Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, ДАШТ-2010, Жүдо » Эмэгтэйчүүдийн оноолтыг шинжихүй

GD Star Rating
loading...

Токио хотны энэ сарын 9-нөөс 13-ны хооронд Жудо бөхийн ДАШТ явагдах гэж байна. Та бүхэнд манай эмэгтэй жудочдын сугалаа яаж гарсныг танилцуулья. Эхний өдөр эрэгтэй -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78-ийн жингийн аваргууд тодрох болно.

48 кг – Манай улсаас М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ

Курашын дэлхийн аварга М.Уранцэцэгийн сугалаа нилээд хатуу таарлаа. Энэ дэлхийн аваргад медаль хүртэх хамгийн өндөр боломжтой тамирчнаар нэрлэгдэж байгаа Японы Томоко Фүкүмитэй тэрээр 2-р тойрогт барилдах болж байна. Манай тамирчин эхний тойрогтоо хийлж байгаа бөгөөд мэдээж хэрэг Томоко Испаний Ойано Бланкод ялагдах магадлал тун бага учраас аваргаа хамгаалахаар зорьж буй Томокотой таарах нь эргэлзээгүй. Өнгөрсөн жил мэргэжилтнүүд  М.Уранцэцэгийг медальд хүрэх боломжтой тамирчдын тоонд оруулж байсан. Харамсалтай нь манай тамирчин шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Солонгосын Чун Жун-Ёнд ялагдал хүлээсэн билээ. Манай тамирчинтай байнга ”таардаг”  Чун Жун-Ён Б хэсэгт багтсан байгаа. Мөн Бразилийн Сара Менесес энэ хэсэгт байгаа учраас хэрвээ манай тамирчин Томоког сөхрүүлж чадах аваас хагас шигшээд дээрхи шилдгүүдтэй тулах боломжтой юм.
Энэ жинд зодоглож байгаа  Б.Бат-Эрдэнэ  мөн эхний тойрогтоо хийлж байна. Дараагийн тойрогт манай тамирчин АНУ-ын Анн Ширайши – Эль Салвадорын Стефани Гарсиа нарын ялсантай тулах болно.
Дашрамд дуулгахад Стефани Гарсиа өнгөрсөн 4 сард явагдсан Пан Америкийн Жудогийн АШТ-д 44 кг-д мөнгөн медаль зүүж байсан. Гэвч жин өгсөж ДАШТ-д 48 кг-д өрсөлдөж байна.
Энэ жингийн Бээжингийн олимпийн аварга Румыны А.Думитру манай тамирчны ”замд”байгаа. Хэрвээ  Б.Бат-Эрдэн 3-р шатанд шалгарвал гарцаагүй түүнтэй тулах болж байна.  А.Думитру хамгийн сүүлд Венад зохиогдсон Европын аваргаас алтан медаль зүүсэн билээ.

52 кг

ОУХМ М.Бундмаа энэ жинд барилдана. Хоёр ч ДАШТ-д шагналт байр эзэлсэн манай шилдэг тамирчин энэ жил медальд хүрэх магадлал нилээд өндөр байна. Эхний тойрогт гоц мөргөсөн манай тамирчны эхний том даваа Испаний Испаний Ана Карраскоса байж магадгүй байна. Бээжингийн олимпод энэ бүсгүйтэй М.Бундмаа оноолт таарч ялагдаж байсан бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аваргад ч оноолт таарч байсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Кубын Янет Бермойд ялагдсан манай тамирчин дагах барилдаана Карраскосатай хийж байсан юм. Гэвч  вазари  үнэлгээгээр ялагдаж шагналт байранд шалгарч байсан билээ.
М.Бундмаагийн хэсэгт Японы жудочдоос багтаагүй байгаа. Бразилийн Миранда Эрика түүнтэй энэ хэсгийн аваргын төлөө барилдаж магадгүй. Энэ хэсэгт Бразил бүсгүйгээс өөр тэмцээний фаворитууд багтаагүй байна.

57 кг

Түмэн-Одын Баттөгс энэ жинд барилдана. Өнгөрсөн жил тэрээр энэ онд Европын аварга болсон Румыний Корина Каприориуг ялж, Японы Мацүмотод хожигдож байсан. Тивийн аваргын хошой хүрэл медальт Т.Баттөгсийн багтсан D хэсэгт тийм ч хүчтэй өрсөлдөгчид багтаагүй учир хэсгийн аваргаар шалгарна гэж хэлэх үндэстэй. Эхний тойрогт манай тамирчин Азербайжаны Кифяат Гасимоватай таарчээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медаль энэ бүсгүй он гарсаар амжилт тааруу байгаа. Хэрвээ Гасимоваг ялж чадвал энэ жинд сүүлийн үед давамгайлах болсон Францын тамирчинтай Сара Локотой  (13) барилдах болно.
Уг нь тэмцээн эхлэхийн өмнө Францын Морган Рибо энэ жинд барилдана гэж байсан ч тодорохой шалтгааны улмаас Сара Локо түүний оронд Японд ирсэн юм.

63 кг

Энэ жинд Дэлхийн цомын эзэн Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа нар барилдана. Ц.Мөнхзаяагийн эхний өрсөлдөгч нь өнгөрсөн 4 сард явагдаж өндөрлөсөн Европын аваргад 7-р байр эзэлж байсан Их Британий Фэйт Питман байх болно.
Харин дараагийн шатанд шалгарвал Германы Клаудио Аренс, АНУ-ын Кристал Рэнсомын ялсантай барилдах болно. Манай тамирчны багтсан B хэсэгт Голландын алдарт Элизабет Виллебүрдсе багтсан байгаа. Бээжингийн олимпийн хүрэл медальтай тэрээр энэ жилийн Европын аваргаас алтан медаль зүүсэн юм.
Манай тамирчин хэрвээ хэсгийн аваргын төлөө үлдвэл түүнтэй барилдаж магадгүй байгаа юм.

С.Энхзаяа хамгийн сүүлийн буюу D хэсэгт багтжээ. Эхний өрсөлдөгч нь Венесуелийн туршлагатай жудоч Ясис Беррето  байна. 8 сард явагдсан Төв Америк болон Карибийн тэнгисийн орнуудын наадмаас тэрээр энэ жинээ мөнгөн медаль зүүсэн гэнэ. Дараагийн шатанд манай жудочыг гоц мөргөсөн Израйлийн Ерден Герби хүлээж байгаа.

70 кг

Манай улсаад залуучуудын Азийн аварга Цэнд-Аюушийн Наранжаргал энд жинд барилдана. Манай тамирчин харьцангуй хялбар сугалаа татжээ. Түүний хэсэгт жингийн фаворитуудаас нэг нь ч алга байна. Гэхдээ Словений Раса Сракаг эс тооцвол шүү дээ.  Эхний тойрогт Ц.Наранжаргал хийлж дараагийн шатанд Тайваний Чай Миао Лайтай барилдах болно. Харин энэ шатны дараа өмнөх ДАШТ-ий мөнгөн медальт Раса Срака манай бөхтэй барилдаж магадгүй байгаа юм.
Энэ жилийн ДАШТ-д Хятадын багийнхан үндсэн тамирчдаа илгээгээгүй учраас тэдний  бүрэлдэхүүн нилээд сул байгаа. Манай тамирчны С хэсэгт урд хөршийн Меилин Зан багтжээ.

-78 кг

78 кг-д манай улсаас Пүрэвжаргалын Лхамдэгд хүч үзнэ.
Түүний эхний учраа нь 2010 оны Европын аварга Унгарын Жоо Абигэл байх юм байна. Харин дараагийн шатанд үлдвэл Германы Хэйд Воллерт – Францын Одрэй Чеумео нарын ялсантай барилдах болно. Энэ жинд нийт 32 жудоч барилдаж байгаа. Тиймээс манай тамирчин 3 ялахад хэсгийн аваргын төлөө үлдэх боломжтой.
Хэрвээ хэсгийн аваргын төлөө үлдвэл хажуугийн D хэсгээс Солонгосын Жён Гён-Ми, Хятадын Ян Сьюли нарын нэгтэй тулах хэрэгтэй болох нь.

+78

Энэ жинд МУГТ Азийн наадмын мөнгөн медальт  Д.Цэрэнханд зодоглоно. Эхний тойрогтоо өдгөө 44 настай Эквадорын алдарт жудоч Кармен Чалатай оноолт таарсан байна. Харин дараагийн өрсөлдөгч нь Тунисын Нигель Чихроуху – Австралийн Жанеле Стеферд нарын нэг байна.

GD Star Rating
loading...
Эмэгтэйчүүдийн оноолтыг шинжихүй, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. oyunkhand says:

    hi ta nartaaa amijilt husey Mongolchuud huchtei chadaltai erchtei amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: