loading...
Аргентиний хурц од Хуан мартин дель Потро Америкийн нээлттэй тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Өнгөрсөн нэг сард авсан бугуйны бэртэл нь одоо болтол түүнийг зовоосоор байгаа юм. Теннисний мэргэжилтнүүд түүнийг ”US open”-оос өмнө эргэж ирнэ гэж найдаж байсан ч ийнхүү талаар боллоо.
Энэ талаараа дель Потро албан ёсны сайтдаа”Фенүүд болон намайг дэмжиж, тусладаг бүх хүмүүсээс уучлалт хүсье. Би дөнгөж бэртлээ эдгээгээд 2 долоо хонож байгаа болохоор өндөр түвшний тэмцээнд оролцоход арай эрт байна. Өнгөрсөн жил би Нью Иоркт карьерийнхаа хамгийн гайхалтай мартагдашгүй ялалтыг байгуулсан. Гэвч аваргаа хамгаалж чадахгүй болсон нь харамсалтай байна. Юу ч гэсэн 2011 онд Нью Иоркт эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэмцээний зохион байгуулагчид болон тамирчдадаа амжилт хүсье” хэмээжээ.
Өдгөө 22 настай Аргентин эр өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж анхны Их Дуулгын түрүүгээ хүртсэн. Финалын тоглолтонд алдарт Федерерийг 5 сет үргэлжилсэн ширүүн тулааны эцэст ялсан тэрээр 1977 оноос хойш Их Дуулгад түрүүлсэн анхны Аргентин теннисчин болсон юм. Мөн хамгийн өндөр (198 см) Их Дуулгын ялагч, Надаль, Федерерийг Их Дуулгад дараалан ялсан анхны теннисчин болсон билээ.
Энэ жилийн US Open-ий эрэгтэйчүүдийн чансааг Надаль тэргүүлж байгаа. Харин түүний араас Федерер, Жокович, Мюррэй гэж жагссан.
Эмэгтэйчүүдийн хувьд Данийн залуу теннисчин Каролин Возняцки чансааг тэргүүлнэ. Учир нь дэлхийн чансааны номер 1 Серена Уйльямс бэртлийн улмаас тэмцээнийг өнжихөөр болсон юм. Тодруулбал өнгөрсөн 6 сард Серена Германд тэмцээнд оролцож байхдаа хөлөө шилэнд зүсэж хүнд бэртэл авсан. Энэ бэртэл нь түүнийг зуны турш ямар ч тэмцээнд оролцох боломжгүй болгосон. Албан ёсны сайтад бичсэнээр Серена 9 сарын сүүлээр эргэж ирэх юм байна.
Энэ жилийн US open 8 сарын 30-нд нээлтээ хийж 9 сарын 12-нд аваргуудыдаа тодруулж, хаалтаа хийх болно.
loading...



