Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Ярилцлага » Н.Төгсцогт “Их зүйл сурч байна”

GD Star Rating
loading...

Манай шилдэг ширэн бээлийтнүүд AIBA-гаас зохион байгуулж байгаа Боксын дэлхийн лигт өрсөлдөж байгаа билээ. Н.Төгсцогт /54 кг/ Азербайжаны “Баку Файрс” багт,  Италийн “Милано Тандер” багт З.Энхзориг /61 кг/ мөн Америкийн “Мемфис Форс” багт Э.Идэрхүү /54 кг/, У.Мөнх-Эрдэнэ /61 кг/ нар өрсөлдөж байгаа юм. Одоогоор  дэлхийн лигийн хэсгийн хоёрдугаар хагас үргэлжилж байна. Ингээд Азербайжаны нийслэл Баку хотод “Баку Файрс” багийн харьяалалд тоглож байгаа МУГТ Н.Төгсцогтоос тэмцээн уралдааных нь талаар хэдэн зүйл тодрууллаа.

Юуны түрүүнд оны шилдэг эрэгтэй оюутан тамирчнаар шалгарсанд баяр хүргэе ! Шагнал авсанаа яаж мэдсэн бэ ?

Баярлалаа. Энэ шагналыг авна гэж төдийлөн бодоогүй байсан юм. Байнгын бэлтгэлтэй байгаа болохоор цаг зав ч хомс гардаг. Харин сая бэлтгэлээ дуусгаад өрөөндөө орж иртэл хүмүүсээс баяр хүргэсэн мессэж ирсэн байсан. Тэгээд л мэдлээ.

Одоо оролцож байгаа тэмцээнийхээ тухай товч мэдээлэл өгөхгүй юy ?

AIBA-гаас анх удаа зохион байгуулж байгаа “World Series of Boxing” гэдэг тэмцээнд оролцож байгаа. Тив тивийн шилдэг 12 багийг багтаасан боксын дэлхийн лиг гэж ойлгож болно.  Би Азийн шилдгүүдийг  багтаасан “Баку Файрс” гэдэг багийн гишүүн болсон. Манай баг Азийн хэсэгтээ ганц ч ялагдалгүй 4 хожилтой тэргүүлж байгаа. Солонгосын Инчеон Ред Уингз, Хятадын Бээжин Драгонс, Казахстаны Астана Арланс гэсэн багуудтай нэг хэсэгт багтсан юм. Би одоогоор тоглолт хийгээгүй л байна. Он гараад Казахын багтай хийх тоглолтод харин оролцох байх. 12 сарын 11-нд Бакуд ирсэн.

Танай багт дэлхий аваргын медальтай шилдэг боксчид олон байгаа гэж сонссон. Багийнхаа талаар сонирхуулвал ?

Манай баг 15 тамирчинтай. Надтай нийлээд дэлхийн аваргын медальтай боксчид 5 байгаа. Сайн бүрэлдэхүүн бүрдүүлсэн гэдэг нь эхний тойргийн тоглолтуудаас л харагдсан.  Бас Евгений Котов гэж алдартай дасгалжуулагч ажиллаж байгаа болохоор багийн амжилт сайн байх нь аргагүй. Манай баг Баку хотын “Серхедчи” гэж олимпийн спортын цогцолборт бэлтгэл сургуулилтаа хийж, ерөнхийдөө энд байрладаг. Олон сайн тамирчидтай цаг бэлтгэл хийж байгаа болохоор их зүйл сурч мэдэж авч байна. Өмнө нь багш нарыгаа дагаад л хий гэсэн зүйлийг нь хийгээд явдаг байсан бол энд ганцаараа байгаа болохоор бүхнийг бие дааж сурах хэрэгтэй болсон. Бүх асуудлаа өөрөө л зохицуулаад явж байгаа.

Хэлний тал дээр ямар нэгэн асуудал гарч байна уу ? Багийнхантайгаа хэр зэрэг ойлголцож байна.

10 жилд байхдаа Англи, Орос хэл үздэг байсан болохоор ярилцаад ойлголцоод л байгаа. Бүр болохгүй бол дохио зангаагаар ч гэсэн учраа олно шүү дээ (инээв) Ер нь хэлний мэдлэгээ сайжруулах ёстой юм байна гэдгийг ойлгож  л байна.

Гуанжоугийн Азийн наадмын талаар эргэн дурсая. Манай боксчид энэ тэмцээнд  бодит боломжоосоо тун тааруу амжилт үзүүлсэн. Өөрийн чинь хувьд эхний шатанд Узбекистаны тамирчинд 9 : 2-оор ялагдал хүлээсэн.  Сугалаа хүнд таарав уу эсвэл бэлтгэл тааруу байв уу ?

Ер нь бол сэтгэлзүйн тулаанд  би ялагдчихсан гэхэд болно. Эхний шатны сугалаа гарсны дараа ямар тамирчинтэй таарсан талаараа нэг их бодоогүй. Хурдан ялаад дараагийн шатанд ямар тамирчинтай таарах бол гэж бодож байсан. Узбекистаны боксчин миний энэ алдаан дээр сайн ажиллаж богино хугацааны дотор олон оноо салгаж амжсан. Энэ Азийн наадам надад маш том сургамж болсон гэж бодож байна. Цаашдаа улам хичээх ёстой юм байнэ гэдгээ эндээс ойлгосон.

Өнгөрч байгаа 2010 онд нийт хэдэн тэмцээнд оролцож, ямар ямар амжилт үзүүлэв ? Энэ онд үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байгаа юу ?

Оны эхэнд 3 сард Иранд болсон залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль авсан. Аваргын төлөөх тоглолтод Казахстаны тамирчинтэй таараад нэг оноогоор ялагдсан. Ер нь бол шүүлтийн тал дээр бага зэрэг маргаан гарсан л даа.  Дараа нь 4 сарын сүүлээр Азербайжаны нийслэл Бакуд Залуучуудын дэлхийн аваргад оролцоод бас л харамсалтай байдлаар ялагдсан. Медалийн төлөөх тулаанд Польшийн тамирчин Дэвид Мишелиустэй тоглоод 4 : 5-аар ялагдсаны дараа нэг хэсэгтээ л тайвширч чадаагүй.  Үүний дараа Буриад улсын гавьат тамирчин Олимпийн мөнгөн медальт Бараниковын нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль авсан. Оюутны дэлхийн аваргад амжилттай оролцож алтан медаль авсан ч Азийн наадамд тааруухан оролцчихлоо. Ер нь өнгөрч байгаа он миний хувьд тун хатуу жил боллоо. Хэд хэдэн хүнд ялагдал амссан болохоор. Гэхдээ ялагдлаас их зүйлийг сурч авдаг болохоор цаашдын тоглолтууддаа алдаа гаргахгүйг хичээнэ.

Хэзээ эх орондоо эргэж ирэх вэ ?

WSB-гийн финалын тоглолт ирэх оны 5 сард явагдана. Тэр болтол эндээ бэлтгэл сургуулилтаа хийж байх байх. Гэхдээ ирэн очин байна.

Ирэх онд хүлээж байгаа томоохон тэмцээнүүд юу байна ? Олимпийн эрх олгох гол тэмцээн  ?

Сондгой тоотой жилүүдэд болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маань ирэх оны хамгийн том тэмцээн. Дэлхийн аваргад бэлтгэлээ сайн хийж байгаад олимпийн эрх авах бодол байгаа. Мөн Азийн аваргаас эхлүүлээд нилээд шахуу хуваарьтай олон тэмцээн хүлээж байгаа даа.

Шинэ он гарах гэж байгаа болохоор монголынхоо ард түмэнд зориул мэндчилгээ дэвшүүлэхгүй юу ?

Ирж байгаа 2011 ондоо монголчууд маань бүгдээрээ  эрүүл энх,  аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе. Шинэ оноо аз жаргалаар дүүрэн сайхан угтаарай.

GD Star Rating
loading...
Н.Төгсцогт "Их зүйл сурч байна", 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Zochin says:

    Bakud baigaa hunees yaj yaria avsin? ineev ntr getsen ard ni xaxa

    GD Star Rating
    loading...
  2. hehe says:

    tehnik tehnologi gej medku l bnada kk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: