loading...
ОХУ-ын Дагестаны Хасарювт хотод энэ сарын 14-15-нд Тив хоорондын цомын тэмцээн боллоо. ОХУ, АНУ, Турк, БНСУ, Азербайжан болон Дагестан, Москвагийн ЦСКА клуб оролцсон бөгөөд зохион байгуулагчид өрсөлдөөнийг ширүүн болгох үүднээс шагналын санг өндөр тогтоож, эхний байрт орсон багуудыг 50, 30, 20, 5 мянган ам.доллараар урамшуулжээ. Багаараа халз барилдсан тул тамирчин бүрийн үүрэг, хариуцлага өндөр байсан Тив хоорондын цомд нутгийн эзэн дагестанчууд хүчтэй байж, шигшээ барилдаанд ОХУ-ын шигшээ 5:2-оор ялжээ. Гуравдугаар байрын төлөө ЦСКА клуб Азербайжаны шигшээ багийг 5:2-оор ялснаар Оросыг төлөөлсөн гурван баг эхний байруудыг эзэллээ. Сарын өмнө ДАШТ-д түрүүлсэн бөхчүүд ялагдал хүлээсэн нь тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд өрнөснийг илтгэнэ.
Энэхүү тэмцээнд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, шүүгчдийн зөвлөлийн дарга А.Басхүү урилгаар оролцсон бөгөөд олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга Александр Медведь, дэлхийн хошой аварга Гулико Сагаразе нарын хамт нээлтийн ажиллагааны туг өргөх хүндтэй үүргийг гүйцэтгэжээ. Тэрбээр “Эрхэм ёслолыг бөхийн оронд гүйцэтгэсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хасарювт 140 мянган хүнтэй, бараг тосгон гэж хэлж болохоор газар. Гэхдээ олимпийн найм, дэлхийн 12 аварга төрүүлсэн бөхийн нутаг” хэмээн ярьсан. Түүнчлэн домогт бөх Г.Сагаразе нэгэн үед барилдаж байсан Монголын бөхчүүдийн тухай асууж, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр, М.Хойлогдорж нарт мэнд хүргэхийг албан ёсоор хүсчээ.
loading...



