loading...
Хоёр жил тутамд зохиогддог байсан жүдо бөхийн ДАШТ олимпийн наадамгүй жил бүр явагдах болж, тэгш тоотой жилийн анхны ДАШТ нь энэ сарын 9-13-нд Японы Токиод болох билээ. Нэг жинд нэг улсаас хоёр бөх барилдах болсон зэрэг онцлог зүйл ихтэй энэ ДАШТ-ий өмнөх урьдчилсан таамгийг “ТЦ” уншигчидтайгаа хуваалцаж буй. Энэ дугаарт эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кгын “Preview”-г сонирхуулъя. Дараагийн дугаарт хамгийн хүнд жингийн прогноз болон “Токио-2010” ДАШТ-д оролцох Монголын багийн танилцуулгыг хүргэх болно.
90 кг (65 бөх)
Энэ жингийн чансааг тэргүүлэгч Такаши Оно олон улсын тэмцээнүүдэд одтой барилдаж түрүүлэх атлаа олимп, ДАШТ-ий дэвжээнд азгүйтдэг нэгэн. Түүний зэргийн бөх ДАШТий ганцхан хүрэлтэй (2005 онд 81 кг-д) гэхэд гайхмаар. Саяхны жишээг дурдвал “Бээжин- 2008” олимпийн наадмын эхний тойрогт Бразилийн Тьяго Камилод, 2009 оны ДАШТий хоёрын даваанд Узбекистаны Дилшод Чориевт ялагдаж хоосон хоцорч байв.
Харин өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараачаас ялагдал гэдгийг мэдэхгүй яваа. Японы эрэгтэй жүдочид түүхэндээ анх удаа аваргагүй нутаг буцсан өнгөрсөн жилийн ДАШТ-ий гол буруутны нэг тэрбээр Токиогийн татамид авч үзээгүй алтан медалиа хүзүүндээ зүүх магадлал өндөр. Энэ жингийн хүчтэй өрсөлдөгч олимп, дэлхийн аварга Иракли Цирекизе тэргүүтэй олон жүдоч 90 кг-д ерөнхийдөө 1985 оноос хойш төрсөн шинэ үеийнхэн давамгайлж байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга И Кюү-Вонь гэхэд л 1989 оны Валентиний баярын үдэш мэндэлсэн залуу авьяастан.
Түүнтэй түрүү булаацалдсан Кирилл Денисов 22, Европын АШТ-д хоёр удаа үзүүрлэж, ДАШТ-ий утаа үнэрлээд амжсан Варлам Липартелиани 21, энэ жил оролцсон тэмцээн бүрээсээ медаль зүүсэн Дайки Нишияма 19 настай гээд медаль авах магадлалтай бөхчүүдийн дийлэнх нь амжилтынхаа гараан дээр яваа залуучууд байна. И Кюү-Вонийн хувьд “Мастерс”-аас хүрэл медаль авснаас хойш олон улсын тавцанд барилдаагүй нь амжилтаа давтахад нь чөдөр болж мэдэх юм. Сиднейн олимпоос 73 кг-д мөнгө, Бээжингийн олимпоос 81 кг-д хүрэл медаль зүүсэн Бразилийн Тьяго Камило өнгөрсөн жилийн ДАШТ-д 90 кг-д барилдаад хомоол хамж байв.
Гэхдээ түүнээс хойш энэ жингийнхэнтэй эн тэнцүү өрсөлдөнө гэдгээ хангалттай харуулсан. 2007 онд нутгийн дэвжээгээ түшиж дэлхийн аварга болсон тэрбээр энэ жилийн ДАШТ-д медаль гардах гол нэр дэвшигчдийн нэг байх нь гарцаагүй. Харин залуучуудын давалгаанд том хориг болох ёстой байсан Египетийн Хишам Месбах гэмтлийн улмаас гэртээ үлдэж байна. Түүнчлэн 90 кг-ынхны чансааны №11- д эрэмбэтэй Вадим Синявски ДАШТ-д оролцох Украины шигшээ багийн гадна үлдэж, жин өгссөн Роман Гонтюк, Европын гурван удаагийн аварга Валентин Греков нар Токиод барилдах болжээ. Афины олимпод 81 кг-д түрүүлж, түүнээс хойш дээд жиндээ ДАШТ-д хоёр удаа үзүүрлэсэн Илиас Илиадис буурь заан сүүлчийн найман бөхөд үлдэж чадах биз ээ. Энэ жинд манай улсаас Азийн АШТ-ий мөнгөн медальт Батбаярын Ариун-Эрдэнэ, тивийн аваргын хүрэл медальт Эрдэнэбилэгийн Энхбат нар барилдана.
“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)
Такаши Оно, Дайки Нишияма (хоёул Япон), И Кюү-Вонь (БНСУ), Варлам Липартелиани (Гүрж), Илиас Илиадис (Грек), Андрей Казусёнак (Беларусь), Тьяго Камило (Бразил), Кирилл Денисов (ОХУ)
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД
“Афин-2004” олимпийн наадам 1.Зураб Звиадаури (Гүрж) 2.Хироши Изүми (Япон) 3.Марк Хуйзинга (Голланд), Хасанби Таов (ОХУ)
“Каир-2005” ДАШТ 1.Хироши Изүми (Япон) 2.Илиас Илиадис (Грек) 3.Марк Хуйзинга (Голланд), Андрей Казусёнак (Беларусь)
“Рио-де-Жанейро-2007” ДАШТ 1.Иракли Цирекизе (Гүрж) 2.Илиас Илиадис (Грек) 3.Роберто Мелони (Итали), Иван Першин (ОХУ)
“Бээжин-2008” олимпийн наадам 1.Иракли Цирекизе (Гүрж) 2.Амар Бенихлеф (Алжир) 3.Сергей Ашванден (Швейцарь),
Хишам Месбах (Египет)
“Роттердам-2009” ДАШТ 1.И Кюү-Вонь (БНСУ) 2.Кирилл Денисов (ОХУ) 3.Хишам Месбах (Египет), Дилшод Чориев (Узбекистан)
-100 кг (60 бөх)
Аваргалах бөхийг шууд нэрлэхэд хамгийн хэцүү жин нь энэ. “Бээжин-2008” олимпийн наадамд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт дуулиантай ялагдсанаар дээд жиндээ өрсөлдөх болсон Кейжи Сүзүкиг Такамаса Анаи гэх залуу залгамжлан гарч ирсэн. Эрч хүчтэй цойлон гарч ирсэн тэрбээр 2009 оны турш гялалзтал барилдчихаад ДАШТ-д Азербайжаны залуу бөх Элмар Гасымовт дийлдэн аваргалах боломжоо алдаж, хүрэл медаль дээр бууж байв. Түүнээс хойш Анаигийн унах нь олон болсныг оролцсон тэмцээнүүдийнх нь үр дүнгээс харж болно.
Гэхдээ нутагтаа болох ДАШТ-д дээгүүр барилдах нь тодорхой. Жил гаруйхны дотор огцом гарч ирсэн Кайхан Такаги түүнээс дутахгүй амжилт үзүүлэх биз ээ. Ахыгаа зодог тайлсны дараа иргэншлээ сольж, хөрш Бельгийн нэр дээр барилдах болсон Элко ван дер Геест ДАШТ-ээс анхны ме далиа Токиогоос авах болов уу. Төрөлх Гол ландынхаа өмнөөс дөрвөн ДАШТ-д оролцохдоо гурван тойргоос илүү барилдаж үзээгүй тэрбээр Бельгийн иргэн болсноосоо хойш оргил амжилтаа үзүүлж эхэлсэн. Энэ жил Европын АШТ-ий финалд өөрийг нь нутаг сэлгэхэд хүргэсэн гол “буруутан” Гролийг ялж, ямар ч амжилтад хүрч болохоо харуулсан.
Медаль авдаггүй юм гэхэд томчуудыг “торгочих” магадлалтай цөөнгүй сайн бөх энэ жилийн ДАШТ-ийг өнжих болсноос онцлон дурдвал Германы Димитри Питерс, Бенжамин Берла, Бразилийн Леонардо Лейте, ОХУ-ын Сергей Самойлович, Украины Артем Блошенко, Их Британийн Питер Коузинс нар байна. 2009 оны ДАШТ-д медалийн төлөө барилдаж байсан Артемын оронд түүний ах Андрей Блошенко Украиныг төлөөлөх ажээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-д од нь гүйж түрүүлсэн казах жүдоч Раковыг аваргаа хамгаалах нь битгий хэл медаль авна гэж итгэл хүлээлгэхэд хэцүү.
Харин жин өгсөн барилдаж байгаа Иракли Цирекизе, залуучуудын дэлхийн хошой аварга Лукаш Крпалек нарын бөхчүүдийг нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд оруулахгүй ч медальт байрт шалгарах хэмжээнд чансаачилж болно. БНСУ-ын Хван Хи-Тэ “Бээжин-2008” олимпийн дараачаас -100 кг-д барилдаж (энэ жингийн Жан Сүн-Хо дасгалжуулагчийн албанд шилжсэн), бараг оролцсон тэмцээн бүртээ түрүү булаацалдаж яваад энэ жил нэг бус удаа медалиас мултарсан. Гэхдээ ДАШТ-ий шагналын тавцанд гарах магадлал өндөр. Энэ жинд манай улсаас олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, залуучуудын ДАШТий хүрэл медальт, 2009 оны ДАШТ-ий VII байрын шагналт Баттулгын Тэмүүлэн нар барилдах билээ.
“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)
Такамаса Анаи, Кайхан Такаги (хоёул Япон), Элко ван дер Геест (Бельги), Хенк Грол (Голланд), Хван Хи-Тэ (БНСУ), Лучиано Корреа Бразил), Лукаш Крпалек (Чех), Даниэль Хадфи (Унгар)
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД
“Афин-2004” олимпийн наадам
1.Ихар Макарау (Беларусь) 2.Жан Сүн-Хо (БНСУ) 3.Ариэл Зееви (Израиль), Михаэль Журак (Герман)
“Каир-2005” ДАШТ
1.Кейжи Сүзүки (Япон) 2.Виталий Бубон (Украин) 3.Дмитрий Кабанов (ОХУ), Лучиано Корреа (Бразил)
“Рио-де-Жанейро-2007” ДАШТ
1.Лучиано Корреа (Бразил) 2.Питер Коузинс (Их Британи) 3.Орейдис Деспэйн (Куба), Даниэль Хадфи (Унгар)
“Бээжин-2008” олимпийн наадам
1.Найдангийн Түвшинбаяр (Монгол) 2.Асхат Житкеев (Казахстан) 3.Мовлуд Миралиев (Азербайжан), Хенк Грол (Голланд)
“Роттердам-2009” ДАШТ
1.Максим Раков (Казахстан) 2.Хенк Грол (Голланд) 3.Такамаса Анаи (Япон), Рамадан Дарвиш (Египет)
70 кг (34 бөх)
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Юри Алвеар Токиод барилдахгүй. “Роттердам-2009”-д түрүүлснээсээ хойш Парисын Их дуулгад Тунисийн Хоуда Миледэд, Будапештийн Дэлхийн цомд Италийн Жулия Кантонид тус тус ялагдаж, гойд амжилт үзүүлээгүй тэрбээр гуравдугаар сард Өмнөд Америкийн наадамд түрүүлсэн.
Энэ бүс нутгийн хүчтэй өрсөлдөгч Бразилаас залуучуудын шигшээгийн тамирчнаа явуулсан болохоор түүний энэ түрүүг өндрөөр үнэлж боломгүй. Магадгүй үүний улмаас тэр Токиод очоогүй байж болох. Өнгөрсөн жилийн ДАШТ-д колумб бүсгүйд ялагдан мөнгөн медаль хүртсэн Анетт Мешарос түүнээс хойш оролцсон тэмцээн бүрээсээ медаль зулгаасаар өдгөө чансааны тэргүүн бөх болжээ. Олимпийн хошой аварга Масаэ Үэног зодог тайлсны дараа түүнийг залгамжлах бөхөөр нэрлэгдэж, итгэл хүлээсэн Ёрико Күнихара муугүй амжилттай яваа.
Олимп, ДАШТ-ий медальт, дайчин барилдаантай Ронда Роузи гэмтлийн улмаас ДАШТ-д барилдахгүй болсон байна. Түүнийг Лакинта Аллен, Кэтерин Селл гэсэн хоёр залуу бөх орлох аж. Ер нь энэ жинд өнгөрсөн жилийн ДАШТий дүнг эс тооцвол Франц, Голланд, Япон гэсэн гурван улсын бөхчүүд л давамгайлдаг уламжлал бий. Тэдэн дээр өмнө нь дурдсан Мешарос болон Словен, Тунисийн жүдочид өрсөлдөөнийг чимэх биз ээ.
Эмэгтэй жүдочид нь, ялангуяа дунд болон хүнд жингийнхэн нь дэлхийд хүчтэй өрсөлддөг хятадууд дотоод дахь зөрчлийнхөө улмаас энэ жилийн ДАШТ-д үндсэн багаа илгээгээгүй. Ихэнх жинд өмнөд хөршийнхөн гурав, дөрөв дэх тамирчнаа оролцуулж буй агаад бүр IJF-аас нэр заан урьсан шүүгчээ хүртэл явуулахгүй хэмээсэн гэдэг. Хятадын жүдо бөхийн холбоон дахь зөрчил, маргааны улмаас эмэгтэйчүүдийн 70 кг-д 15 дугаарт эрэмбэлэгддэг Яо Ютин тэргүүтэй олон сайн бөх хохирч байгаа бололтой. Энэ жинд манай улсаас залуучуудын Азийн аварга Цэнд-Аюушийн Наранжаргал барилдана.
“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)
Ёрико Күнихара, Мина Ватанабэ (хоёул Япон), Анетт Мешарос (Унгар), Хоуда Милед (Тунис), Раса Срака (Словен), Эдит Бош (Голланд), Люси Декос (Франц)
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД
“Афин-2004” олимпийн наадам
1.Масаэ Үэно (Япон) 2.Эдит Бош (Голланд) 3.Анетт Боэм (Герман), Чинь Дун-Я (БНХАУ)
“Каир-2005” ДАШТ
1.Эдит Бош (Голланд) 2.Жеврис Эмане (Франц) 3.Катерин Жак (Бельги), Раса Срака (Словен)
“Рио-де-Жанейро-2007” ДАШТ
1.Жеврис Эмане (Франц) 2.Ронда Роузи (АНУ) 3.Анетт Мешарос (Унгар), Елена Скапин (Итали)
“Бээжин-2008” олимпийн наадам
1.Масаэ Үэно (Япон) 2.Анаисис Эрнандес (Куба) 3.Ронда Роузи (АНУ), Эдит Бош (Голланд)
“Роттердам-2009” ДАШТ
1.Юри Алвеар (Колумб) 2.Анетт Мешарос (Унгар) 3.Мина Ватанабэ (Япон), Хоуда Милед (Тунис)
-78 кг (36 бөх)
2004 оноос хойших олимпийн наадам, ДАШТ-ий дүнгээс энэ жинд япончууд өндөр амжилт үзүүлдэг нь харагдаж байгаа. Гэвч Саэ Наказава зодог тайлснаар энэ уламжлал тасарсан гэж болно. Харин олимп, ДАШТд түрүүлээгүй ч францчууд хамгийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Селин Лебрун гэдэг нэрийг спорт сонирхогчид сайн мэдэх нь лавтай. Олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальтай тэрбээр энэ удаагийн ДАШТд ч цуглуулгаа арвижуулах биз ээ. Түүнтэй хамт залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Одри Чеумео Токиод очиж байна.
Олимп, ДАШТий хүрэл медальт Стефани Поссамаи болон Люси Лауэт, Жералдин Ментопу нарын шилдэг жүдочид гэртээ үлдсэн гэхээр Францын -78 кгынхан ямар хүчтэй нь харагдана. Одри Чеумео Их дуулгын сүүлчийн хоёр тэмцээнд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Мархинде Веркеркийг хялбархан ялж, том зорилгод жижигдэхгүйгээ харуулсан. Япончуудын хувьд онцолж сонгоход бэрх жигдхэн залуу тамирчдаасаа Акари Огата, Томоми Окамүра хоёрыг ДАШТ-д барилдуулах болсон. Гартаа бяртай, мэхэндээ даацтай гэгддэг Рүика Сатогийн ДАШТ-ээс гарцаагүй авах медаль нь нэг жилээр хойшилж буй нь харамсалтай хэрэг.
-78 кг-д манай улсаас Пүрэвжаргалын Лхамдэгд хүч үзнэ. Олимпийн наадмын дараачаас 70 кг-дбарилдаж, жиндээ дасах гэж багагүй хугацаа алдсан тэрбээр эргээд үндсэн жиндээ зодоглох юм.
“ТЦ”-ИЙН ТААМАГ (медалийн төлөө өрсөлдөх найман бөх)
Селин Лебрун (Франц), Ян Сьюли (БНХАУ), Жён Гён-Ми (БНСУ), Абигел Жоо (Унгар), Эми Коттон (Канад), Кайла Харрисон (АНУ), Майра Агуйар (Бразил), Мархинде Веркерк
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН МЕДАЛЬТНУУД “Афин-2004” олимпийн наадам
1.Анно Норико (Япон) 2.Лью Ся (БНХАУ) 3.Лучиа Морико (Итали), Юрисел Лаборде (Куба)
“Каир-2005” ДАШТ
1.Юрисел Лаборде (Куба) 2.Саэ Наказава (Япон) 3.Клаудия Звиерс (Голланд), Селин Лебрун (Франц)
“Рио-де-Жанейро-2007” ДАШТ
1.Юрисел Лаборде (Куба) 2.Саэ Наказава (Япон) 3.Жён Гён-Ми (БНСУ), Стефани Поссамаи (Франц)
“Бээжин-2008” олимпийн наадам
1.Ян Сьюли (БНХАУ) 2.Яленнис Кастилло (Куба) 3. Стефани Поссамаи (Франц), Жён Гён-Ми (БНСУ)
“Роттердам-2009” ДАШТ
1.Мархинде Веркерк (Голланд) 2.Марина Прищепа (Украин) 3.И Сунь (БНХАУ), Хайде Воллерт (Герман)
loading...




tuvshinbayariigaa yagad taamagt oruulaagui yum be? ……. yumiig yaj medeh ve? alt avaad ireh ch yum biluu!!!
loading...
har tsagaan hel am hurchih bii geed manaihan buhchuudee bugdiigen taamagtaa oruulahgui geseen
loading...
gehdee bas ashdiin belgees , amnii belegeer gedegdee ….
loading...