loading...
Дэлхийн хаан хүүхдүүд нэгэн дээвэр дор
Хүүхдийн цовоо дуу, цоглог уухайгаар хөглөгдсөн олимпийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ дэлхийн багачуудын хүсэл тэмүүлэл эв нэгдэл, олон зууны олимпийн түүхийн бахдам үйл явдлыг хөшгөө нээгээд удаагүй байгаа анхдугаар наадам харуулж байна. Тэдний дуу хоолой ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисийн хөвгүүд, охидын хүсэл тэмүүлэл билээ. Таван тивийн төлөөлөл хүүхдүүдийн цээлхэн дуу, Сингапурын зон олны аж амьдралыг харуулсан үзүүлбэр, гал маналзуулан архирч буй арслан хот, галт үзүүлбэр, урлагийн тоглолт гайхам сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Манай ирээдүйн тамирчид нээлтийн талаарх сэтгэгдлээ ийн хуваалцаж байна.
Н.Оюунболд (Чөлөөт бөх, 100 кг):
Төрийн далбаагаа намируулан алхаж явахад өөрийн эрхгүй самсаа шархирч, Монгол орноороо бахархах сэтгэл төрсөн. Сингапурын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг зорино. Олимпийн тосгон, олимпийн нээлт надад маш их таалагдлаа.
Г.Өлзийбадрах (Усанд сэлэлт):
Олимпийн бамбар бадамлахад сэтгэл маш их хөдөлсөн. Энэ үйл ажиллагааг газар дээрээс нь анх удаа үзлээ.
Г.Шижирбаатар (Хөнгөн атлетик):
Монгол маань ийм том наадмыг эх орондоо зохион байгуулбал хичнээн сайхан бэ. Том том цэнгэлдэх хүрээлэн нэг биш, нэлээн хэд баригдаасай. Хүүхдэд зориулсан ордонтой болбол бидний хүсэл мөрөөдөл биелнэ.
Э.Сүрэнням (Усанд сэлэлт):
Монгол орны төрийн далбааг мандуулах үйл ажиллагаа бүхнээс илүү таалагдсан. Би цаашид сайн тамирчин болохыг хичээх болно.
Залуу олимпийн өсвөр тугч
Өсвөр үеийнхний анхны олимпод төрийн далбаагаа залсан хүүг Н.Оюунболд гэдэг. Тэрбээр 2006 оноос спортын халуун ам бүлд багтсан. Б.Адъяахүү багш нь түүнийг үндэсний болон чөлөөт бөхийн төрөлд данслан бүртгэжээ. Спортоор хичээллэх хугацаандаа Оюунболд чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга болж, Азийн АШТ-ээс хүрэл зүүж амжилтын эхлэлээ тавьсан нэгэн. Түүнчлэн өнгөрсөн жилийн улсын наадмын өсвөр бөхчүүдийн барилдаанд их шөвөгт үлдэж, энэ жилийн цагаан сараар түрүүлсэн ажээ. Одоо 17 настай будаг нь ханхалсан энэ бөх “Аварга-лицей” сургуулийн 11 дүгээр ангийг төгсчээ.
Роггегийн санаа, Сингапурын даваа
Одоогоос есөн жилийн өмнө ОУОХ-ны ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Жак Рогге 14-18 настай хүүхдүүдэд өөрсдийн гэсэн Олимпийн тоглолт үнэхээр үгүйлэгдэж байгааг удаа дараа мэдэгдээд, үүнийг амьдралд хэрэгжүүлэхээ амласан гэдэг. Төдөлгүй энэхүү санаа хүчээ авсаар 2007 оны долдугаар сарын 6-нд Гватемалд өндөрлөсөн ОУОХ-ны 119-р чуулганаас Өсвөр үеийнхний олимпийн наадмыг зохион явуулах төсөл саналыг албан ёсоор дэмжсэн байна. Ийнхүү 2008 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19.00 цагт ОУОХны ерөнхийлөгч нууц дугтуйг задлахад Азийн бяцхан Сингапур “алтан” Москва хотыг өвдөг шороодуулан анхны наадмыг зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай эрхийг авсан түүхтэй. Хоёр жил хагасын дотор Сингапурын төр засгийн газар 387 сая долларын зардал гарган, энэ их үйлсийг бүтээсэн юм.
Кувейтгүй нээлт
“Сингапур-2010” багачуудын олимпод ОУОХ-ны гишүүн 204 орны 3600 гаруй тамирчин спортын 26 төрлөөр 12 хоногийн турш өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн бөгөөд харин Кувейтийн баг тамирчид оролцож чадсангүй. Учир нь Кувейтийн ҮОХ-ны дотоод үйл ажиллагаа руу улс төрийнхөн хөндлөнгөөс оролцож, тус улсын Парламент шууд томилгоо хийхээр бүдүүлэг авирласан тул ОУОХ-ноос Олимпийн хартийг зөрчсөн энэхүү үйлдлийг таслан зогсоож, эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Нээлтийн ёслолыг 27000 үзэгч сонирхож, бүх дэлхийн хоёр тэрбум хүн цэнхэр дэлгэцээр тольдон, 7000 гаруй хүүхэд урлагийн үзүүлбэрт хамрагдсан байна. Спортын наад мын өнгө төрхийг илтгэдэг энэхүү ёслолын ерөнхий продюсерээр В.Teo ажиллаж, уран бүтээлийн туслахаар И.Хөн томилогдон, хөгжмийг И.Исмаил, гэрэл чимэглэлийг K.Фермюллен (Бельги), галт үзүүлбэрийг M.Лейкин (Англи), усан үзүүлбэрийг Ж.Колер (Франц) нар хариуцсан байна.
Сүлд дуу
Наадам болгон өөрийн гэсэн сүлд дуутай байдаг. Одоогоор “Сөүл-1988” олимпийн наадмын дууг хамгийн олон хүний сэтгэл зүрхэнд хоногшсон мартагдашгүй аялгуу гэж үздэг. “Сингапур-2010” наадмын сүлд дууг таван тивийн төлөөлөгч С.Эпплтон (Европ), Л.Мэбой (Америк), Ж.Уильямс (Африк), T.Наусер (Ази), С.Кингстон (Далайн орнууд) нар цоглогоор дуулсныг бид сонссон. Одоо энэ уран бүтээл хэр удаан настай болохыг спорт сонирхогчид л тогтоох үлдлээ.
“Өлгийтэй” бамбар
Аливаа наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол бамбар асаах ёслол. Дэлхийн хошой аварга, залуу дарвуулт завьчин Даррен Чой 2010 оны долоодугаар сарын 23-нд Грекийн Олимпиа уулнаас залж, 3500 багачууд, томчуудын гар дээр өртөөлсөн буухиад цэг тавьж, “Marina Bay” цэнгэлдэх хүрээлэнг олимпизмийн гэрэлт бамбараар гийгүүлэв. Түүнд усанд сэлэлтийн A.Лим, тал байн хоккейн A.Разак, хөлбөмбөгч Ж.Лайт фут, буудагч Ж.Сер нар олимпийн бамбарыг хүргэж өгөх хүндтэй үүргийг гүйцэтгэсэн билээ. 12 хоног дүрэлзэн бадамлах Өсвөр үеийнхний олимпийн наадмын бамбар нь бороо хур, салхи шуурганаас найдвартай хамгаалагдаж, олимпийн түүхэнд анх удаа битүү саванд асах ажээ.
“Нууц ноёнтон”
Олимпийн түүхэнд хоёрхон мөнгөн медальтай (“Ром-1960”, хүндийг өргөлт 67,5 кг-Тан Хоу Лян, “Бээжин-2008”, ширээний теннис эмэгтэйчүүдийн баг) Сингапурын ҮОХ өнөөдөр өсвөр үеийнхний анхны олимпийг эх орондоо зохион байгуулж буй нь ноён Нг Сер Мян-ы сэтгэл, зүтгэлтэй шууд холбоотой. 1980 оны олимпод В.Смирнов, 1984 оныход П.Юберотт, 1988 оныхыг Ким Ун-Ён гээд нэг томоохон зүтгэлтэн нэр нүүрээ ашиглан, асуудлыг шийдэхэд дорвитой нөлөө үзүүлж, саналын хүрдийг санасан чигрүүгээ залсан гэдэг бөгөөд энэ багт ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Нг Сер Мян гарцаагүй орж, өсвөр үеийнхний анхдугаар олимпийг Сингапурт дархалсан гэдэгтэй хэн ч маргахгүй байлгүй.
“Оройн тоо”-той олимпийн тосгон
Уламжлал ёсоор олимпийн тосгоны хэвлэл “YOUNG OLYMPIAN” нэртэйгээр өдөр тутмын сонин болон хэвлэгдэн гарч байна. Монголын багийнхан олимпийн тосгонд Австрали, Колумб, Чили, Лаос, Мьянмар улсынхантай сайн хөршийн харилцаатай аж төрж буй. Спортын тэмцээн уралдаанаас гадна соёл, урлаг, хүмүүжлийн олон талт арга хэмжээ зохиогдох тул тосгоны бүх оршин суугчид хаалтын ажиллагаа дуустал байх хатуу дүрэмтэй. Үдэш болгон оройн тоо хийж, өдөр бүр уулзалт, үдэшлэг нижигнэх Нан-Ян технологийн их сургуулийн газар нутагт уйдах зав гэж үгүй. Удахгүй Азийн өдрүүд эхэлж, Монголын булан ажиллах тул манайхан бас тэмцээнийхээ хажуугаар бэлдсээр.
Залуу одод
Анхны наадамд газар газрын ирээдүйн одод цугласан нь дамжиггүй. Гэтэл өдий насандаа од болж, үе тэнгийнхнээ манлайлсан хүүхэд залуучууд бишгүй ирснээс танилцууулья. Үүнд: Т.Дэйли (Англи, усанд үсрэлтийн дэлхийн аварга), Г.Жексон (Шинэ Зеланд, бөөрөнцөг түлхэлтийн дэлхийн аварга), M.Кучина (Орос, өндрийн харайлтын Европын аварга, 1.90 м), З.Фолдхажи (Унгар, орчин үеийн таван төрөлтийн дэлхийн хошой аварга), K.Резай (Иран, тэквондогийн дэлхийн аварга), Ж.Уорд (Ирланд, боксын дэлхийн аварга), A.Бенгтсон (Швед, тулгууртай харайлтын дэлхийн аварга, 4.47м), M.Таширо (Япон, жүдо, дэлхийн аварга 63 кг), Д.Kушниров (Украин, буудлагын дэлхийн аварга), Гү Ютин (Хятад, ширээний теннисний дэлхийн аварга). Манайхаас тивийн тэмцээний мөнгө, хүрэлтэй Г.Эрдэнэболд (гимнастик), Д.Ананд (бокс), Б.Батцэцэг (Wrestling) нар тэргүүлэгчдийн эгнээнд орно.
Наран Сатод Монгол САТО баяр хүргэв
Олимпизмийн 100 гаруй жилийн түүхэн дэх хамгийн анхны өсвөр үеийнхний олимпийн наадмын хамгийн анхны тэмцээн “East Coast Park”-т өглөөний 09.00 цагт эхэлж, 11 дугаартай манай тамирчин охин Түвшинжаргалын Энхжаргал Монгол Улсын түүхэнд анх удаа ах эгч нараасаа түрүүлэн, триатлоноор олимпод мөрөө гаргалаа. Ус, дугуй, гүйлтийн хоршил энэ адармаатай спортыг зоригтой сонгосон Т.Энхжаргал 33 тамирчнаас 28 дугаар байрт шалгарсан юм. Наран улсын “газар, уснаа явагч” Юүка Сато охин багачуудын олимпийн наадмын хамгийн анхны алтан медалийг хүртэн, шагналын тавцангаас буух үед түүнд Монголын багийн гишүүн САТО хэмээх Ч.Отгонбаатар хамгийн түрүүнд баяр хүргэж, алтан медалийн өлзий хишгээс нь хүртэж амжив.
Монголчуудын тулаан
Өнөөдөр манай хөвгүүдийн спортын гимнастик, охидын чөлөөт бөхийнхөн тулаанд гарах бол залгаад усанд сэлэлт, хөнгөн атлетик, охидын гимнастик, эрэгтэй чөлөөт бөхийнхөн хүч сорино. Алтан соёмбот тугаа залсан Оюунболд одоо дэвжээн дээр хүч чадал, арга техникээ сорих гэж байна. Харин бокс, жүдогийн тэмцээн наймдугаар сарын 21-нд хөшгөө нээнэ.
“Дөрвөн төрөлт”-өөс 26 хүртэлх 40 жил
Тус наадмын хүндэт зочноор уригдсан БТСГ-ын дарга Ч.Наранбаатар насан багаасаа спортод авьяастай нэгэн байсан бөгөөд 1971, 1972 онд болсон социалист орнуудын хүүхдийн дөрвөн төрөлтийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлж байсан удаатай. Тухайн үедээ социалист орнуудын хүүхдийн “миниолимп” байсан энэ тэмцээний аварга маань 40 жилийн дараа 26 төрөл бүхий жинхэнэ бүх дэлхийн хүүхдийн олимпийг сэтгэл хөдлөн үзэж байгаа нь илт. Харин Монголын багийн ахлагчаар Монголын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын их хурлын гишүүн, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн ажиллаж байна. Арван нэгэн залуу тамирчин бүхий багтаа Улаанбаатар хотоос Олимпийн хоёр аварга маань баяр хүргэн, амжилт ерөөсөн илгээлт ирүүлсэн нь хэн бүхний урмыг сэргээж, зоригийг чангалав.
Аваргуудын дүү нар
“Сингапур-2010”-ын нээлтийн ёслол наймдугаар сарын 14 буюу Монголын спортын түүхэнд анхны олимпийн аварга төрсний хоёр жилийн ойн өдөртэй яг давхцав. Одоогоос хоёр жилийн өмнө “Бээжин-2008”-д жүдоч Н.Түвшинбаяр тав давж, олимпийн аварга гэдэг эрхэм цолыг хүртэж байсан бол жүдогийн тамирчин О.Дөлгөөн (66 кг) ганцаараа эрх хүртэж, 17 өрсөлдөгчтэй жинд хүч үзэхээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт бэлтгэлээ базаан байнам. Харин боксын аваргын шийрийг хатаахаар залуу зодоонч Д.Ананд нударгаа зангидан, зоригоо хурцлан буй бөгөөд түүний жинд зургаан боксчин буй.
Өвөөгийн ажил ундарсаар
ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван өчигдөр (VIII.15) олимпийн тосгонд зочилж, өсвөрийн тамирчидтайгаа уулзан цаашдын тэмцээнд нь амжилт хүссэн юм. Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бүхнээ зориулсан тэрбээр олон арга хэмжээнд уригдан оролцож, амрах завгүй ажиллаж байна. Уржигдар тав, өчигдөр дөрвөн том ёслолд оролцжээ. Олимпийн цэнгэлдэхийн хойморт тугаа намируулан орж ирсэн тамирчдадаа биечлэн баяр хүргэх хүндтэй үүрэг түүнд оногдсон билээ.
Ганц дайчин ганцаардахгүй
“Сингапур-2010” олимпийн наадмыг сурвалжлахаар Монголоос телевизийн ганцхан сэтгүүлч ирсэн нь ТВ5 телевизийн Болормаа юм. Ганц дайчин ганцаардахгүй гэгчийн үлгэрийг харуулахаар ирсэн тэрбээр урьд нь өвөл, зуны олимпийн наадмыг халуун цэгээс нь дамжуулсан арвин туршлагатай нэгэн билээ. Маргаашнаас манай тамирчдын тэмцээний гараа эхэлж, телевизийн цэнхэр дэлгэцээр цацагдах бөгөөд энэ хүндтэй үүргийг хүлээсэндээ Болороо баяртай байгаа гэнэ.
Бамбар буухиалсан монгол хүүхдүүд
Сингапурт хөшгөө нээсэн Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын бамбарыг Сөүл хотод хүлээн авах ёслол наймдугаар сарын 4-нд болоход Монгол Улсыг төлөөлж Жаргалсайханы Гантогтох, Нямдаваагийн Сараа нар оролцлоо. 20 орчим орны хүүхдүүд энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, Сөүл хотын орлогч дарга, “Сингапур-2010” Хүүхдийн анхдугаар олимпийн наадмыг ЗБХ-ны дарга нар баяр хүргэж, үг хэлсэн байна. Энэ үеэр Сингапур, БНСУ-ын хамтарсан урлагийн тоглолт мөн болсон юм.
loading...




Сонирхолтой, монголынхоо ирээдүй болсон нийт тамирчиддаа амжилт хүсье.
loading...
mongoliinhoo ireedui bolson ta nartaa sportiin undur amjilt hisie. ta nar odoo eh ornii huuhduud shuu
loading...