Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Онцлог ДАШТ-ий ТААМАГ #2

GD Star Rating
loading...

Есдүгээр сарын 9-13-нд Японы Токио хотноо зохиогдох жүдо бөхийн ДАШТ-ий урьдчилсан таамгийг “ТЦ” уншигчидтайгаа хуваалцаж буй билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кгын прогнозыг танилцуулъя.

66 кг (75 бөх)

Тогтвортой амжилтын илэрхийлэл болсон чансааны эхний 30 бөхөөс 28 нь Токиод хүч үзнэ. ДАШТ-д оролцох багтаа багтаж чадаагүй хоёр азгүйтэн нь олимпийн хошой аварга Масато Үчишиба (№27) болон Камал Хан-Магомедов нар. Үчишибагийн хувьд өнгөрсөн жилийн Универсиадын аварга Масаши Эбинүма (№7), 2009 оны залуучуудын дэлхийн аварга Жюнпей Моришита нарын 20 настнуудад шахагджээ. Түүнчлэн олимп, ДАШТ-ий V байрын шагналт Алим Гаданов (№2), энэ жил амжилтаараа гэнэт цойлсон Муса Могушков (№8) хоёрын хажуугаар дайрах боломж Хан-Магомедовт гарсангүй. Гадановын хувьд хоёр жил дараалан медалийн оосроос атгаад алдсан азгүйтлээ таслахаар “хөмхий зуун” бэлтгэсэн нь дамжиггүй. Куба “Токио-2010” ДАШТ-д эрэгтэйчүүдийн доод гурван жинд бөхийн нэр өгөөгүй тул олимпийн хошой хүрэл медальт Йорданис Аренсибиа энэ удаа барилдахгүй болжээ. ДАШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан тэрбээр өнгөрөгч оны эхээр 73 кг-д хүч үзэж, хэд хэдэн тэмцээний шагналын тавцанд гарсан билээ. Мөн “Бээжин-2008” олимпийн наадамд Масато Үчишибатай түрүү булаацалдсан Бенжамин Дарбелье (№46) энэ жилээс 73 кг-д барилдах болсон. 2005, 2007 оны дэлхийн аварга Жоао Дерли өнгөрсөн жил Рио-де-Жанейрод зохиогдсон Их дуулгад медальгүй үлдсэнийхээ дараачаас олон улсын тэмцээнд харагдахаа больсон. Дэлхийн хошой аваргын нутгаас энэ жинд Леандро Кунья (№15) ганцаараа зодоглоно. Монгол жүдочдын хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа 66 кг-ын жингийн анхаарал татах бөхчүүдийн тоонд сүүлийн гурван ДАШТ-д хүрэл медаль хүртсэн Миклош Унгвари гарцаагүй орно. Тэрбээр энэ жил Европын АШТ-д үзүүрлэж, олимпийн эрхийн оноог бодож эхэлсэн Тунисийн гранпригээс мөнгөн медаль хүртэн, Москвагийн Их дуулгад гуравлаж өнгөтэй байгаагаа харуулсан. Энэ жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Х.Цагаанбаатар аваргын хэргэмээ хамгаалахаар Токиог зорих бол “Мастерс”-ын түрүүт С.Мияарагчаа ДАШТ-д хоёр дахь удаагаа хүч үзнэ. С.Мияарагчаа 2007 оны ДАШТ-д есдүгээр байрт шалгарсан билээ.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (Медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Алим Гаданов, Муса Могушков (хоёул ОХУ), Миклош Унгвари (Унгар), Сугои Уриарте (Испани), Ан Жён-Хван (БНСУ), Рок Дракшич (Словен), Давид Ларос (Франц), Японы хоёр жүдочийн нэг нь

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам

1.Масато Үчишиба (Япон) 2.Йозеф Крнач (Словак) 3.Йорданис Аренсибиа (Куба), Георгий Георгиев (Болгар)

“Каир-2005” ДАШТ

1.Жоао Дерли (Бразил) 2.Масато Үчишиба (Япон) 3.Араш Миресмаэли (Иран), Миклош Унгвари (Унгар)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Жоао Дерли (Бразил) 2.Йорданис Аренсибиа (Куба) 3.Араш Миресмаэли (Иран),Миклош Унгвари (Унгар)

“Бээжин-2008” олимпийн наадам

1.Масато Үчишиба (Япон) 2.Бенжамин Дарбелье (Франц) 3.Йорданис Аренсибиа (Куба), Пак Чол-Минь (БНАСАУ)

“Роттердам-2009” ДАШТ

1.Х.Цагаанбаатар (Монгол) 2.Сугои Уриарте (Испани) 3.Миклош Унгвари (Унгар), Ан Жён-Хван (БНСУ)

52 кг (48 бөх)

Энэ жил чансааны оноо олгох олон улсын тэмцээнүүдэд амжилттай барилдаж, эрэмбээрээ жиндээ тавдугаарт жагсах болсон Хө Хунмейг БНХАУ-ын шигшээ баг бүрэлдэхүүндээ авсангүй. Өнгөрсөн жил Азийн аварга болж, ДАШТ-д медалийн төлөө барилдаад ялагдсан түүний оронд №31 Хө Цаньцань, №61 Жан Личуань нар Токиог зорих аж. Япончуудын хувьд энэ жинд зодоглох бөхөө сонгох гэж 48 кг-ынх шиг толгойгоо гашилгах шаардлага байсангүй. 2009 онд Парисийн Их дуулгын хагас шигшээд хожигдсоноосоо хойш ялагдал гэдгийг мэдэхгүй яваа Мисато Накамура тэргүүн сонголтоор ДАШТ-ий багт орж, 2007 оны ДАШТ-ий хүрэл медальтай Юүка Нишида хоёр дахь хүнээр нэрлэгджээ. 2009 оны ДАШТ-д чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэн барилдаад эхний тойрогт манай бөх М.Бундмаад ялагдаж байсан ОХУ-ын Наталья Кузютина энэ удаа “дагавар магнай” болжээ. Бельгиэс “Токио-2010” ДАШТ-д тоотой хэдэн жинд л тамирчнаа илгээсэн ба үүнд 52 кг-ын жингийн №7-д чансаатай Илсе Эйлен багтсангүй. Түүнчлэн энэ жинд дэлхийн чансааны ТОП-30-д таван төлөөлөл нь багтдаг Франц улс ганцхан Пенелопе Боннаг (№13) л Токиод барилдуулах аж. Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай куба жүдоч Янет Бермой энэ удаа мэдүүлэгт Янет Акоста (№9) нэрээр бичигджээ. Өмнө нь 48 кг-д барилддаг байсан тэрбээр өнгөрсөн жил анх удаа 52 кг-д ДАШТ-д өрсөлдөөд финалд Японы Мисато Накамурад дийлдсэн билээ. Энэ жингийн анхаарал татах өөр нэг бөх бол Косовогийн албани гаралтай жүдоч Майлинда Келменди (№18). Улс нь Олон улсын жүдо бөхийн холбоонд хараахан гишүүнээр элсээгүй байгаа тул тэр IJF-ийн тугийн дор оролцоно. Хоёр ДАШТ-д шагналт байрт шалгарсан М.Бундмаа энэ удаа медальт байрт шалгарахын төлөө барилдах нь тодорхой.

“ТЦ”-ИЙН ТААМАГЛАЛ (Медалийн төлөө өрсөлдөх найман бөх)

Мисато Накамура, Юүка Нишида (хоёул Япон), Ана Карраскоса (Испани), Янет Акоста (Куба), Эрика Миранда (Бразил), Майлинда Келменди (IJF-Косово), Ким Кюн-Ок (БНСУ), Сорая Хаддад (Алжир)

ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД

“Афин-2004” олимпийн наадам

1.Сянь Дунмей (БНХАУ) 2.Юүки Ёкосава (Япон) 3.Илсе Эйлен (Бельги), Амарилис Савон (Куба)

“Каир-2005” ДАШТ

1.Ли Ин (БНХАУ) 2.Юүки Ёкосава (Япон) 3.Ан Кум-Ай (БНАСАУ), Тельма Монтейру (Португал)

“Рио-де-Жанейро-2007” ДАШТ

1.Ши Жүньжиэ (БНХАУ) 2.Тельма Монтейру (Португал) 3. Ан Кум-Ай (БНАСАУ), Юүка Нишида (Япон)

“Бээжин-2008” олимпийн наадам

1. Сянь Дунмей (БНХАУ) 2.Ан Кум-Ай (БНАСАУ) 3.Сорая Хаддад (Алжир), Мисато Накамура (Япон)

“Роттердам-2009” ДАШТ

1.Мисато Накамура (Япон) 2.Янет Бермой (Куба) 3.Ана Карраскоса (Испани),Роми Тарангул (Герман)

GD Star Rating
loading...
Онцлог ДАШТ-ий ТААМАГ #2, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Tsagaanaa chin Афинd xurel avaagui bilvv 60kgd avluu yalaa xariulaadaxaach

    GD Star Rating
    loading...
  2. Jet says:

    ene 66 kg ig bichsen bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: