Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Онцлог ДАШТ-ий таамаг

GD Star Rating
loading...

Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд 21 хоног үлдлээ. Хоёр жил тутамд зохиогддог байсан энэ тэмцээн анх удаа тэгш тоотой жилд болох гэж буй, мөн нэг улсаас нэг жинд хоёр тамирчин оролцохыг зөвшөөрсөн гэх мэт олон онцлогтой болох 2010 оны ДАШТд одоогоор 92 орны 506 эрэгтэй, 305 эмэгтэй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Зохион байгуулагч Япон болон БНСУ-аас эрэгтэй, эмэгтэйчүүдийн бүтэн багтай (32 тамирчин) оролцох бол ОХУ, АНУ-аас тус бүр 16 эрэгтэй, 15 эмэгтэй, БНХАУ-аас 14 эрэгтэй, 16 эмэгтэй бөхөө ДАШТ-д сойжээ. Манай улсаас 16 эрэгтэй, есөн эмэгтэй жүдоч Токиод хүч үзэх болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэмцээний мэдээллээс үзэхэд эрэгтэйчүүдийн 73 кг-д хамгийн олон бөх (80) өрсөлдөх нь. Түүнчлэн 81 кг-д 74, 66 кг-д 72 тамирчин оролцох болсон нь наанадаж 4-5 ялахгүй л бол медалийн тухай саналтгүй гэдгийг харуулж байна. “Лондон-2012” олимпийн наадмын эрх авахад чухал түлхэц болох учиртай “Токио-2010” ДАШТ-ий урьдчилсан таамгийг “ТЦ” гаргахыг оролдлоо. Эхний ээлжинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн PREVIEW-г танилцуулъя.

60 кг (69 бөх)

Энэ жингийн оролцогчдыг харж байхад бараг бүгдээрээ IJF-ийн чансааны эхний 100-д багтах тамирчид ажээ. ТОП-10-ынхнаас №10-т эрэмбэлэгддэг БНСУ-ын Чой Гван-Хён л Токиог зорих багийнхаа бүрэлдэхүүнд багтсангүй. Түүнийг өнгөрөгч оны сүүлчээр Сүвоний Дэлхийн цом, Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртэж, энэ жил Парисийн их дуулгад медалийн төлөө барилдан, Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн залуу тамирчин Жан Жин-Минь (21 настай, чансааны №29), олимп, ДАШТ-ий дэвжээнээс тус бүр алт, хүрэл медаль хүртсэн хашир туршлагатай Чой Мин-Хо (№79) нар шахжээ. 2008 оны олимпийн аварга Чой Мин-Хогийн хувьд 2009 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриковт ялагдсанаасаа хойш олон улсын хэмжээнд бараг барилдаагүй юм. Хэдий солонгос бөхчүүд ямар ч тэмцээнээс медаль авах хэмжээнд яригддаг ч энэ жил дээрх хоёр бөхийн хэн хэн нь шагналын тавцанд гарч чадахгүй болов уу. Энэ жингийн чансааны тэргүүн бөх Ришод Собиров 2010 он гарсаар оролцсон тэмцээн бүртээ аваргын төлөө өрсөлдөн, ид формтой байгаа. Тэрбээр Мастерс, Тунисийн гранпри, Москвагийн Их дуулгад түрүүлж, Парис, Рио-де-Жанейрогоос мөнгөн медаль хүртсэн. Узбекистанаас түүний хамт 2008 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Габит Эсимбетов (№53) Токиод очиж байгаа юм. Энэ жингийн хоёр, дөрөвдүгээрт эрэмбэтэй япон бөхчүүд ДАШТ-д зодоглох ба тэднээс Хироаки Хираока саяхан Рио-де-Жанейрогийн гранприд л ганц удаа узбек жүдочийг сөхрүүлжээ. 2008 онд Азийн АШТ-д түрүүлснээсээ хойш оролцсон тэмцээн бүртээ дэд байрт (2009 оны ДАШТ мөн орно) шалгарч ирсэн Хираока жингийнхээ тэргүүн бөхийг тийн ялж, алт авдаггүй цувралаа тасалсан. Өнгөрсөн жилээс чансааны эхний найман тамирчныг оноолтод салгах дүрэм үйлчилж эхэлснийг уншигчид мэдэх биз ээ. Хэрвээ “ТОП-8” эрсдэлгүйгээр шөвгийн наймд шалгарвал Собиров ялж гаршсан Фүкүокатай хагас шигшээд барилдах магадлалтай. Францын баг 60 кг-д ганцхан хүн (№12 Софиан Милоу) илгээснээр Бээжингийн олимпод V байрт шалгарсан, тэсрэлттэй, хурдтай барилдаантай Димитри Драгин гэртээ үлджээ. Мөн Латин Америкийн орнуудаас жүдо бөхийн хөгжлөөр толгой цохидог Кубаас эрэгтэйчүүдийн доод гурван жинд тамирчин оролцуулахгүй болсон нь хачирхалтай шийдвэр юм. Манай улсаас энэ жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Дэлхийн цомын гурван алтан медальтай Д.Төмөрхүлэг, энэ жилийн улсын аварга, Москвагийн Их дуулга, Чингис хаан Дэлхийн цомын хүрэл медальт Д.Амартүвшин нар ДАШТ-д хүч үзэх билээ. “ТЦ”-ийн таамаглал (медалийн төлөө өрсөлдөх найман бөх):

Ришод Собиров (Узбекистан), Хироаки Хираока (Япон), Георгий Зантарая (Украин), Людвиг Пайшер (Австри), Элио Верде (Итали), Софиан Милоу (Франц), Беслан Мудранов (ОХУ), Амиран Папинашвили (Армен)

P.S: Монголчууд сайн зүйлийг зөгнөхөд амны билэг хэмээн бэлгэшээдэг ч бас цагаан хэл ам хүрнэ хэмээн цээрлэдэг. Тиймээс хэн нь ч медальд хүрэхэд гайхахааргүй авьяаслаг бөхчүүдээ онцолж энэ жагсаалтад дурдсангүй.

48 кг (50 бөх)

Эмэгтэйчүүдийн хөнгөн жинд хамгийн их толгойгоо гашилгаж бөхөө сонгосон улс нь мэдээж Япон. 48 кгын ТОП-16-д таван наран бүсгүй багтсан бөгөөд Японы дасгалжуулагчид чансааны гуравдугаарт бичигддэг, энэ жил Парис, Москвагийн Их дуулгад түрүүлсэн Эми Ямагишиг бус, анхдугаар Мастерсын аварга Харүна Асамиг дэлхийн аварга, чансааны тэргүүн бөх Томоко Фүкүмигийн “дайвар”-аар сонгосон. Жүдо бөхийн өлгий нутаг Японы тив, дэлхийн АШТ-д оролцох багаа шалгаруулдаг журам нь жингийн шилдэг найман бөхийн тэмцээн бөгөөд үүнд Х.Асами үзүүрлэж, өндөр эрэмбэтэй өрсөлдөгчийнхөө өмнө гишгэсэн юм. Ингэснээр алдарт Рёоко Таниг залгамжлагч хэмээгдэж буй, сүүлийн хоёр жилд тоотой хэд бүдэрсэн Т.Фүкүмигийн хамгийн хэцүү өрсөлдөгч нь ДАШТ-д үзэгчээр оролцох болсон. Эми Ямагиши 2009, 2010 оны Парисийн Их дуулгын хагас шигшээд Томоко Фүкүмиг ялж байсан юм. Харүна Асами “Токио-2010”-т зодоглох болсноор энэ жинд нэг л япон бөх финалдах магадлал бий болсон. Учир нь ДАШТд оролцогчдын чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Харүна хагас шигшээд хүрвэл нутгийн бөхтэйгөө таарах боломжтой. Тэд энэ жил Мастерст мөн хагас шигшээд хүч үзэхэд Харүна ялж байсан билээ. Олимпийн аварга А.Думитру (№6) өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр гэмтэл авч, нэг хэсэг дэвжээнээсээ хол байсан ч энэ жил Европын АШТ-д өнгөтэй түрүүлсэн. Мөн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг авсан Францын Ф.Жоссине энгэртээ алтан медаль гялалзуулах хүсэл тээсээр буй нь тодорхой. Гэхдээ эдгээр туршлагатай жүдочдоос илүү Бразилийн 20 настай тамирчин, залуучуудын дэлхийн хошой аварга Сара Менесес л Томоко Фүкүмитэй түрүү булаацалдах магадлал өндөр. Манай улсаас 48 кг-д М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ нар барилдана. Энэ жинд Украин, Голландаас бөх аваачихгүй ба Бразилаас ганц л тамирчинтай очих юм.

ТЦ”-ийн таамаглал (медалийн төлөө өрсөлдөх найман бөх):

Томоко Фүкүми (Япон), Фредерик Жоссине (Франц), Чун Жун-Ён (БНСУ), А.Думитру (Румын), Сара Менесес (Бразил), Н.Кондратьева (ОХУ), М.Бащин (Герман), Ү Шүгень (БНХАУ)

GD Star Rating
loading...
Онцлог ДАШТ-ий таамаг, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: