GD Star Rating
loading...
loading...
Гурван жилийн дараа Хятадын боомт хот Тяньжинд “хөшгөө нээх” 6 дахь удаагийн Зүүн Азийн Наадмын анхны хуралдаан саяхан болж, тус хуралд манай бүс нутгийн найман орны төлөөлөгчид оролцов. Зүүг Азийн Наадмын Холбооны (EAGA) 28-р их хурлаар “Тяньжин-2013″ бэлтгэл ажлын явц, спортын хөтөлбөр, EAGA-ийн шинэ бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталлаа. EAGA-ийн ерөнхийлөгчөөр Хятадын ҮОХ-ны ерөнхийлөгч Лью Пен, Ерөнхий нарийн бичгийн даргаар Хятадын ҮОХ-ны генсек Сун Люзен нар тус тус сонгогдож, спортын 23 төрлийг урдчилсан маягаар батлав. Харин зургаа дахь Зүүн Азийн Наадмыг 2013 оны 5 эсвэл 10-р сард хийх талаар дахин хэлэлцэхээр тохиролцлоо. Тус хуралдаанд EAGA-ийн зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ЕНБД Ж.Отгонцагаан, Спорт ба Хууль дүрмийн хорооны гишүүн П.Тунгалаг, Эмнэлгийн хорооны гишүүн Ч.Насанбат нар оролцов. 
Зүүн Азийн Наадмын Холбоонд Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Хонконг, Монгол, Тайвань, Гуам (орлогч гишүүн) багтдаг бөгөөд 1993 онд Шанхай, 1997 онд Бусан, 2001 онд Осака, 2005 онд Макао, 2009 онд Хонконгод манай бүс нутгийн наадам зохиогдсон түүхтэй. Манай улс 2013 оны наадмын төлөө Тяньжинтэй өрсөлдөж 5:3 “өвдөг шороодсон” бөгөөд 2017 оныхыг Чэжү (БНСУ), Каошун (Тайвань), Нагоя (Япон), Улаанбаатар (Монгол) нар өрсөлдөх шинжтэй байна.
GD Star Rating
loading...
loading...



