loading...
Манай оронд шинээр хөгжиж буй спортын нэг бол туялзуур сэлэм. Олимпийн төрөлд багтдаг энэ спортыг 90-ээс оноос манай залуус сонирхон хичээллэж эхэлсэн боловч албан ёсны холбоо байгуулагдалгүй өдийг хүрчээ.
Манай улсад бүрэн хөгжих боломжтой энэ спортын холбооны ажил тун урагштай явж байгаа бөгөөд саяхан анхны УАШТ тэмцээнийг зохион байгуулсан юм. Мөн өнгөрсөн жил монголын туялзуур сэлэмний анхны тамирчин Б.Баттөмөр ДАШТ, Азийн АШТ-д хүчээ үзэж муугүй амжилттай оролцоод амжсан.
Ингээд бид Монголын Туялзуур сэлэмний холбооны дасгалжуулагч Б.Бадралтай ярилцсан юм. Дашрамд дурдахад тэрээр урд хөршийн нийслэл Бээжин хотноо сэлмийн эрдмийг хэрхэн заах сургалтанд хамрагдаж ирээд удаагүй байгаа юм.
- Туялзуур сэлэм бол манай оронд төдийлөн танил биш спорт. Тийм болохоор та манай уншигчдад энэ спортын тухай товч тайлбарлаж өгөхгүй юу ?
- Туялзуур сэлэмний спорт нь Европт тун өндөр хөгжсөн, хамгийн нийтлэг спортуудын нэг. Ерөнхийдөө бол цэрэг дайны үед сэлмийг хэрэглэдэг болсноос хойш үүссэн гэж үздэг ба үүсэл хөгжлийг нь хэд хэдэн үе шатанд хуваадаг бөгөөд эхний үеийг 1350-оноос өмнөх үе гэж авч үздэг. Fencing гэдэг нэр нь defencing буюу хамгаалах гэдэг үгнээс гаралтай. Нэг сонирхолтой зүйл гэвэл энэ нэрийг Уильям Шекспир үгсийн санд оруулж ирсэн гэдэг. Гэхдээ 19-р зуунаас албан ёсоор спортын төрөл болон хөгжиж, 1896 онд анхны олимпийн наадамд албан ёсны төрөл болж орж байснаас хойш бүх олимпийн наадамд оролцсон 4-хэн спортын нэг гэдгээрээ онцлогтой.
- Монголд энэ спортын уламжлал хэр байдаг юм бол ?
- Монголд 1980-аад оны үед Москвад сурдаг байсан оюутнууд хичээллэж байсан тохиолдлууд мэр сэр сонсогддог. Харин сүүлийн үед Германд хоёр ч монгол хүн хичээллэж байна. 19-тэй охин epee төрлөөр хичээллэдэг бол Б.Баттөмөр foil төрөлд хүч үздэг. Б.Баттөмөрийн хувьд өнгөрсөн жил Монгол орноо төлөөлж ДАШТ, ААШТ, Дэлхийн цомын тэмцээнд оролцож муугүй амжилт үзүүлсэн.
- Та түрүүн манай хоёр тамирчин өөр өөр төрлөөр хичээллэдэг гэж ярилаа. Туялзуур сэлэмний спорт нь дотроо хэдэн төрөлтэй, тухайн төрлүүд нь ямар онцлогтой болох талаар ?
- Орчин үеийн туялзуур сэлэмний спорт нь дотроо гурван төрөлтэй. Энэ гурван төрөл бүгдээрээ олимпийн наадамд орж байгаа. Фойл буюу хөнгөн сэлэмний төрөл нь биеийн бүсэлхийнээс дээш өрсөлдөгчөө хатгаж оноо авдаг, илүү их хурд, овсгоо шаардсан төрөл. Харин Епээ буюу хүнд сэлэмний төрөл нь Монголд илүү хөгжиж байгаа. Энэ нь биеийн бүх хэсэг рүү хатгах зөвшөөрөгддөг. Иймээс тамирчнаас илүү их техник, бяр шаарддаг онцгой төрөл. Харин сабля төрөл нь илд юм. Сэлэмний аль ч хэсгээр эсрэг багийн тамирчин хүрсэн оноо авах ба бүсэлхийнээс дээш онох ёстой байдаг. Энэ гурван төрөл өөр өөрийн онцлогтой ба тамирчны бие бялдар, төрөлхийн мэдрэмж зэрэг онцлогоос шалтгаалж тамирчид төрлөө сонгодог.
- Монголын хувьд аль төрөл нь илүү ирээдүйтэй бол? Хүмүүс аль төрлийг нь илүү сонирхож байна?
- Манай нөхцөлд одоогоор зөвхөн Епээгээр хүмүүс хичээллэж эхэлж байгаа. Цаашид фойл төрлийг оруулж ирэх зорилго тавьж байгаа. Бие бялдрын онцлогийн тухайд яривал ази тамирчид эпээ, фойл аль аль төрөлд илүү амжилт үзүүлж байна. Японууд фойлд цахиур хагалж байгаа бол солонгосууд эпээ, хятадууд аль алинд нь гэх мэтчилэн.
- Ер нь энэ спорт хүмүүст ямар нөлөөтэй юм болоо?
- Мэдээж энэ чинь спорт болохоор хүний бие бялдрын хөгжилд нөлөөлөхөөс гадна хүүхэд, залуусын хүмүүжилд эергээр нөлөөлдөг. Бас хүний түргэн сэтгэх, богино хугацаанд зөв талыг харж, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадварыг дээшлүүлдгээрээ онцлог. Энэ спорт нь өөрөө язгууртны гаралтай болохоор зарим өндөр хөгжилтэй улс орнуудын хувийн сургуулийн хичээлийн программд нь хүртэл багтсан байдаг юм билээ. Гэхдээ клуб хэлбэрээр хөгжих нь элбэг байдаг ба гадаад орнуудад хэдийгээр мэргэжлийн тамирчин болгохгүй ч гэсэн энэ спортоор хичээллэснээр хүүхдийн хүмүүжилд ямар хэрэгтэй болохыг мэдэж хүүхдээ бүр 5 наснаас нь эхэлж хичээллүүлдэг. Насанд хүрэгчид ч гэсэн энэхүү спортоор эхлэн суралцаж болох бөгөөд, заавал нэг насанд хязгаарлагдана гэсэн ойлголт байдаггүй.
- Та саяхан дасгалжуулагчийн олон улсын сургалтанд хамрагдаж олон улсын зэрэглэлийн дасгалжуулагч болсон гэсэн. Энэ тухайгаа яривал?
- Туялзуур сэлэм сүүлийн хэдэн жилүүдэд азийн орнуудад эрс хурдацтай хөгжиж байна. 6 сарын 15-7 сарын 30-ны хооронд сар гаруйн хугацаатай Азийн бүсийн дасгалжуулагчийн сургалтанд суусан. Азийн 20 орны 25 дасгалжуулагч сургалтанд хамрагдаж их зүйлийг сурлаа. Манай сургалтыг франц мэргэжилтэн Даниел Левавассойр удирдан явуулсан. Тэр хэдийгээр тамирчны хувьд оргил амжилт нь олимпийн 4-р байрын амжилттай нэгэн боловч олимпийн дөрвөн аваргыг бэлдэж гаргасан алдартай дасгалжуулагч. Одоо Хятадын шигшээ багт дасгалжуулагч хийж байгаа юм. Түүний удирдлага доор туялзуур сэлмийн Эпээ төрлийн дасгалжуулагчийн эрдмийг сурч олон улсын дасгалжуулагчийн шалгалтыг амжилттай өгч өөрийн эрхийг гардан авлаа.
Саяхан Туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Анхны тэмцээн хэр амжилттай болсон бэ ?
Одоогоор дөнгөж хөгжиж байгаа спорт болохоор сонирхогчдын хүрээнд явагдсан. Нийт 16 тамирчин оролцож Элээ буюу хүнд сэлэмний төрлөөр аваргаа тодруулсан юм. Ерөнхийдөө тэмцээн амжилтай болсон гэж бид дүгнэж байгаа. Анхны улсын аваргаар Б.Баттөмөр шалгарсан бол мөнгөн медалийг Д.Ганбаатар, хүрэл медалийг Э.Баярбат нар хүртсэн. Манай холбооноос анхны улсын аваргаа энэ жилийн арваннэгдүгээр сард болох Азийн 16-р наадамд оролцуулахаар болсон байгаа.
Энэ спортоор хичээллэх сонирхолтой залуус хаана хандах вэ ?
Манай холбооны байр МҮОХ-ны төв байрны 402 тоотод байрладаг. Мөн нээлттэй бэлтгэлийг долоо хоног болгон хийж байгаа. Энэ спортоор хичээллэх хүсэлтэй залуус бидэнтэй нэгдвэл тун их баяртай байх болно.
- Таны цаашдын ажилд амжилт хүсье.
loading...




Sain bna Zigohon min sain tamirchid toruuleerei gl
loading...
Хаана бэлтгэл хийдэг юм бол? Яаж бүртгүүлэх үү
loading...