loading...
Автоспортын хаан “Формула-1”-ийн түүхэн дэх хамгийн залуу аварга Себастьян Феттель Германы нэгэн сайтад доорх ярилцлагыг өгчээ. Тэрбээр өнгөрсөн болон айсуй ирэх жилийн ДАШТ-ий талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна.
-Та “Формула-1”-ийн дэлхийн аварга болсноос хойш бараг сар өнгөрлөө. Энэ хугацаанд та чухам юу болсныг ухаарч, сэхэл авч амжсан байх гэж найдаж байна?
-Үнэхээр тухайн үед юу болоод өнгөрсөн нь зүүд мэт санагдаж байна. Мөрөөдлөө хэрхэн биелүүлж, яаж түрүүлж чадсанаа сүүлийн хэд хоногт эргэцүүлэн бодсон. Уралдаанаас хойшх эхний долоо хоног баяр хөөрөөр дүүрэн байсан ч хэтэрхий замбараагүй өнгөрсөн. Харин сүүлийн үед амьдралын хэв маяг энгийн хэмнэлд шилжиж, амжилтаасаа жинхэнэ утгаараа таашаал авч эхэллээ.
-Бэлтгэлдээ эргэж орсон уу?
-Бидний хувьд өвлийн улиралд бэлтгэл хийхэд хамгийн үр өгөөжтэй гэж үздэг. Уралдааны улирал эхэлмэгц нүүдлийн байдалтай болдог тул бэлтгэлээ ханалттай базааж чаддаггүй. Харин уралдааны дараах эхний хоёр долоо хоногт бие сэтгэлээ амрааж, дараа нь бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулахад тохиромжтой. Энэ сарын сүүлээр бэлтгэлээ эрчимтэй эхэлж, ирэх хоёрдугаар сарын сунгаандаа эрч хүчтэй орох жишээтэй.
-Уралдааны шинэ машины¬хаа суудалд хэзээ суух вэ. “Ред Булл” буюу RB7 машиныг бүтээх ажилд оролцсон гэв үү?
-Шинэ машинаа ирэх хоёрдугаар сарын эхээр шалгаж үзнэ гэж тооцоолсон. Хамгийн орчин үеийн загвар болохоор хурд хүчний талаар ярих юмгүй биз. Би өөрөө уралдаантай байсан болохоор энэ гайхамшгийг бүтээх ажилд төдийлөн оролцож амжаагүй.
-Шинэ машины талаарх сэтгэгдэл ямар байв?
-Мэргэжилтнүүд өнгөрсөн зургадугаар сараас хойш ажил¬ласан гэхээр ямар машин болох нь тодорхой. Миний хувьд бусад машинтай зүйрлэшгүй, гайхалтай хурдан байх сэтгэгдэл төрсөн. Гэхдээ шинэ машиныг хоосон зам дээр бус зөвхөн уралдааны үеэр шалгах боломжтой болохоор дүгнэлт хийхэд эрт байна. Өрсөлдөгчид ч гэсэн шинэ, хурдтай машин хөлөглөх нь тодорхой.
-Та дөнгөж 23 настайдаа ийм өндөр амжилтад хүрлээ. Амжилтын тань нууц нь юунд байна?
-Би уралдаанаас үгээр хэлэхийн аргагүй таашаал авдаг. Машины дээд хурдыг сорьж, хүчин чадлыг тултал нь шалгах дуртай. Үүнээс гадна тамирчин хүний нэгэн адил ирээдүйг зөвхөн сайхнаар харж, зөвхөн оргил өөд тэмүүлдэг. Миний хувьд дэлхийн аваргын цом сонин биш. Энэ бол зөвхөн эхлэл. Хамгийн чухал зүйл бол өмнөх шигээ эрчимтэй хичээллэж, цаашид амжилтаа ахиулах юм.
-Одоогоос 16 жилийн тэртээ домогт Михаэль Шумахер ДАШТ-ий анхны цомоо гардаж байсан. Та түүний шүтэн бишрэгч байсан гэл үү?
-Тийм ээ. Би өнөөг хүртэл дэмжигч нь хэвээр. Би түүнтэй уулзах бүрт эхлээд Михаэль ахыг, дараа нь дэлхийн долоон удаагийн аварга хүнийг олж хардаг. Түүнээс би суралцаж дуусаагүй л байна.
-Шумахер герман хүн гэдэг утгаараа таны карьерт сөргөөр нөлөөлж байсан явдал байгаа юу?
-Аливаа нисэгчийн амжилтад авьяас, ар гэрийн дэмжлэг, ивээн тэтгэгчид гол нөлөө үзүүлдэг. Шумахер анх германчуудыг “Формула-1”-тэй танилцуулсан хүн. Ингэснээр залуу тамирчдыг дэмжиж, уралдаанд орох боломж олгох нь зүйтэй гэдгийг хүмүүст ойлгуулсан. Үүнд оруулсан хөрөнгө амжилтаар илэрдгийг Шумахер нотолсон. Өөрөөр хэлбэл түүний хийж бүтээсэн зүйл миний спортын замналыг харьцангуй дардан болгосон гэсэн үг.
loading...




