loading...
Хятадыг тэглэн, бусдыг тэнцүүлье
Азийн наадмаар цээж дүүрэн амьсгалж буй өмнөд нутгийн Гуанжоу хотынхон тивийн “олимпийн” тэмцээн уралдааны “экваторт” хүрэхэд тун дөхлөө. Энэ хугацаанд эзэн орны тамирчид “гэрийн нохойны сүүл өөдөө” гэгчээр хамаг алтан медалийн ургацыг хамж, Солонгос, Япон, Казахстан, Узбекистан, Хонконг, Тайвань, Энэтхэг зэрэг томчууд араас нь чадлаараа элдсээр л байна. Ер нь Азийн Наадмын үеэр Хятадыг “тэг” дугаартай болгон бусдыг нь 1, 2, 3, 4, 5 хэмээн амжилтаар нь эрэмбэлбэл илүү өрсөлдөөнтэй болох байх хэмээн мэргэжилтнүүд хошигнон ярилцаж байна. Учир нь яг энэ цаг мөчид Хятад 97 алтан медаль, харин бусад нь нийлээд 74 алттай байгааг жишихэд л хангалттай.
Мүүний мунхаглал, Цабагийн хэлмэгдэл
Аливаа наадмын эхэнд жүдо, буудлага сүүлд нь бокс, чөлөөт бөх байдаг нь уламжлал мэт тогтжээ. Эхнээсээ наадмын салхийг аатайхан хагалж, алт, мөнгө, хүрлийг булаанхан авдаг жүдочид маань энэ удаа “шинэчлэгдсэн” Азийн Жүдогийн Холбооны “ширүүхэн” шүүлтийн цавчилтад өртөж, олон тамирчид маань хэлмэгдлийн гашууныг мэдрэв. Хамгийн харамсалтай нь аль эртнээс Азийн наадмын хошой аварга болно хэмээн урдчилан тодорхойлогдсон Х.Цагаанбаатар маань эхлээд Тажикийн бөхийг ноолон ноолон хөнгөхөн ялж, дараа нь Кыргызийн бөхийг яаж хаях вэ хэмээн ноцолдож байтал гэнэтхэн агуу их МҮҮН хэмээн Гуулин улсын түшмэл шүүгчдийг дуудсанаа, гэнэтхэн манай бөхийг дүрмийн бус үйлдэл хийсэн тул дэвжээнээс буулгах нь тэр ээ. Тэнд байсан бүх монголчуудын хувьд энэ бол “гэгээн цагаан өдөр гэрэлт цахилгаан буух” мэт эвгүй цохилт болж, Цаба маань татами дээр эсэргүүцэн суусан ч “Ноёдтой заргалдвал…” гэдэг шиг туйлын харамсалтай үйлдэл боллоо. Үүний дараа жүдогийн олон мэргэжилтүүдтэй санал солилцсон боловч Цабагийн ямар буруу үйлдэл хийснийг хэн ч нотолсонгүй. Хэрвээ өрсөлдөгч нь далаараа хэвтэж байсан тохиолдолд татаж нидэрвэл хууль бус нь тодорхой, харин амь тэмцэж явсан Кыргыз бөхийн үйлдлийг өвдөглөсөн үед нь зогсоогоод, зогсоц аваад бүр үнэлгээ авахаар нуга дарсан мэхийг нь мушгин гуйвуулж байгааг бодоод ч олсонгүй. Бодоод ч байх юу байхав, үүнийг “шүүлтийн булхай” гэхээс аргагүй. Бид эсэргүүцэл илэрхийлэх олон арга замыг эрэлхийлсэн боловч Азийн Жүдогийн Холбооны дүрмээр ямар ч “протест” хүлээн авдаггүй дүрэмтэй ажээ. Олон улсад сонгуультай ганц дайчин Б.Пагва маань хэчнээн зүтгээд ч барсангүй, хий дэмий нервээ барав.
МҮҮН гэгч хэн бэ?
Барилдааныг зогсоон, манай шилдэг бөхийн замыг балладаг энэ Мүүн Вон Бэ гэгч хэн бэ? Энэ хүн бол энэ тэмцээний “А” дэвжээний ахлахаар тохоон томилогдсон, Азийн Жүдогийн Холбооны (JUA) шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Чэжү арлын Жүдогийн Холбооны Ерөнхийлөгч, Монголд нэг бус удаа ирсэн, өдгөө нас жар хальсан хүмүүн бөлгөө. Бусан-2002 Азийн Наадмын үеэр Ц.Дамдин гавьяатад үйлчлэн гүйж байснаа, Олон Улсын Жүдогийн Холбооны ерөнхийлөгч Пакийн татаасаар хоёр жилийн дараа харин өөрөө Афин-2004 олимпод шүүсэн. Олимпийн хүрэл медалийн төлөө барилдаанд Х.Цагаанбаатар нь Испаний бөхтэй ач тач үзэлцсэн үед, харийн бөхийн нэгэн дотроос эхэлсэн мэхийг гадаа хэмээн хүчингүй болгосноо байнга ярьдаг, хариу нэхэгч нэгэн. Сая нөгөө ач болсон хүнээ нэгмөсөн “хөмөрч”, зүв зүгээр барилдаж байсан Цабаг маань хэлмэгдүүлсэн этгээд. Уг нь Цаабаа маань олон газар ийм шүүгчийн дарамтыг амсаж байсан бөгөөд шүүгчтэй цуг бүгдийг нь савахыг савж, дарахыг нь дарж байсан бөхдөө… Эр хүний замын хүзүү уртдаа…
Гүндээ ба түүний нөхөд
Буудлагынхан жүдочдынхоо хариуг авахаар галт зэвсгээ агсан тулаанд орсон ч О.Гүндэгмаа тэргүүтэй мэргэн буучид маань шагналын тавцангийн хамгийн дээр арай ч гишгэж чадсангүй, Казахстаны багийн ард оров. Энэ жил Казахстанынхан манай хэд хэдэн жүдочдыг өвдөг шороодуулж, 58 настай Белаева гэдэг эмээтэй баг нь Монголын буудагчдаас 6 оноогоор илүү гаран түрүүлж манайхан аваргаа алдсан. Асгат Житкеев ч баяртай байгаадаа. Жүдогийн бие халаалтын өрөөнд Н.Түвшинбаяр хуучин анд Асгат Житкеевтэй, 1998 оны Азийн Наадамд ялж байсан, олимп, дэлхийн аварга Кензо Накамура нь Халиуны Болдбаатартай уулзах нь түүхэн мөч гэлтэй. Уг нь Цаабаа+Гүндээ хоёрыг хос алтан медаль зүүнэ гэдэгт олон монголчууд эргэлзэхгүй байсан юмсан. Одоо бол Лондон-2012 хүртэл хойшлуулахаас аргагүй ээ.
Арслангийн хүрхрэлт

фотог: Ж.Батмөнх
Х.Мөнхбаатар арслан маань аргагүй л Хятадын бөх Ван Хаог пид хийтэл буулгасны дараа араатны хаан арслан мэт хүрхрэв. Улсын баяр наадамдаа түрүүлсэн, Курашийн дэлхийн аваргаа мөнгө хүртсэн Хадбаатарын хүү өнөөдөр Азийн олимпоос жүдо бөхийн хүнд жингээс хүрэл медаль зулгаасан нь сайшаалтай. Олимпийн аварга Түвшээ, Улсын арслан Х.Мөнхбаатар, жүдогийн Э.Энхбат, аймгийн арслан Ш.Жаргалсайхан нар саяхан Аварга дээд сургуулийн дотуур байрны нэг өрөөнд оюутнууд байсан бол 4-5 жилийн дараа ийм сайхан амжилтын эзэд болжээ.
Гэмтэл, бэртэл, бас …
Монголын бейсболын багийн тоглогч-дасгалжуулагч Хатанбаатар Хятадын багтай хийсэн анхны тоглолтын эхэн үед бөмбөгөнд оногдож, хамартаа хүнд гэмтэл авч хагалгаанд орсон бол жүдогийн анхны хүрэл медальт Ц.Наранжаргалын Монголоос ирсэн хатгаа нь хүндэрч хоёулаа эмнэлэгт хэвтжээ. Гэвч Монголын багийн хамт олон, эмч нар байнга асрамжилж, эргэж тойрсны үрээр тамирчид маань түргэн илааршиж байна.
Оролцогчоос оройлогч
2006 оны Азийн наадмыг одоогийн Ерөнхий сайд Сү.Батболд удирдаж байсан бол өдгөө УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир тэргүүлж байна. Буудлага амьтай Очироо chef ихэд зүтгэсэн ч манай буудагчид ерөнхийлөгчөө алтаар мялааж чадсангүй. Харин жүдочид маань 1мөнгө + 5 хүрлийн ургац хурааж, ушүгийн санда боксийн төрлийн М.Батжаргал маань бас хүрэл медалиар багийнхаа цуглуулгыг чимлээ. 2006 оны Доха Азийн Наадамд Очироо гишүүн Буудлагын холбооны тэргүүлэгч гишүүний хувиар оролцож байсан юм.
loading...



