loading...
Бодибилдингийн спортын бүх л цол гуншинг нь хүртэж, оргилд нь хүрсэн, басхүү булчингийн чадлаар бусдыг хэрхэн байлдан дагуулдгийн үлгэр жишээг харуулсан домогт тамирчин бол америк эр Стивен Ривз юм. Тэрбээр 1926 оны нэгдүгээр сарын 21-нд Монтано мужийн Глазго хотноо төржээ. Эцэг Ластер нь хүнд үйлдвэрийн ажилчин бөгөөд түүнийг хоёр нас хүрээгүй байхад осолд орон, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн эмэгнэлт явдал бяцхан хүүгийн амьдралд хар толбо үлдээсэн. Гэсэн ч эх нь энхрий үрээ эцгийн хайраар дутаахгүйг хичээж, өлөн зэлмүүн амьдралд өсгөхгүйн тулд ачааны хүндийг нуруундаа үүрчээ. Эрүүл чийрэг хүү сайхан өсөж бойжсоор долоон нас хүрмэгцээ ээжийнхээ дотны туслагч болов. Стивийг арван ас хүрмэгц тэднийх Калифорнид шилжин суурьшиж, ирээдүйн тамирчин сонин түгээх ажил хийж, дугуй жийн, өдөржин явахдаа ядрах нь үгүй. Амралтын өдрүүдэд тэр гар барилдаанд хүч сорьж, өрсөлдөгчдөө илүүрхэх бөгөөд нэгэн удаа гантелтай “тулалдаж” байгаа эрхмийг олж харсан өдрөөс булчингаа хөгжүүлэх хүсэл бадарсан байна. Энэ нь өсвөрийн мистерийг бодибилдингтэй танилцах замыг нээжээ. Харин хүүдээ боловсрол эзэмшүүлэхийг ихэд хүсдэг ээж нь Кастлемонтын дунд сургуульд бүртгүүлсэн бөгөөд Стив бие бялдрын хөгжлөөрөө үеийн нөхдөөс ялгардаг байлаа. Түүний давуу талыг олж харсан дасгалжуулагч Эд Ярик булчин хөгжүүлэх спортоор хичээллэхийг зөвлөхөд дуртайя хүлээж авах нь тэр. Үүнээс хоёр жил өнгөрөхөд тэр хэнийг ч дагуулахааргүй булчинлаг эр болж амжсан. Гэсэн ч дэлхийн II дайны сүүдэрт он жилүүдэд спортоос арга буюу хөндийрч, Америкийн армийн байлдагч болжээ.
Дайны дараа тэр бодибилдингтэй дахин нөхөрлөж, 20 настайдаа Номхон далайн орнуудын тэмцээнд үнэмлэхүй аваргаар тодров. Дараа жил нь Америкийн болон Дэлхийн мистерийн титмийг бөөндсөн. Ханхар цээж, өргөн мөр, бие бялдарын өв тэгш байдал цогцолсон түүнд кинонд тоглох урилга олонтаа ирна. Тэр бүхэнд Стив зөвшөөрсөн удаагүй. Харин 28-тайдаа “Афин” хэмээх богино хэмжээний кинонд тоглосон нь дэлгэцнээ дүрээ мөнхлөх эхлэл болсон юм. Үүний дараа америк эр эртний Грекийн амьдралыг харуулсан “Геркулес” кинонд гол дүр бүтээж, олон түмнээс талархал хүлээсэн бөгөөд 1954-1968 онд нийт 18 кинонд тоглосон нь гайхалтай амжилт. “Помпейн сүүлчийн өдөр”-т тоглож байхдаа модноос унаж, мөрөө хүндээр бэртээсэн ч, өвчин шаналлыг үл хайхран, зураг авалтыг дуусгасан түүнийг хүмүүс “Зоригт шонхор” хэмээн нэрлэдэг. Хожим нь уг бэртэл түүнийг спортоос үүрд тусгаарласан юм. 1963 онд тэрбээр Польш бүсгүй Алина Кзарзавичтай гэрлэж, бодибилдингийн тухай номуудыг бичсэний сацуу эрүүл аж төрөх хэвшлийг олон түмэнд сурталчилах ажилд уриалан дуудсан. Түүний бичсэн бодибилдингийн техник, сургалтын арга зүйн ном товхимолууд энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж мэргэжилтнүүд үнэлдэг байна. Тэрбээр 2000 оны тавдугаар сарын 1нд Калифорни хотноо таалал төгсчээ.
loading...



