loading...
Европ, дэлхийн аварга Испанийн шигшээ багийн ахлагч Икер Касильяс Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад ярилцлага өгчээ. Өдгөө цагийн хамгийн шилдэг хаалгачдын нэг тэрбээр ДАШТ, “Реал” клубийнхээ тухай болон зорилгынхоо тухай ийн ярьжээ.
-Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах торгон агшин ойртож байна. Та хэнийг шилдэг болоосой хэмээн бодож байна вэ?
-Испани тоглогч энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болох нь ойлгомжтой. Учир нь бид өнгөрсөн ДАШТ-д маш чамбай тоглосон. Испани тоглогч шилдгээр шалгарахгүй бол шударга бус явдал болно.
-Нэр дэвшигчдийн дунд таны нэр байсан. Гэвч энэ шагналыг хаалгач хэзээ ч авч байгаагүй. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Хаалгачаас бусад байрлалын тоглогч аливаа шагналын эзэн болох нь элбэг. Учир нь тэдний гоол, дамжуулалтын хүчээр баг нь ялалт байгуулдаг. Магадгүй хаалгач бид багийн шоовдор юм болов уу. Тиймээс ч багийнхнаасаа өөр өнгийн хувцас өмсдөг /инээв/.
-2010 оны ДАШТ-д испаничууд хамгийн цөөн гоол алдсан. Тэгэхээр та энэ шагналыг хүртэх эрхтэй юм биш үү?
-Манай хамгаалагчид ч сайн тоглосон. Эсрэг багтаа хаалганд ойртох боломж олгохгүй байх нь хамгийн чухал шүү дээ.
-Гэхдээ хагас хамгаалагч, довтлогчдыг их магтсан шүү дээ?
-Манайх авьяаслаг тоглогчдоос бүрдсэн үнэхээр төгс баг байсан. Хамгийн чухал нь бие биедээ тусалж, тун сайн ойлголцож, жинхэнэ нэг гар шиг байж чадсан.
-Довтлогч Давид Вилья “Алтан шаахай”-н эзэн болоход ганц хуруу дутсан?
-Тийм шүү. Гондурасын эсрэг тоглохдоо 11 метрийн торгуулийн цохилт алдсан. Үүнээс болж энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болох боломжоо алдсан. Гэхдээ Давид бол гайхалтай тоглогч. Түүний оруулсан таван гоол бүгд чухал байсан. Бид түүнд талархах ёстой.
-Та 2007-2008 оны улирлаас хойшх улс, тив дэлхийн чанартай бүх тоглолтод оролцлоо. Ядрахгүй байна уу?
-Үнэхээр ингэж ажиллана гэдэг хэцүү. Өнгөрсөн гурван жилд би маш богино хугацаагаар амарсан. Гэхдээ 15-20 хоног амарсны дараа эрч хүчээр дүүрэн болж ирдэг. Бид энэ ажилдаа үнэхээр дуртай. Гэвч хүн бүхэн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар нэгэн зүйлээ золиослох шаардлага гардаг шүү дээ.
-Европ, дэлхийн аварга болсон нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бүх зүйл өөрчлөгдсөн. Хаа ч явсан хүмүүс над дээр хүрч ирж, магтаал болон урмын үг харамгүй хайрлах болсон. Олон сая хүнийг аз жаргалтай болгосон түүхэн үйл явдлыг хийж чадсанаа мэдэрдэг. Би өөрөөрөө, багийнхнаараа бахархаж байгаа.
-Испанийн шигшээ багийн ахлагч байна гэдэг сайхан байх шүү?
-Мэдээж. Гайхамшигтай авьяаслаг, агуу тоглогчидтой хамт мөр зэрэгцэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэг нэр төрийн хэрэг. Ялангуяа энэ удаагийн шигшээ баг хамгийн цуутай тоглогчдыг цуглуулга байлаа.
-ДАШТ-ий хамгийн тод дурсамжаа хуваалцаач?
-Биднийг Швейцарьт хожигдоход олон хүн шүүмжлэлээр бөмбөгдсөн. Гэвч нэг баг болж нэгдсэн уур амьсгалаа алдаагүй. Харин ч улам ирлэгдэж, тоглолтод хамаг анхаарлаа хандуулж, аварга болох замаа зассан. Хөлбөмбөгийн тэмцээн олон байдаг. Гэхдээ аль нь ч ДАШТ-ийг нэр хүнд, хамрах хүрээгээрээ гүйцэхгүй шүү дээ.
-Нидерландын багийн тоглолт таны урмыг хугалсан уу?
-Харин ч үгүй шүү. “Улбар шарууд” бидний эсрэг маш сайн тоглосон. Өмнөх тоглолтуудаас илүү шигшээ тоглолтод ач холбогдол өгсөн нь зүйн хэрэг. Бид бөмбөг эзэмшилтээр үргэлж тэргүүлдэг. Тэд биднийг зогсоох гэж оролдсон хэдий ч бүтээгүй.
-Испани аваргалаагүй бол аль баг энэ эрхэм цолыг хүртэх байсан бол?
-Герман. Тэд энэ тэмцээнд хүчирхэг, залуу бүрэлдэхүүнтэй ирсэн. Тиймээс Англи, Аргентинийг буулган авч чадсан. Миний бодлоор тэд ойрын хэдэн жил их юм дуулгана.
-Тэгвэл аль баг таны сэтгэлийг гонсойлгов?
-ДАШТ-д Франц, Итали үнэхээр муу оролцсонтой санал нэг байгаа. Тэд хэсгээсээ ч гарч чадаагүй нь хөлбөмбөг ямар хурдацтай хөгжиж байгааг, мөн энэ спортод эрэмбэ дараа гэж байхгүй болсныг харуулсан болов уу. Тиймээс бид дор бүрнээ хичээж, эрхэм цолоо хамгаалах хэрэгтэй.
-Шигшээ баг болон “Реал”-ын бүрэлдэхүүнд тоглож бараг бүх шагналыг хүртлээ. Таны ойрын зорилт?
-Би үргэлж ялахыг хүсдэг. Бидний хамгийн ойрын зорилт бол Европын аварга цолоо хамгаалах.
-“Реал” өнгөрсөн улиралд “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гаас мултрахад та “Манай багт дайчин тоглогч хэрэгтэй байна” гэж байсан. Танай багт одоо тийм тоглогч байгаа юу?
-Бидэнд одоо залуу, дайчин тоглогч олон байна. Тэд амжилтад хүрэхэд бэлэн байгаа. Одоо амжилт үзүүлэхэд хамгийн таатай нөхцөл бүрдээд байна. Цаг хугацаа бүхнийг харуулна. “Реал”-д эргэлзэх хэрэггүй гэж хэлье.
-Рауль, Гути нар “Реал”-ыг орхисон нь багт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би тэд нартай арав гаруй жил хамт тоглосон болохоор үнэхээр гунигтай байсан. Гэвч тэдний шийдвэрийг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг. “Реал”-ын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэдгийг надаар хэлүүлэлтгүй тэд мэдэж байгаа байх.
-Та өөрийгөө “Реал”-ын бэлгэ тэмдэг гэж боддог уу?
-Би энэ клубт хамгийн удаан хүчин зүтгэж байгаа. Гэхдээ багийнхаа бэлэг тэмдэг гэж бодвол хэтэрхий өрөөсгөл ойлголт. Манай багийн түүхэнд олон гайхамшигтай тоглогч байсан. Хэрвээ намайг бэлгэ тэмдэг болооч гэвэл татгалзаад байх зүйлгүй.
-Сүүлийн асуулт. Мэргэжлийн хөлбөмбөгч байхын муу зүйл юу вэ?
-Хөлбөмбөгч байх үнэхээр гайхалтай шүү дээ. Миний бодлоор ямар ч муу зүйл байхгүй. Хүмүүсийн шүүмжлэл эсэргүүцэл их байдаг ч би тэднийг огт ойшоодоггүй. Харин тэдний шүүмжлэлээс хөлбөмбөгчийн ойр дотныхон эмзэглэдэг. Энэ л муу зүйл байх.
loading...




za za amjilt
loading...
Ene ch unen shuu Guti, Raul uneheer gayhamshig n baisan shuu. Da yalanguya Guti yamar unen ch bsiym dee
loading...
YAAY GOY YUM YRISAN BNA NUMBER 1 HAALGACH SHV CASILLAS BHGUI BOL REAL SPAIN BUDAA BNO OO
loading...
Goe yriltslaga bn uhaantai yrij bn shuu tnx newsiinheen
loading...
Respect
loading...