Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Азийн наадмууд, Гуанжоу-2010 » “Гуанжоу 2010″ зургаа дахь өдөр

GD Star Rating
loading...

Цэнхэр замчид нутаг буцлаа

16 дахь Азийн наадмын усан замд уралдсан  тамирчид маань тэмцээнээ өнөөдрөөр дуусгалаа. Эх орноо төлөөлөн оролцсон 3 тамирчдаас энэ өдөр 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Б.Дөлгөөн уралдаж Катар, Лаос, Иемений тамирчдыг усаар булж 3-р байранд шалгарлаа. Б.Дөлгөөн тэмцээний 4 дэх өдөр өөрийнхөө хамгийн сайн уралддаг 100 метрийн араар даллах сэлэлтэд 1:05.61  цагийг үзүүлж улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Өмнөх рекордыг н.Өрнөлтсайханы 1:07 секундээр эзэмшдэг байсан юм. Өдгөө 25 настай манай тамирчин сүүлийн 2 жилийн УАШТ-д тогтвортой амжилт үзүүлжбайгаа. Энэ жилийн хувьд Буриадын АШТ-ээс 2 мөнгө , 3 хүрэл медаль зүүгээд байсан бөгөөд Азийн наадамд уралдсан төрөл болгондоо сайн амжилт үзүүлснийг нь дурьдах хэрэгтэй. Мөн 50 метрийн эрвээхэй сэлэлтэд Г.Оюунгэрэл уралдаж  34.26 сек-н амжилт үзүүлсэн. Манай залуу тамирчин 16-р наадамд 5 төрлөөр оролцож хувийнхаа амжилтуудыг шинэчлэн, туршлага судлан нутаг буцсан юм. Тэмцээнд оролцох IP картаа орхисноос болж 2 уралдаандаа оролцож чадаагүй Э.Бямбасүрэн сүүлийн зай болох 100 метрийн чөлөөт сэлэлтдээ 1:03.58 цагийн амжилт үзүүллээ. Усан замчдын амжилт дараа дараагийн наадамд ахих нь дамжиггүй.

Ганц дайчин “ганцаардав”

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ тэгш тоотой жил болдоггүй тул ширэн бээлийтнүүдийн маань энэ жилийн гол тэмцээн Азийн наадам болоод байгаа. Гэвч хамгийн их хичээх ёстой энэ тэмцээнээ манайхан тун тааруухан эхлүүлээд байгаа. Н.Төгсцогтоос эхлээд нэг нэгээрээ нутаг буцах тийзээ зохиалж буй энэ үед ОУХМ С.Идэрхүү (56 кг) ширэн бээлийтнүүдийн нүүрийг тахалж Н.Шинэбаярын хамт дараагийн шатанд үлдсэн. Гэвч шөвгийн 16-гийн шатанд С.Идэрхүү Тайландын Варапож Печкоомд 2 : 1-р ялагдлаа. Эхний үед хэн хэн нь оноо авч чадалгүй дууссан бол 2-р үед Тайландын тамирчин 2 оноо дараалан авч өөртөө давамгай байдлыг үүсгэв. Энэ үеийг манай боксчин 2 : 1-р ойртуулан дуусгасан ч сүүлийн шийдвэрлэх үед өрсөлдөгч нь оноогоо хамгаалан зугтсаар байгаад цаг дуусгаж ялалт авлаа. Бэртэл нь бүрэн эдгэрээгүй тул Азийн наадмыг өнжсөн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы оронд С.Идэрхүү Гуанжоуд ирсэн юм. Дашрамд дуулгахад Э.Бадар-Ууган гэр бүлийн хамт Азийн наадмыг ирж үзэж байгаа юм байна. 75 кг-ийн шөвгийн наймд үлдсэн Н.Шинэбаяр 20-нд 16:15 цагаас Узбекийн боксчинтой тулна.

Тамирчид сэлмээ барин “дайнд” мордлоо

Туялзуур сэлэмчдийн тулаан өнөөдрөөс  эхэлж байгаа. Дэлхийн талыг сэлэмдээд эзэлж явсан болохоор бидний цусанд энэ төрлөөр амжилт гаргах их хүч нуугдаж буй нь дамжиггүй. Энэ сарын эхээр Парист зохион байгуулагдсан ДАШТ-дхөнгөн сэлэмний төрөлд (foil) улсын аварга болсон Б.Баттөмөр, хүнд сэлэмний төрөлд (epee) Э.Баярбат нар оролцож дэлхийн дэвжээнд анхны мөрөө гаргаад ирсэн.  Харамсалтай нь Гуанжоуд манай сэлэмчид ирж чадсангүй. Гэхдээ ирэх онд туялзуурчдыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа болохоор бэлтгэл сургуулилтаа чамбай базааж амжилттай оролцохыг хүсье.

Гандболчдын “анти” амжилт

Эрэгтэй гандболын баг Азийн наадамд ховор тохиох амжилт  тогтоолоо. Амжилтын тодотгол нь ‘анти’ буюу сөрөг байгааг эс тооцвол нэг ч гэсэн зүйлээрээ бусдаас ялгарч байгаа нь яамай. Саудын Араб, Хятад, Япон гээд Азийн луугаруудтай нэг хэсэгт багтсан болохоор тоглолт болгондоо манайхан арвин их гоол алдаж байгаа. Сүүлд хийсэн хэсгийн 4 дэх тоглолтын дүнг нэмбэл нийт 259 бөмбөг манайхан хаалгандаа алджээ. Эсрэг багтаа хийсэн 66 бөмбөгөөс үүнийг хасвал -193 гэсэн Азийн наадамд урьд өмнө ховорхон дуулдаж байсан тоо гарч ирж байх юм. Одоо хэсгийн лидер Энэтхэгтэй тоглохыг бодож үзвэл дээрхи хасах тоо улам ч ихсэх нь шиг байна.

Дугуйчид ардаа 2 “сүүдэртэй”

Эрэгтэй, эмэгтэй уулын дугуйн уралдаан энэ өдөр Дашушан дугуйн уралдааны замд явагдлаа. Манай Б.Мягмарсүрэн, Ж.Өлзийбаатар нар энэ төрөлд уралдсан. Уулын замд төдийлөн бэлтгэл хийж байгаагүй болохоор амжилт гаргах найдвар бага байсан ч дугуйчид маань  ямар ч байсан зайгаа дуусган барианд орсон. Гэхдээ эхний 6 тамирчдад тойрогдуулсан болохоор байр эзлүүлсэнгүй. Бариандаа орж чадаагүй Тайланд, Хятадын 2 тамирчны өмнө манайхны нэр бичигдсэн.

“Эгшиглэн” эгшиглэв

“Шар тив”-ийн их наадмын хүрээнд Азийн орон бүрийн урлагийг үндэсний дуу хөгжим, соёлыг  сурталчилсан урлагийн наадам Гаунжоуд зохио байгуулагдаж байна. Манай үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлаг “Цэцэгт хот” хотод хүрэлцэн ирж хотын дуурийн театрт болсон урлагийн тоглолтод эх нутгийнхаа уртын дуу, морин хуурын эгшигээр ая дууны цэнхэр хадаг өргөв.

“Данди” хамгийн …

Азийн наадмын сагсчдын хамгийн хамгийн жагсаалтыг гаргатал манай “Данди” буюу Д.Бат-Эрдэнэ  нилээд дээгүүр жагсаж байгаа бололтой.  Гуанжоуд ирсэн сагсчдаас жингээр хамгийн бага мөн өндрөөр хамгийн доогуур, насаар хамгийн  ахмадуудын тоонд багтаж байгаа ч манай Данди  гандан буурахгүй  бужигнуулсаар байна. Түүний бөмбөг таслалтууд дараа дараагийн тоглолтод багтаа ялалт авчрахад тус болох нь дамжиггүй.

Гуанжоу  goodjob !

Дэлхийн өнцөг булан бүрээс “Цэцэгт хот”-г зорин ирсэн сэтгүүлчдийн талархлыг Гуанжуогийн наадмын сайн зохион байгуулалт ихэд хүлээж байна. Дэлхийн сэтгүүчдийн холбооны сайтад хүртэл энэ талаар магтаж бичсэнээс тэд үнэхээр сайхан орчныг бүрдүүлснийг харж болно.  Наадмын зохион байгуулагчдын мэдээлснээр албан ёсны бүртгэлтэй 9, 585 сэтгүүлчид Гуанжоуд ажиллаж байна.

GD Star Rating
loading...
"Гуанжоу 2010" зургаа дахь өдөр, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. САнаа says:

    Гаргасан амжилт шигээ л даруухан бичиж байх хэрэгтэй. уншихад тохиромжтойгоор

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: