loading...
16 настай Хоу Ифанийг дэлхийн аварга болох магадлал өндөр шатарчин хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Зургаан настайгаасаа хөлөгт тоглоомтой нөхөрлөсөн балчир охин дөрвөн жилийн дараа Бээжин хотноо Бүх Хятадын шатрын үндэсний төвийн сурагч болсноор хожмын амжилтын эхлэлийг тавьжээ.
Түүний дасгалжуулагч, их мастер И Зянчуань “Хоу Ифань бол шатарчин болох унаган авьяастай. Шатарчдад заяадаг алсын хараа, хүлээцтэй чанар, нухацтай хянуур байдал нь өндөр амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж байна” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн удаатай. 10-хан настайдаа тэр өсвөрийн дэлхийн аварга болж, жилийн дараа Хятадын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд их мастерийн болзол биелүүлсэн нь тухайн үедээ томоохон дуулиан дэгдээсэн юм. 2006 оны тавдугаар сард Италийн Турин хотноо болсон шатрын олимпиадад гуравдугаар ширээнд тоглон, их мастерийн нормыг ахин биелүүлэхдээ 12 нас гурван сартай байсан агаад энэ амжилтаар тэр дэлхийн шатрын түүхэнд хамгийн залуудаа их мастерийн болзол биелүүлсэн тамирчнаар тэмдэглэгдсэн.
Харин 2007 оны эхээр Туркийн Антальяд болсон FIDE-гийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрээр Хоу Ифаньд их мастер цол тэмдгийг албан ёсоор гардуулсан байна. Будаг нь ханхалсан их мастер 13 настайдаа бүх Хятадын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн тэмцээнд түрүүлснээр улсынхаа түүхэнд мөн л хамгийн залуу манлайлагчаар тодорчээ.
Түүний амжилт цаашид ч үргэлжилсээр 14-тэйдөө 20 хүртэлх насныхны залуучуудын ДАШТ-д оролцохдоо эрэгтэй их мастерийн болзлыг биелүүлсэн нь гайхалтай. 2008 оны есдүгээр сарын 28-нд Нальчикт болсон эмэгтэй шатарчдын ДАШТ-д Хоу Ифань Египетийн Мону Халед, Монголын Б.Мөнгөнтуул, Италийн Елена Седина, Армений Лилит Мкртчян, Энэтхэгийн Конеру Хюмпуг хожиж, шигшээд ОХУ-ын Александр Костенюкт хожигджээ. Мөн оны шатрын олимпиадад БНХАУ-ын шатарчдаас нэгдүгээр ширээнд тоглохдоо боломжит 11 өргөөс 7,5 оноо авснаар /+5-1/ Гүржийн М.Чибурданизе, Колумбийн Марта Бакеро нарын дараа орсон байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 13- 23-нд Азийн эрэгтэй шатарчдын нээлттэй тэмцээнд оролцон, 7,5 оноо авснаар 3-8 дугаар байрын амжилт үзүүлсэн байна.
Үүний дараахан FIDE түүний эрэгтэй их мастерийн амжилтыг баталгаажуулсан юм. Манай оронд болсон Улаанбаатарын Гранприд түрүүлж, оноогоо нэмсэн нанхиад бүсгүй эмэгтэй шатарчдаас чансаагаараа дэлхийд хоёрдугаарт яваа. Хоу Ифань Гарри Каспаровыг ихэд хүндэлдэг бөгөөд дугуйн спортыг сонирхдог. Чөлөөт цагаараа усанд сэлэх дуртай. Харин өдгөө англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд ихэд анхаарч байгаа аж.
loading...




ayultai gar bna da odoo barag suuh zaluu heden huuhed toruuleh,huuhduudee haana surgah geed hezee NUAtai boloh ene teree tolovlochihson bga da muu sda
loading...