loading...
Эрэгтэй 20 км ганцаарчилсан
Словений Поклюкад 2010 оны Дэлхийн цомын сүүлийн гараа эхэллээ. Шинэ улирал эхэлснээс хойш Норвегийн эрэгтэйчүүд 6 дараалан түрүүлээд байсан. Харин энэ удаа тэдний ялалтын цуврал төгсгөл болж Австрийн Даниэль Мезотич тэргүүн байр эзэллээ.
34 настай ахмад тамирчин карьертаа 3 дахь удаагаа Дэлхийн цомын түрүү хүртэж байна. Өмнө нь тэр 2002 онд Антхольцд, өнгөрсөн жилийн нэг сард мөн Антхольцд түрүүлж байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа шагналын тавцанд хамгийн дээр зогслоо. Мезотич эхний буудалтаас нэг сум алдаж торгууль хүлээсэн.
Харин үүнээс хойш ямар нэгэн алдаа гаргалгүй тэшсээр 52:05.6 минутад барианд тэргүүлэн орсон. Түүний ард төдийлөн таамаглалд багтаагүй Швейцарийн Бенжамин Вегер 58.4 секундын алдагдайгаар, 3-р байранд Украйны Сергей Седнєв 1:21.2 минутын дутуугаар орсон. Уг нь уралдааны эхнээс Австрийн Кристоф Зуман тэргүүлэгчийн байранд явж байсан. Гэвч сүүлийн буудалт дээр Австри эр 2 сум гарздаж торгууль хүлээснээр түрүүлэх боломжоо алдсан юм. Эцсийн дүнд Зуман дөнгөж 9-р байранд нутаг нэгт Мезотичоос бүтэн 2 минутаар хоцрон барианд орсон юм.
Поклюкагийн “зальтай” салхи мэргэн буудагчидад чамгүй төвөг учруулж байлаа. Хэсэгхэн хугацааны дотор чиглэлээ өөрчлөн буучдыг сандаргаж байсан бөгөөд ялангуяа улирлыг гайхалтай эхлүүлcэн Норвегчүүдийн сумыг салхи өөр тийш нь залах нь тэр. Тарьей Бё, Свендсен нар тус бүр 4 удаа байгаа оноогүй бол Бьёрндален бүр 7 сум алдсан. Тарьей Бё Норвегчуудаас хамгийн гайгүй амжилт үзүүлж 12-р байр эзэлсэн. Гэхдээ тэргүүн байр эзэлсэн Мезотич салхины учрыг олох аргаа мэдэж байсан бололтой. Тэрээр “Энд салхи асуудалт үүсгэнэ гэдгийг би мэдэж байсан. Тийм болохоор би анхаарлаа маш сайн төвлөрүүлж бусад зүйлсийн талаар тийм ч их бодоогүй. Энэ магадгүй надад тусалсан байх. Миний бэлтгэл хийж байсан бааз эндээс 35 минут явах зайд байдаг. Тийм болохоор уралдааны өмнө би энд олон удаа ирж Словений багийг бэлтгэл хийж байхыг харсан юм. Тийм болохоор эндхийн уур амьсгал зам надад маш дотно санагдаж байсан. Хөгжөөн дэмжигчид ч гайхалтай байлаа” гэжээ.
Мөн “Би 2 дахь Дэлхий цомын түрүүгээ авах гэж 8 жил хүлээсэн. 2002 онд анх түрүүлж байснаа бодвол би хавьгүй илүү тамирчин болсон байх. Буудалт болон тэшилт гээд л. Мөн хамт бэлтгэл хийсэн Австрийн багийнхан маань миний амжилтын бас нэг нууц юм” гэж ярив. 3-р байранд орсон Сергей Седнєв ч мөн өнгөрсөн зун Поклюкад ирж бэлтгэл хийж байсан бөгөөд энэ хотын иргэд болон цаг агаар түүнд маш дотно санагддаг талаар ярьжээ. 4-р байранд Седнєвийн нутаг нэгт Олег Брежны орсон юм.
Энэ гарааны бүрэн дүнг эндээс харна уу
Зургийн цомог
| Төрөл : | Алт : | Цаг | Мөнгө : | Цаг | Хүрэл : | Цаг |
| 20 км ганцаарчилсан |
Даниэль Мезотич |
52:05.6 (1+0+0+0) |
Бенжамин Вегер |
53:04.0 (0+0+1+0) |
Сергей Седнєв |
53:26.8 (1+0+0+1) |
Эмэгтэй 15 км ганцаарчилсан
Ванкуверийн олимпийн аварга Тура Бергер гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж шар-энгэрэвчийг эзэмшиж байгаа Мякяряйненыг ардаа орхилоо. Сүүлийн 700 метр эхлэхэд Бергер Кайсагаас 2.1 секунд алдаж байв. Мякяряйненыг барианаас гарсан цагаасаа эхлэн 3 дахь түрүүгээ хүртэх хэмжээний сайн байсан. Бүх буудалтаа алдалгүй төгс гүйцэтгэж байсан ч сүүлийн зогсолт дээр 1 сум алдсан нь түүнд гай авчирсан юм. Харин Тора Бергер нэг ч сумаа алдаагүй. Тэрээр Финлянд бүсгүйгээс 6 тамирчны дараа гараанаас гарсан юм.
Ингээд сүүлийн 700 метр налуу хэсэгт Бергер тэдний хооронд байсан 2.1 секундын зайгаа нөхөж чадсанаар тэргүүн байр эзэллээ. “Би Кайсагаас удаан тэшиж байна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ сүүлийн тойрогт хичээж чадвал гүйцэж болохоо мэдээд бүх хүчээ дайчилсан. Миний буудалт харин маш сайн байлаа. Өмнөх өдрүүдэд манай эрчүүд маш сайн байсан. Харин энэ өдөр Норвегийн ялалтын цувралыг үргэлжлүүлж чадсан даа баяртай байна” гэж Бергер ярив.
Мякяряйненд мэдээж энэ ялагдал харамсалтай байсан ойлгомжтой. “Өгсүүр хэсэгт би багагүй цаг алдсан. Үнэндээ харамсалтай л байна. Гарцаагүй авах байсан ялалтаа ингэж алдана гэдэг хэнд сайхан байх билээ дээ. Гэхдээ шагналын тавцанд гарч оноо авсанаа чамлаж бас болохгүй” гэж Кайса ярилаа.
Үүлэрхэг өдөр явагдсан энэ өдрийн уралдааны үеэр зарим нэг биатлончдын хуруу хөлдсөн байв. 3-р байранд орсон Францын Мари́-Лор Брюне́“Эстерсундэд би 2 хуруугаа хөлдөөсөн. Одоо ч гэсэн ямар нэгэн зүйл мэдрэгдэхгүй л байна. Өнөөдөр ч гэсэн маш хүйтэн байлаа. Иймэрхүү цаг агаарт уралдах нь надад маш хүнд байна” гэсэн. Мякяряйнен мөн “Хэдэн жилийн өмнө би нутгийнхаа Муониод хасах 20 хэмийн хүйтэнд бэлтгэл хийж байсан. Түүнээс хойш хүйтэн цаг агаарт уралдах бүрт хуруу болон хамар хөлдөх тохиолдол цөөнгүй гарч байсан. Энэ жил гэхдээ арай л хүйтэн байна” хэмээв. Брюне́энэ өдрийн уралдаанд 3-р байр эзлэн 43 оноо авснаар ганцаарчилсан төрлийг тэргүүлж эхэллээ. Ирэх гараанаас тэр улаан-энгэрэвчтэй уралдана гэсэн үг.
Эмэгтэйчүүдийн гараа өдрийн 2:15-аас эхэлсэн ч нар альхэдийнэ уулын цаагуур орсон байлаа. Мөн үүлэрхэг өдөр байсан учир тэмцээний зохион байгуулагчид гэрэлтүүлэг ашиглахаас өөр аргагүй болсон юм. Гэхдээ эрэгтэйчүүдийнхтэй адил салхи биатлогчдод тийм ч их хүндрэл тариагүй. Өглөөгүүр бага зэрэг ширүүн байсан ч үдээс хойш салхины хүч багассан байлаа. Тиймээс энэ өдөр эхний 6 байранд орсон бүсгүйчүүдийн 4 нь сум гарздалгүй барианд орсон. 4-р байранд орсон Украйны Валентина Семеренко, .6-р байранд түүний нутаг нэгт Марина Лебедева нар 20 сумаа бүгдийг нь байндаа зоосон. Германы алдарт Нойнер тэргүүлэгчээс 2:27.6 минутаар хоцорч 8-р байранд орсон. Тэрээр 4 сум алджээ.
Энэ гарааны бүрэн дүнг эндээс харна уу
Өнөөдөр Поклюкадад эрэгтэй, эмэгтэй спринт төрлүүд явагдах болно. Монголын цагаар эрэгтэй 16.15-аас, эмэгтэй 19.00 цагаас уралдаан эхэлнэ.
| Төрөл : | Алт : | Цаг | Мөнгө : | Цаг | Хүрэл : | Цаг |
| 15 км ганцаарчилсан |
Тура Бергер |
42:47.0 (0+0+0+0) |
Кайса Мякяряйнен |
42:48.8 (0+0+0+1) |
Мари-Лор Брюне |
43:22.3 (0+0+0+0) |
Зургийн цомог
loading...















nice
loading...
Sleptsova iin teshih hurd buursan bn le. Oros uud udaan l da gehdee sain buuddag bsan yum. Ene jil buudah n ch sain bish bn da.
loading...
tyra berger sain tamirchin gehdee. garaanaas garch baigaa baidal bolon teshiltiin baidal aimaar muuhai haragddag. galbirgui bietei shuu
loading...