loading...
Дэлхийн шатрын 39-р олимпиад 2010 оны 9-р сарын 20ноос 10-р сарын 4-ний өдрүүдэд ОХУ-ын Ханты-Мансийскт манай гаригийн 160 орны шатарчдын дунд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол улсын шатарчдын багийн бүрэлдэхүүнд 2 их мастер,2 олон улсын мастер, 3 ФИДЕ-гийн мастер бусад нь үндэсний цолтой залуу шатарчид болон МШХ-ноос С.Энхцаг, Т.Сумъяа нар багтаж явсан юм.
Эрэгтэйчүүдийн тэмцээнд 148 баг оролцож швейцарь системийн 11 тавилын дараа Украин 19, ОХУ-I 18, Израиль 17 оноогоор алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч манай тамирчдын баг 11 оноотой 71-р байрын амжилт үзүүллээ. (2008 онд явагдсан Дрездений олимпиадад 11 оноогоор 73-р байранд орсон юм).
Хувийн дүнгээр Б.Гүндаваа 1-р ширээнд 3,5 (10 өргөөс), Н.Баттулга 2-р ширээнд 5 (9), Г.Эрдэнэ 3-р ширээнд 4 (9), Ц.Батчулуун 4-р ширээнд 5 (9), Б.Хатанбаатар 5-р ширээнд 4,5 (7) хожил тус тус авчээ.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд 114 орны шатарчид оролцсоноос ОХУ-I 22, БНХАУ 18, Гүрж 16 оноогоор алт мөнгө хүрэл медаль хүртэж манай баг 11 оноотой 51-р байр эзлэв. (2008 оны олимпиадад 14 оноогоор 17-р байрын амжилт гаргаж байв).
Хувийн дүнгээр: ИМ Б.Мөнгөнтуул 1-р ширээнд 6,5 (9), 2-р ширээнд У.Лхамсүрэн 2,5 (8), 3-р ширээнд А.Энхтуул 5 (9), 4-р ширээнд Б.Анхчимэг 6 (10), 5-р ширээнд С.Отгонжаргал 5,5 (8) онооны амжилт тус тус үзүүлэв. С.Отгонжаргал ширээндээ шилдэг 20 шатарчны 9-рт шалгарав.
Мэдээндээ хачир болгон дурьдахад: Солонгосын багийн 4-р ширээнд тоглосон Ч.Мөнхбат (2236) 8,5 (11) оноо авч энэ үзүүлэлтээр 9-р байр эзэлсэн бөгөөд багийнхаа амжилтыг ахиулахад дорвитой нэмэр оруулжээ. Түүний эцэг Чогдов шатарчдын тухай дуу зохиосон, ахмад шатарчин байсан билээ.
Сүүлчийн тавилд манай шатарчны уран нүүдлээр довтолж хожсон өргийг сонирхуулъя.

loading...



