Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Азийн наадмууд, Гуанжоу-2010 » Буудлагын эмэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртлээ

GD Star Rating
loading...

“Цэцэгт хот”-д үргэлжилж байгаа Азийн наадмын 4 дахь өдөр манай буудлагын эмэгтэй тамирчид 25 метрийн спорт гар бууны төрөлд онч мэргэнээ сорилоо. МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Бээжингийн олимпоос энэ төрлөөр мөнгөн медаль хүртэж байсан. Тэгээд ч манай буучид хурдан буудлагатаа шилдэгт тооцогддог болохоор энэ өдөр буудлагынхан төрийнхаа далбаагаа Гуанжоуд мандуулна гэж олон спорт сонирхогчид найдвар тавин хүлээж  байлаа. Тамирчид маань энэ итгэлийг алдалгүй амжилттай оролцож багаараа мөнгөн медалийн болзол хангасан байна.

Өмнөх Дохагийн Азийн наадмаас эмэгтэй буучид багаараа хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулж медалийн өнгийг солилоо.   Түүх сөхвөөс 1998 оны Бангкокийн Азийн наадамд манай буудлагын тамирчид анхны медалиа хүртэж байсан бөгөөд  2002 оны Бусаны Азийн наадмаас  О.Гүндэгмаа 25 метрийн энэ төрөлд хувиараа хүрэл медаль зүүж байсан юм. Тэгэхээр 25 метрийн спорт гар буу манай  тамирчдад медалийн ээлтэй төрөл гэж хэлж болох нь.

Энэ өдрийн тэмцээний хувьд урьдчилсан буудлагад О.Гүндэгмаа 8-р байраар шалгарч финалд үлдсэн бол Ц.Мөнхзул 14-р байрт 574 оноогоор орж Т.Баярцэцэг 19-р байрт 573 онотой орсон. Харамсалтай нь финалын буудлагад О.Гүндэгмаа   5-р байранд шалгарсан: Уг нь 8-р байраар финалдсан манай тамирчин эхний хэдэн сумаараа 10 оноог дараалан авч медалийн болзол хангах 3-р байр хүртэл урагшлаад байлаа. Гэвч сүүлийн хэдэн сумаа амжилтгүй илгээснээр 3-р байранд орсон Ө.Солонгосын тамирчнаас ердөө 0.4 онооны зөрүүтэй гээр шагналт 5-р байранд шалгарсан. 4-р байранд орсон Вьетнамын тамирчин Гүндэгмаатай адил 776 оноо авсан бөгөөд плей-оффын буудлагад 50.8 : 49.7 –р  манай тамирчныг буулган авсан юм.

Х.Солонгосын тамирчин Жо Юүн Сук энэ төрөлд алтан медаль зүүсэн бол мөнгөн медалийг Японы буучин Мори Юкари, хүрэл медалийг Ө.Солонгосын Ли Хо Лим нар хүртсэн. Алтан медалийн эзний хувьд өмнө нь тийм ч өндө р амжилтыг үзүүлж байгаагүй бөгөөд энэ оны дэлхийн аваргын 6-р байранд орж олимпийн эрхээ өвөртлөөд байсан юм байна.

Багийн төрлийн медалиа гардсанынхаа дараа Гүндэгмаа “Уг нь медаль авах боломж байлаа. Даанч сүүлийн хэдэн сумаа тааруухан буудчихлаа. Онооны самбарыг харахаас өмнө би өөрийгөө тийм ч тааруухан буудсан гэж бодоогүй. Тамирчид ерөнхийдөө өөрсдийнхөө хэр буудсаныг гадарлаж байдаг. Гэхдээ энэ удаа буруу бодсон бололтой. 2 медаль авах боломт байсан ч гэсэн бага зэрэг азгүйтчихлээ” хэмээн ярьсан.

Мөн хөдөлмөрийн баатар маань багаараа авсан мөнгөн медалийнхаа талаар “Ер нь наадамд ирэхдээ багийн төрлийн амжилтыг медальд хүрэх хэмжээний байх болно гэж бодож байсан. Түүндээ ч хүрлээ. Шагналын тавцанд гарахад сэтгэл мэдээж сайхан байсан. Биднийн  өмнө орж алт авсан Казакстаны багийнхан их хөгшин тамирчид байсан болохоор “Эмээ нарт ялагдчихсан байна шдээ ” гэж хоорондоо хошигнож байсан” гэжээ.

Мөн Мөнхзул “Медаль авсандаа баяртай байна. Хэдийгээр бага зэрэг муу буудсан ч гэсэн багийнхаа хоёр гишүүдийн хүчээр энэ амжилтыг үзүүллээ” хэмээн ярьсан юм.

Гаунжоугаас sportnews.mn сайтын тусгай сурвалжлагч Г.Баярсайан мэдээлэв

GD Star Rating
loading...
Буудлагын эмэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртлээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: