loading...
Сагсан бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд тохиолдож байсан онцгой үйл явдлуудыг сонирхуулья.
Жулиус Нвосугийн шийтгэл
1998 он Нигерийн шигшээгийн хүчний довтлогч Жулиус Нвосугийн хувьд оргил үе нь байлаа. Тэрбээр ДАШТ эхлэхээс хоёр жилийн өмнө ОХУ-ын Армийн “ЦСКА” багийн бүрэлдэхүүнд тоглож, Оросын аварга болоод байв. Харин Грект болсон ДАШТийг тэр таагүй дурсамжаар үдсэн билээ. “Грек-98”-ын үеэр Жулиус сэргээшийн шалгалтад бүдэрч, тэмцээнийг дуусгаж чадалгүй хасагдсан юм. Түүний шинжилгээнээс эфедрин илэрсэн аж. Хамгийн харамсалтай нь тэрбээр санаатай сэргээш хэрэглээгүй бөгөөд тэмцээн эхлэхийн өмнөхөн зах дээрээс авч идсэн зүйл нь түүнийг сэргээшийн шалгалтад бүдрэхэд хүргэсэн гэдэг.
Югославын бойкот
Анхны юм бүхэн алдаа, дутагдалтай байх нь мэдээж. Тэр ч ёсоор 1950 онд зохиогдсон анхны ДАШТ-д инээдтэй, сургамжтай явдал олон гарч байв. Америкчууд урьдын адил их зан гаргаж, мэргэжлийн сагсан бөмбөгчдийг бус, зүгээр л “Шевроле” үйлдвэрийн хэдэн ажилчныг Аргентин руу илгээж байв. Хачирхалтай нь тэдгээр залуус тав дараалж хожин шигшээд шалгараад нутгийн эздэд дийлдэж байжээ. Мөн аргентинчууд финалд авсан 64 онооныхоо тэн хагасыг торгуулийн шидэлтээс цуглуулсан, Франц-Египетийн тоглолт 31:28-аар өндөрлөсөн гээд хөгийн баримт олон. Гэхдээ тэмцээний хамгийн том дуулианыг Югославын шигшээ дэгдээсэн юм. Тэд есдүгээр байрын төлөө Испанитай өрсөлдөхөөр болсон ч дарангуйлагч Франкогийн дэглэмийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн тоглохоос татгалзаж, ДАШТ-ий түүхэнд анхны бойкотыг зарлаж байжээ.
Амаури, Маркешийн оргил цаг
Улс төрийн бойкот 60-аад оны эхээр намжсан ч бага сага үйл ойлголцол гарсаар л байв. Тухайлбал 1963 оны ДАШТ Манилад явагдах болоод байхад филиппинчүүд ЗХУын шигшээг оролцуулахаас татгалзсан юм. Үүнийх нь хариуд FIBA ДАШТ-ий эрхийг Бразилд шилжүүлж, Филиппиний Сагсан бөмбөгийн холбоог хоёр мянган доллараар торгож, тус улсын шигшээ багийг дараагийн хоёр ДАШТ-д оролцох эрхийг нь хасчээ.
Дөрвөн жилийн өмнө Сантьягод болсон ДАШТ-д торгон жолоо өргүүлээд байсан бразилчууд энэ удаа ч нутаг дээрээ босоо байж, бүх өрсөлдөгчөө түвэггүй ялан аваргалсан байна. Тухайн үед Бразилд Антонио Пасоса Амаури, Вламир Маркеш гэсэн хоёр сагсан бөмбөгч Пеле, Гарринчагаас дутахааргүй шүтэгдэж байжээ. Учир нь энэ хоёр тоглогч багаа хоёр дараалан аваргалахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Амаури нь 1959 онд, Маркеш нь 1963 онд ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан түүхтэй. Тэд мөн хамтдаа ДАШТ-ээс хоёр мөнгөн медаль хүртэж байв.
Оскарын мөнхийн амжилт
ДАШТ-ий түүхэнд нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч бол БНСУ-ын Я Хуру юм. Тэрбээр 1990 оны ДАШТ-д Египетийн эсрэг хийсэн тоглолтод багтаа 62 оноо нэмэрлэж, солонгосчууд өрсөлдөгчөө 117:115-аар хожиж байжээ. Харин Бразилийн Оскар Шмидтийн амжилт түүнийхээс илүү сүрдэм. Тэрбээр 1978-1990 он хүртэл дөрвөн ДАШТ-д оролцохдоо нийт 916 оноо авч, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон юм. Нийт авсан оноогоороо хоёрт бичигддэг Австралийн Эндрью Газе 599 оноотой гэхээр тэр ямархуу агуу амжилт үзүүлсэн нь ойлгогдоно. Түүний оролцсон сүүлийн ДАШТ-д шигшээ баг нь медаль хүртэж чадалгүй тавдугаар байрт орсон ч Оскар нэг тоглолтод дунджаар 35.5 оноо авч, мөн л эвдэхэд бэрх дээд амжилт тогтоосон юм.
Шүүгч санаатай алдав уу, эсвэл…
1967 оны ДАШТ-д Оросын шигшээ баг түрүүлэхдээ хоёрдугаар шатанд Америкт ганц хожигдсон. Тэр тоглолт тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж байв. Тооны харьцаа 54:54 болж тэнцсэний дараа америкчууд довтолгооны 30 секунддээ амжин довтолж чадсангүй.
Гэвч үүнийг нь талбайн шүүгч анзааралгүй өнгөрөөсөн бөгөөд хажуугийн шүүгч Америкийн довтлох хугацаа дууссаныг сануулан шүглээ үлээжээ. Оросын Вольнов Америкийн тоглогчоос бөмбөгийг нь булаан авч, тоглолто оруулахаар завдав. Гэтэл шүүгч түүнд алдаа үлээж, америкчуудад торгуулийн шидэлт хийх эрх өгөх нь тэр. Үүнээс болж маргаан болж, Америкийн баг тоглолтыг орхин гарч одов.
Хагас цагийн дараа америкчууд талбайд эргэн орж ирсний дараа шүүгчид зөвлөлдөөд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээснээ зарлалаа. Харин энэ удаа оросууд дээрх шийдвэрийг эсэргүүцэн талбайг орхиж гарав.
Тухайн үед FIBA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ренато Уильям Жорж оросуудыг тэмцээнээс хөөнө гэж сүрдүүлэн байж буцаан авчирчээ. Ингээд тоглолт үргэлжилж, цаг дуусахаас гурван секундын өмнө “улаан машин” тоог 58:57 болгон тэргүүлж эхлэв. Гэвч эцсийн мөчид Барретт шидэлтээ оновчтой болгож, америкчууд хүнд нөхцлөөс ялж байлаа.
Гайхамшиг бүтээх дөхсөн ч…
1982 оны ДАШТ-ий финалыг өдгөө олон хүн дурсан санаж байдаг. Сагсан бөмбөгийн талбарт ховорхон тохиох ширүүн өрсөлдөөн энд өрнөсөн болохоор тэр. Аваргын төлөө спорт, улс төрийн эвлэршгүй өрсөлдөгчид болох ЗХУ, АНУ-ын шигшээ багууд үлдээд байлаа.
Америкчууд тэр тэмцээнд уламжлал ёсоор коллежийн оюутнуудаа илгээсэн. Гэхдээ тун удахгүй NBA-д элсэж, мэргэжлийн сагсчин болох Док Риверс, Антуан Карр, Жим Томас зэрэг авьяаслаг залуус тэдний эгнээнд байсан юм. Харин оросууд Владимир Ткаченко, Анатолий Мышкин, Валдис Валтерс, Сергей Тараканов, Станислав Еремин зэрэг шилдгүүдээ Америкийн эсрэг илгээжээ. Эхний хагаст Америкийн оюутнууд 49:47-гоор ялимгүй давамгайлав.
Харин сүүлийн үед оросуудын довтолгоо ээлж дараалан оновчтой болж байсан ба Еремин, Мышкин нарын довтолгооны дараа тоо 94:87 болов. Цаг дуусахад хоёр минут үлдсэн, ЗХУ аваргалах нь үндсэндээ ойлгомжтой болж ирлээ. Гэтэл үүнээс хойш Америкийн залуус гайхалтай эргэн ирэлтийг хийж, өөрсдөө долоон оноо авч, өрсөлдөгчдөө ганцханыг алдав. Тоо 95:94 болон ойртлоо. Америкийн баг сүүлийн довтолгоог хийхэд 10 секунд үлдээд байв.
Гэвч тэд шидэлтээ алдаж, түүхэн ялалт байгуулах боломжоо үгүй хийсэн юм. Хэдий америкчууд гайхамшгийг бүтээж чадаагүй ч тун өрсөлдөөнтэй болсон энэ тулаан ДАШТ-ий түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Энэ нь Оросын сагсан бөмбөгчдийн ДАШТээс хүртсэн сүүлийн алтан медаль байлаа.
Орос-Югославын дайн
1978 онд Югославын шигшээ үнэхээр дийлдэшгүй байлаа. Тэд бүх тоглолтод хамгийн багадаа 100 оноо авч, өрсөлдөгч нараа тун хялбархан ялж байв. Гагцхүү шигшээ тоглолтод оросууд л тэдний эсрэг дорвитой эсэргүүцэл үзүүлсэн юм. ДАШТий шилдэг тоглолтуудын тоонд баттай орох энэ тулааны эхний хагас (41:41), үндсэн цаг (73:73) тэнцээгээр өндөрлөж, алтан медалийн хувь заяа нэмэлт цагт шийдэгдэхээр болжээ. Тоо 82:77, цаг дуусахад 39 секунд үлдсэн үед С.Белов хоёр ч шидэлтээ чулуу болгож, оноог -1 болгон ойртуулав. Гэвч түүнд 1972 оны олимпийн гайхамшгаа давтах боломж гараагүй юм.
Олимп, ДАШТ-д коллежийн оюутнууд оролцдог байсан явдал 1992 оны Барселоны олимпоор эцэс болж, сагсан бөмбөгийн хорхойтнууд NBA-гийн оддын тоглолтыг амьдаар нь харах боломж бүрдсэн билээ. Тиймээс “Dream Team” хүч сорих 1994 оны ДАШТ эхлэх мөчийг хүн бүр хүсэн хүлээж байсан. Америкчууд энэ тэмцээнд Алонзо Моурнинг, Доминик Уилкинс, Шакил О’Нилл, Шон Кемп, Режи Миллер, Кевин Жонсон, Дэн Марли гэсэн шилдгүүдээ илгээв. Хэдийгээр энэ багт М.Жордан, С.Пиппен, К.Мэлоун, М.Жонсон, Ч.Баркли зэрэг домгууд багтаагүй ч энэ нь тэднийг ээлжит түрүүгээ авахад огтхон ч саад болсонгүй. “Dream Team II” тэр жил найм дараалж ялахдаа бүх өрсөлдөгчөө оноогоор хол хаясан ба тэдэнд хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн нь Испани (115:100) байв. Залуухан төвийн тоглогч Шакил О’Нилл Торонтогийн дэвжээнд өөрийн юу чаддагаа үзүүлж, ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг гарджээ.
Индианаполист болсон аймшиг
Америкийн шигшээ ДАШТ, олимпийн талбарт ялагдал хүлээж л байсан. Гэхдээ тэр тэмцээнүүдэд NBA-гийн одод ордоггүй байсан болохоор тийм ч том дуулианд тооцогддоггүй байсан. Харин 2002 онд америкчууд NBA-гийн оддоо авчраад ялагдлын гашууныг гурвантаа амсч, дөнгөж зургадугаар байр эзэлсэн нь жинхэнэ сенсаац байлаа. Тэр тусмаа нутагтаа зохиосон ДАШТ-д шүү. Өмнө нь сагсны ДАШТ тус спортын эх оронд хэзээ ч зохиогдож байсангүй. Харин 2002 онд “Сэм авга”-ынхан анхны ДАШТ-ээ хүлээн авч, Э.Брэнд, Б.Дэвис, М.Финли, Ш.Мэрион, А.Миллер, Р.Миллер, Ж.О’Нилл, П.Пирс, Б.Уоллес, Ж.Уильямс, Р.Лафренц нараар багаа бүрдүүлж, туршлагатай Ж.Карл тэднийг удирдсан. Гэтэл тэд хэсэгтээ Аргентинд (87:80), дунд шөвөгт Югославт (81:78), 6-р байрын төлөө тоглолтод Испанид (81:75) дийлдэх нь тэр. Эдгээр ялагдлууд АНУ-ын сагсан бөмбөгийн түүхэнд хар мөр болон үлдсэн билээ.
Г.Баярсайхан
loading...





fiba-g online-r free uzeh site helj ogooch sags sonirhogchidoo…tv9.mn unen hulhi yumaa…
loading...
http://www.topmongol.com deer tv9 iig gatsaltgui damjuulj bgaa hogshoon tendees ter hulhi tv9 oo gazaltgui uzee
loading...
ene medee n garaad 4 honochihlo uul n delhin avraga bolood bganshde sags nba talaar gants unshdag site n ene naasan uur oligtoi site bnuu anduudaa heleed uguuch
loading...
Sport.news.mn gd site bgaa iishee or.
loading...
http://www.topmongol.com genuu eniig yamar web gedgiin. TV9.mn tsegtstei hamaagui sain garch bna
loading...