ноос шийдвэрлэжээ.
Монголын спортын шилдэг менежерүүд тэмцээнийг удирдана.
Монгол оронд 2002 онд шатрын төрлөөр, 2006 онд Бөхийн чөлөөт, сонгомол барилдаанаар дэлхийн оюутны аваргын хоёр тэмцээн, 2008 онд Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг тус тус МОСХолбоо удирдан явуулсан ба 2007 онд боксын Азийн аваргын тэмцээнийг МОБХ, МОСХ хамтран зохион байгуулж байжээ. Тус тэмцээнүүдийг удирдаж байсан Монголын спортын шилдэг менежер, боловсон хүчнүүд ажиллах ба тэдэнд олон улсын арга хэмжээ явуулах мэдлэг, чадавхи бүрэн бүрдсэн ба зохион байгуулах өргөн арга туршлага хуримтлуусан мэргэжилтэнүүд, сайн дурын ажилтнуудаар бүрджээ.
Монголд ОУСБХ-ны шүүгчид бий.
Монгол улсад ОУСБХ-ны хэд хэдэн шүүгчид бий. Үүнээс Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Афин, Бээжингийн олимпийн шүүгч Сандагийн Баясгалан, олон улсын шүүгч Ц.Нандигжав нарын олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээн дээр ажиллаж байсан туршлагатай олон улсын шүүгчид байдаг. Тэд олон улсын байгууллагын мэргэжилтэнүүдтэй нэг баг болон тус тэмцээн дээр ажиллах ажээ. Тэмцээний техникийн асуудлыг Монголын талаас С.Баясгалан, шүүлтийн асуудлыг С.Нандигжав нар хариуцна.
Тэмцээнийг удирдах олон улсын төлөөлөгч нар бүрэн томилогджээ.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг удирдах ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олимпийн аварга Игариши Хисато томилогдон олон улсын багийг удирдах болсон юм.
Боксын техникийн төлөөлөгчөөр ОУОСХ-ны боксын техникийн хорооны дарга, ОХУ-ын иргэн Эдуард Абдулманов, хяналтын төлөөлөгчөөр БНХАУ-ын иргэн Шинь Жин, эмнэлгийн төлөөлөгчөөр Финлянд улсын иргэн Тапио Каллио, ОУОСХ-ны ХЭГ-ын төлөөлөгчөөр Бельгийн иргэн Лорен Бриел нарын 5 хүнийг ОУОСХ-ноос 2009 оны 11 сард томилжээ. Харин ОУСБХолбооны техникийн төлөөлөгчөөр БНСУ-ын иргэн Жае Куи Юун 2010 оны 8 сарын 3 –ны өдөр ОУОСХ, ОУСБХ-ны хамтарсан шийдвэрээр томилсон байна.
Монголын оюутан боксчид өмнөх тэмцээнүүдээс 11 медаль хүртэж байв.
Монголын оюутан боксчид өмнөх 3 тэмцээний сүүлийн хоёр нь оролцсон ба тус тэмцээнүүдээс 1 алт, 1 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж байсны дотор 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-ууган 54кг жинд 2006 онд Казакстан улсад болсон тэмцээнээс оюутны боксын дэлхийн аварга болж байв. Мөнгөн медалийг ОУХМастер Э.Идэрхүү 54 кг жинд авч байв. Мөн дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба гавьяат тамирчин Э. Мөнхэрдэнэ нар 2006 оны тэмцээнээс тус тус хүрэл медаль хүртэж байжээ.
Тэмцээний бэлтгэл ажил 50 гаруй хувьтай явна.
Эрүүл мэндийн сайдын батласан Зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөөний биелэлт 2010 оны 8 сарын 3-ны байдлаар 50 хувьтай явна. Тэмцээний Гүйцэтгэх хороо байгуулагдан Монголын оюутны спортын холбоон дээр төвлөрөн Спортын төв ордонд байнгын үйл ажиллагаа явуулан төрөл бүрийн үүрэг биелүүлэн ажиллаж байна.Тус тэмцээнд зориулан 2010 оны төсвийн тодотголоор УИХ-аас 200 гаруй сая төгрөгний төсвийг 2010 оны 7 сард УИХ-аар төсвийг батлан өгсөн боловч одоогоор тэмцээний ЗБХороонд нэг ч төгрөг хувиарлагдан ирээгүйгээс тэмцээний зарим ажил саатан, хойшлогдоход хүрээд байна. Ялангуяа гадаад захиалан хийлгэж байгаа боксын бээлий, хамгаалалтууд Герман улсад үйлдвэрлэгдсэн ба төлбөр хийгдээгүй тул ТОП ТЭН компани дээр саатаад байна.
Тэмцээний бэлтгэлийг шалгах ОУ-ын төлөөлөгч 8 сарын 9 нд Монголд ирнэ.
ОУОСХ-ны Боксын Техникийн хорооны дарга Эдуард Абдулманов 8 сарын 9-12ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ЗБХ-ны дарга, Боксын холбоо болон МОСХ-ны удирдлагуудтай уулзахаас гадна тэмцээний бэлтгэл ажил, ЗБХ-ны үйл ажиллагаатай танилцан тэмцээн болох Спортын шинэ Ордон, бэлтгэл хийх, жин үзэх, техникийн зөвлөлгөөн болох заал танхим, тамирчидын байрлах зочид буудал зэргийг үзэж танилцана.
Энэ үеэр Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээнийг зохион байгуулах албан ёсны гэрээнд Монгол улсын төлөөлөн ЗБХорооны дарга, Эрүүл мэндийн сайд С. Ламбаа гарын үсэг зурах юм.
Гадаадаас ирэх шүүгчдийн нэрс тодорсоор байна.
Оюутны дэлхийн аваргын тэмцээнд оролцох шүүгчдийн нэрс тодорсоор байна. Улс бүрээс 5 аас дээш тамирчинтай тохиолдолд 1 олон улсын зэрэгтэй шүүгчтэй хамт ирэх ба Казакстан улсаас шүүгчээр Нурпэис Ракхат, Франц улсаас Мадэн Иохани, Польш улсаас Корни Мариусц нар оролцохоор нэрсээ ирүүлээд байна.
Тус тэмцээний мэдээлэл Монгол орныг 3 жилийн туршид сурталчилжээ.
Тэмцээний сурталчилгааны ажлыг МОСХолбоо 2007 оноос эхлэн 3 жил гаруй хугацаанд төрөл бүрийн хэлбэрээр, олон удаа ОУОСХолбоо, ОУСБХ-ны шугмаар явуулжээ. Эдгээр олон улсын 2 томоохон спортын байгууллагын вэб сайт, сонин, сэтгүүлд Монголын энэ тэмцээний сурталчилгаа 3 жилийн хугацаанд тавигдаж үнэгүй сурталчилгааг явуулжээ. Мөн ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 2007-2010 оны 5 удаагийн хуралд энэ тэмцээний мэдээлэл, тайлан, ажлын явцын илтгэлүүд тавигдаж байжээ. Мөн 2007 оны Азийн боксын аварга, 2008 оны Казань хотноо болсон 3 дугаар оюутны боксын дэлхийн аварга, 2009 оны 9 сарын 1-11-ны өдрүүдэд Италийн Милан хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээний үеэр МОСХ, МОБХолбооны төлөөлөгчид хамтран сурталчилгааны материалууд хэвлэн тарааж, тус тэмцээний урилгыг 100 гаруй үндэсний боксын холбооны удирлагуудад гардуулан өгч сурталчилах ажлыг гүйцэтгэсэн байна.
Тэмцээний Гүйцэтгэх хороонд 150 орчим ажилтанууд ажиллана.
Тэмцээн дөхөх үед Гүйцэтгэх хорооны байнгын болон байнгын бус ажилд 150 орчим хүнийг ажиллуулах юм. Түүний дотор 80 орчим нь 7 их дээд сургуулиуудаас шалгарсан 7 хэлний сайн дурын оюутнууд байх юм. Тэднийг их сургуулиуд дээр нь өнгөрсөн 5 сард сонгон шалгаруулжээ. Мөн тэмцээний техникийн үйл ажиллагаа, орчуулга, зочид буудал, спортын заал, машин тээвэр, нисэх буудал, харуул хамгаалалт, соёлын арга хэмжээнүүдэд олон хүмүүс нэмэгдэн ажиллана. Сайн дурын оюутнуудыг сонгон ажиллуулахад БСШУЯам, их дээд сургуулиудын захиргаа ихээхэн анхаарал тавьж байна.
Үүнээс гадна 30 орчим байгуулллагын 100 гаруй хэвлэл мэдээлэлийн ажилтнууд тэмцээнийг сурталчилан ажиллах ба 3 телевизэд тэмцээнийг эх орон даяар шууд дамжуулах эрх олгох юм.Харин МҮОНРТ шууд дамжуулах эрхээ аваад байна.
Нээлт,хаалтын ажиллагаа сонирхолтой болно.
Тэмцээний нээлт хаалтын ажиллагаанд СУИС, Хөгжим бүжгийн коллежийн шилдэг оюутнуудын урлаг, соёлын тоглолтуудыг явуулахаар БСШУЯ, МОСХолбоо ярьжээ. Мөн тэмцээнд оролцох баг тамирчдыг төрөл бүрийн музей, урлагийн тоглолтуудыг дээрх байгууллагууд хамтран үзүүлэх гэнэ. Тэмцээний нээлт, хаалтан дээр аль болох олон оюутнууд оролцсон тоглолт, бүжиг үзүүлэхээр ГХ-ноос шийдвэрлэв.
ЗБХороо гадаад, дотоодын ЭСЯамдуудтай идэвхтэй ажиллаж байна.
Гадаадын олон орнуудтай ЗБХороо өдөр тутамд харилцан хамтран ажилласны үрээр олон орнуудаас оролцох мэдүүлэг, мэдээлэлүүдийг авчээ. Түүнчлэн Монгол улсад суугаа 20 орны ЭСЯ, гадаадад ажиллаж байгаа манай улсын 28 улсын ЭСЯ-тай ГХЯамны Консулын газраар дамжуулан идэвхтэй ажиллаж байгаа ажээ.ГХЯамны газрын дарга Д.Ганхуяг болон зөвлөх Б.Болд нар энэ ажилд ихээхэн авч холбогдол өгч байна.
Гадаадын тамирчидад визийг үнэ төлбөргүй олгохоор ГХЯам шийдвэрлэжээ.
Гадаадаас ирэх 30 орчим орны 200 гаруй тамирчид Зохион байгуулах хорооны хурлын шийдвэрээр ГХЯамны Консулын газраас тэмцээнд оролцогч оюутан тамирчидад визний хураамжаас чөлөөлжээ. Энэ нь гадаадаас ирэх орнуудын тоо нэмэгдэхэд дэмжлэг үзүүлж байна. Зарим орны тамирчдын визийг Буянухаад олгох ажлыг ГИХАлба гүйцэтгэнэ. Мөн ХЦУЕГ-ын шалган нэвтрүүлэх алба баг тамирчдыг хилээр тусгай шугам гарган шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ авах гэнэ.
Монголын шилдэг оюутнууд улсаа төлөөлөн уг тэмцээнд оролцно.
Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн 2010 оны тэмцээн 4 сарын 29- 5 сарын 1-ны өдрүүдэд Спортын төв ордонд халуухан болж өнгөрчээ. Энэ тэмцээнээс шалгарсан зарим тамирчин өөрийн орныг төлөөлөн манай эх оронд анх удаагаа зохиогдох гэж байгаа Дэлхийн оюутны аваргын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эхний болзолоо хангасан. Гэхдээ зарим жинд энэ тэмцээнд оролцох эрхээ авахын тулд тэд дахиан сонгон шалгаруулалтанд орно. Олимпийн аварга Э.Бадарууган МУИС-ийн оюутан, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Цагдаагийн академийн оюутнууд бөгөөд Монголынхоо нэрээ Улаанбаатарын рингэд гаргах зорилготой бэлтгэл сургуулилтаа Эрдэнэтийн УБҮ-ийн амралтын төвд хийж байна. Монголын шилдэг боксчид бүгд оюутан тул энэ тэмцээний сонгон шалгаруулах спаринг нилээн хатуухан болох нь төлөвтэй байна.
Тэмцээний шилдэг тамирчинд А.Киселевийн цом олгоно.
Тэмцээний хамгийн уран техниктэй, шилдэг тамирчинд ОХУ-ын алдарт тамирчин, олимпийн 2 удаагийн мөнгөн медальт, ОУОСХ-ны ГХ-ны гишүүн агсан А.Киселевийн нэрэмжит цомыг ОУОСХ-ноос гардуулан олгодог уламжлалтай. Энэхүү цомыг ОУОСХ-ноос МОСХолбоонд саяхан ирүүлсэн байна. Энэ тэмцээний эхний 3 байранд шалгарсан тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг гардуулах ба багийн дүнгээр тэргүүлсэн багт цом, диплом гардуулна. Харин Монгол улсаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагналыг Засгийн газрын 2009 оны 326 тоот тогтоолын дагуу 10, 5, 3 сая төгрөгний шагналыг олгох болно.
Тэмцээний ач холбогдол
Энэхүү тэмцээн нь олон улсын түвшинд үнэлэгддэг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд 4 тивийн 40 орчим орны нэр хүндтэй шилдэг тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөх бололцоог Монгол улсад анх удаагаа олдож байгаа юм. Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол улсын тухай гадаад сурталчилгаа олон улсын спортын байгууллагуудын түвшинд ихээхэн амжиллтай явагдсан ба тэмцээний үеэр ч энэ үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.
Манай баг тамирчидын хувьд өөрийн рингэн дээрээ 2008 оны олимпод авсан шигшээ олон медаль хүртэн өмнө үзүүлсэн амжилтаа бататгах, бэлтгэл сургуулилтаа сорих, ур чадвараа сайжруулах, туршлага суулгах таатай нөхцөл бүрдэнэ. Энэхүү тэмцээн нь 2010 оны 11 сард БНХУ-д болох Азийн наадам, 2012 оны Лондонгийн олимпийн өмнөх томоохон сорилт болно. Мөн түүнчлэн манай орны боксын спорт сонирхогчидод өөрийн нүдээр дэлхийн шилдэг тамирчидын тоглолтыг Улаанбаатарын дэвжээнд үзэх боломж олдож, тамирчдын чадварыг харах чухал шалгуур болох юм.
loading...




Сайхан зохион байгуулалттай, чанартай тэмцээн болно байхаа. Мөн шинэ спортын цогцолбортой болж байгаад нийт тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчиддоо баяр хүргье ээ.
Тамирчиддаа амжилт хүсье.
loading...