Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Жона Стрит тасархай түрүүллээ

GD Star Rating
loading...

Фотог: Э.Харцага

Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотоос гараагаа хийсэн “Монгол ралли” автомашин, мотоциклийн олон улсын уралдаан өнгөрөгч даваа гаригт өндөрлөж, дүнгээ гаргалаа. Зургаан орны 37 мотоциклч болон автомашины 18 баг оролцсон энэхүү раллид АНУ-ын алдарт мотоциклч Жона Стрит тасархай тэргүүллээ. Энэ төрлийн уралдааны хамгийн хүндэд тооцогддог “Дакар ралли”- д тавдугаар байрт шалгарч байсан туршлагатай тэрбээр “Монгол ралли”-гийн долоон гарааны тавд нь торгон жолоо өргүүлж, хоёрт нь эхний тавд шалгарсан байна. Уралдааны замын зураг унших эрдэмд гаргуун гэгддэг Жона Стрит гараанд түрүүлэхдээ арын нэхэгчдээсээ дор хаяж хагас цагийн зайтай барианд орж байсан ба хэрэв өмнөө хүн оруулбал ердөө л арав хүрэхгүй минутын зөрүүтэй хоцорч байжээ. Тиймээс долоон гарааны нийлбэрээр Стрит дэд байрт шалгарсан Н.Лхамаагаас гурван цагаар илүүрхсэн байна. Автомашины төрөлд Монголын дөрвөн экипаж эхний дөрвөн байрыг эзэлсэн. Өмнө нь “Монгол ралли”-д мотоциклийн төрлөөр өрсөлдөж байсан цөөнгүй тамирчин энэ удаа штурман буюу чиглүүлэгчийн үүрэгтэйгээр автомашин хөлөглөн уралдсан юм. Өмнө нь “Ралли Рэйд” нэртэй байсан Монголын олон өдрийн раллид энэ жил анх удаа ачааны автомашин уралдсан нь Т.Сүгавара, С.Сүзүки нарын жолоодсон “Хино” байлаа. Тэд ч боломжоосоо дээгүүр амжилт үзүүлж, автомашины төрөлд тавдугаар байрт шалгарчээ. “Монгол ралли”-д цөөнгүй бүсгүй ур чадвар, тэсвэр хатуужлаа сорьсны дийлэнх нь япончууд байв. Хэдийгээр тэд дээгүүр байр эзлээгүй ч ихэнх нь 3000 гаруй км замыг туулж, бариандаа хүрсэн байна. Уралдааны замаа бүрэн дуусгасан тамирчдад баяр хүргэсэн батламж гардуулах үед зоригт бүсгүйчүүд уралдаж тэмцэлдэж байсан ч тусалж дэмжиж явсан эрчүүддээ талархал илэрхийлж байлаа. Тал хээр, говь хангайн түмэн бэрхшээлийг гэтлэн барианд орсон гадны уралдаанчид Монголын үзэсгэлэнт байгалийг биширч, дахиж манай оронд ирэхээ амлаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй.

Дашрамд дурдахад энэ сарын 25-нд “Хөх хот-Улаанбаатар” олон улсын ралли мөн зохиогдох ажээ.

МОНГОЛ РАЛЛИ-ГИЙН ДҮН

Мотоцикл

1.Жона Стрит (АНУ/Ямаха) 35 цаг 53 минут 58 секунд

2.Н.Лхамаа (Монгол/КТМ) 39:05,53

3.Казүхито Фүкакүса (Япон/Хонда) 39:41,51

4.Фабиан Горлах (Герман/КТМ) 41:11,46

5.Л.Жаргалсайхан (Монгол/Хонда) 43:47,06

6.Таканэ Шюүжи (Япон/КТМ) 43:47,55

7.Э.Амгалан (Монгол/КТМ) 45:04,51

8.Майк Ширли (АНУ/КТМ) 45:09,13

9.Карл-Хайнц Дерш (Герман/КТМ) 45:56,45

10.Юүжи Китагава (Япон/КТМ) 46:48,34

Автомашин

1.С.Лхагвасүрэн, Б.Сүх-Очир (Монгол/Мицүбиши) 37:00,08

2.Ч.Анар, Б.Амартайван (Монгол/Мицүбиши) 37:48,31

3.Бямбаноров, Ш.Гансүх (Монгол/Тоёота) 39:07,15

4.Т.Саруулхангай, Б.Гантулга (Монгол/Тоёота) 40:47,22

5.Тэрүхито Сүгавара, Сэйичи Сүзүки (Япон) 41:51.21

6.Ш.Гомбодорж, Г.Батзаяа (Монгол/Тоёота) 42:01,58

7.Б.Батболд, Б.Батзориг (Монгол/Ниссан) 47:41,20

8.Такэми Мацүно, Казүнори Ито (Япон/Тоёота) 47:47,49

9.Стефани Маннс, Бенжамин Цирбус (Герман, Лэнд Ровер) 48:16,12

10.Ёшимаса Сүгавара, Хироюки Сүгиүра (Япон/Сүзүки) 49:06,01

GD Star Rating
loading...
Жона Стрит тасархай түрүүллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: