loading...
Монголын волейболын холбооны залуучуудын УАШТ баасан гаригт өндөрлөж, маргаашаас нь Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ. Энэ үеэр МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй уулзаж, дотоодын болон олон улсын тэмцээн уралдааны тухай ярилцсан юм.
-15 дахь удаагийн лигийн тэмцээнд хэдэн баг оролцож байна вэ?
-Эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн баг оролцож байна. МВХ лигийн тэмцээнд тоо бус чанарыг дээшлүүлэхийг зорьж байгаа. Энэхүү тэмцээнд хамгийн өндөр зэрэглэлийн, клубийн шаардлагыг хангасан багууд орж байна. Клуб гэдэг өөрөө тодорхой хэмжээний санхүүгийн чадамжтай, тодорхой тооны тоглогчийг барьдаг байх ёстой. МВХ клубүүдээ мэргэжлийн чиг рүү нь хандуулж байна. Гэхдээ хатуу чанга дүрэм, бодлого хэрэгжүүлэх боломж өнөөдөр алга.
-Лигийн тэмцээн хэдэн тойрог үргэлжлэх вэ. Азийн наадмын үеэр завсарлах уу?
-Оюутны боксын ДАШТ-ээс шалтгаалж анх төлөвлөсөн хугацаанаас яльгүй хойшилсон. Лигийн нэг, хоёрдугаар тойргийн тоглолт болж, арваннэгдүгээр сарын 2-нд завсарлана. Үүний дараа Азийн наадам болон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. МВХ лигийн тэмцээний гуравдугаар тойрог болон шигшээ тоглолтуудыг ирэх оны эхээр үргэлжлүүхээр төлөвлөөд байна.
-Азийн наадамд оролцох багийн бүрэлдэ¬хүүн тодорсон уу?
-Олон улсын тэмцээн манайх шиг өнөөдөр сугалаагаа хийгээд маргааш нь тоглодоггүй. Бид дөрөвдүгээр сард урьдчилсан, есдүгээр сард эцсийн мэдүүлгээ өгсөн. Эрэгтэй, эмэгтэй багийн 12 тоглогчийн нэрээ мэдэгдсэн. Урьдчилсан шатны сугалаа болж, Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт Саудын Араб, Иран, Индонези, Туркменистантай хуваарилагдсан. Сугалааг харахад 1-2 ялах дүр зураг харагдаж байна.
-Манай волейболчдын энэ оны хоёр дахь олон улсын гол тэмцээн Чежүд болох бил үү?
-Тийм ээ. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 1998 оноос эхтэй. Энэхүү тэмцээн тэгш тоотой жил бүр, нийт зургаан удаа болоход Монголын шигшээ баг бүгдэд нь оролцсон. МВХ 2000, 2008 онд нутагтаа зохион байгуулахад эмэгтэйчүүдийн баг мөнгө, хүрэл медаль хүртсэн. Долоо дахь удаагийн тэмцээн БНСУ-ын Чежү хотод болно. Уг нь наймдугаар сард болох байсан ч зохион байгуулагчдын зүгээс шалтгаалж Азийн наадмын дараа болж хойшилсон. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилт үзүүлэх боломжтой байдаг. Үүнд оролцдог багуудын зиндаа нь манайхтай ойролцоо тул илүү ач холбогдол өгдөг.
loading...



