loading...
CHESS Манай шатарчид Чехийн тэмцээнд оролцов
Саяхан Чех улсад их мастерын (GM) болон олон улсын мастерын (IM) ангиллаар зохиогдсон “Оломоуц-2010” олон улсын тэмцээн тус бүр нь 10 шатарчинтай 6 хэсэгт тойргоор явагджээ.
2439 дундаж чансаатай “GM-III” хэсэгт Украины ИМ В.Андрей 7 оноогоор түрүүлэн Болгарын ИМ Я.Евгений 6 оноотой удаалж 5,5 оноотой манай ОУМ Ц.Батчулуун 3-р байрт шалгарсан ОУМ М.Сергейг хожсон ч коэффициентоор 4-р байр эзэлжээ. 2433 дундаж чансаатай “GM-I” хэсэгт ИМ Т.Батчимэг 4 оноогоор 6-р байрт, 2273 дундаж чансаатай “IM-III” хэсэгт ОУМ Д.Янжиндулам 5 оноотой 6-р байрт тус тус шалгарчээ.
Хятадын багийн ялалт
Энэ сарын 5-14нд БНХАУ-ын Нинбо хотод манай урд,умард хөршүүдийн багийн уламжлалт халз тулаан сонгодог болон рапид (түргэвчилсэн) төрлөөр 7 дахь удаагаа явагдаж эрэгтэй,эмэгтэй баг тус бүрд 5 шатарчин тогложээ.Сонгодог шатрын 5 тавилд хятадын баг 27:23 харьцаагаар, рапид тоглолтын 4 тойрогт мөн хятадын шатарчид 101:99 харьцаагаар ялсан байна.
Залуу одод хошуучилж байна
Энэ сарын 12-22ны өдрүүдэд Голландын Амстердам хотноо “Туршлага – Залуу одод” хэмээх уламжлалт тэмцээн хоёр тойргоор явагдаж байна.”Туршлага” багт Б.Гельфанд (Израиль,2739), П.Свидлер (ОХУ,2734), П.Нильсен (Дани,2700), Л.Вели (Голланд,2677), Л.Любович (Серб,2572) нар “Залуу одод” багт Х.Накамура (АНУ,2729), Ф.Каруана (Итали,2697), У.Со (Филиппин,2674), А.Гири (Голланд,2672), Д.Хауэлл (Англи,2616) нар тоглож байна. Ялсан багийн тамирчид 2000, ялагдсаных нь 1000 евро хүртэх бөгөөд оноо бүр 500 евроны шагналтай ажээ.Мөн дээд амжилт үзүүлсэн залуу шатарчин 2011 оны “Амбер” тэмцээнд оролцох эрхээр шагнуулах гэнэ.
Тэмцээний 3 тавилын дараа залуусын баг 9,5:5,5 харьцаагаар хошуучилж явна.
Дайчин тоглолт бүхий нэг өргийг сонирхуулъя.
Ф.Каруана – П.Свидлер
Шатрын академийн ордны нээлт удахгүй болно
Ирэх 9-р сарын 19нөөс 10-р сарын 4ний өдрүүдэд ОХУ-ын Ханты-Мансийскт зохиогдох дэлхийн шатрын олимпиадын бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдсэн Шатрын академийн барилгын цогцолбор энэ сарын эцсээр ашиглалтад орно.Энэ ордон 2845 шоо метр талбайтай,
тэмцээний болон хурлын заалууд,компьютерын төв зэрэг зориулалтын олон өрөө,танхимтай ажээ.Дэлхийд хосгүй загвар,бүтэцтэйд тооцогдож буй энэ байгууламжийг Голландын нэрт архитектор Э.ван Эгераатын төслөөр бүтээжээ.
loading...




