Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Астана-Алмата 2011, Хоккей » “БАГАНУУР” НЭГДҮГЭЭР ТОЙРОГТ АВАРГАЛЛАА

GD Star Rating
loading...

Монголын хоккейн холбооны 2010-2011 оны улирлын лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт “Билэгтхүү” спорт клубийн талбайд долоо хоног үргэлжилж өндөрлөлөө. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй лигийн тэмцээнд Улаанбаатар хотын “Жалам хар”, “Алтан-Од”, “Бяцхан билэгтхүү”, Багануур дүүргийн “Багануур”, Дархан-Уул аймгийн “Бурхантын барс”, Шарын гол сумын “Золбоот тамирчид”, Эрдэнэтийн “Хангарьд” гэсэн долоон баг өрсөлдөж байна. Лигийн тэмцээн хоёр тойрог үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 10-16-нд Эрдэнэт хотод болох юм. Үүний дараа Монгол Улсын хоккейн шигшээ баг Казахстаны Астана, Алма-Ата хотод болох Азийн өвлийн спортын VII наадамд оролцох аж. Харин тойргийн тоглолтод хамгийн өндөр амжилт үзүүлсэн дөрвөн баг хоёрдугаар сарын 17-20-нд Багануурт болох плей-офф шатанд 1-4, 2-3 гэсэн оноолтын дагуу өрсөлдөж, 2010-2011 оны улирлын аварга баг тодорно. Сүүлийн жилүүдэд лигийн тэмцээнд зургаан баг оролцдог байсан бол энэ жил “Жалам хар” баг нэмэгдсэнээр өрсөлдөөн улам ширүүслээ. Эхний тойрогт ерөнхийдөө “Багануур”, “Бяцхан билэгтхүү”, “Золбоот тамирчид” багууд ноёрхсон гэж хэлж болно. Тойргийн сүүлийн тоглолтын эцэст эхний гурван багийн нэр тодорсон гэхээр тойргийн тоглолт хэр өрсөлдөөнтэй болсныг төвөггүй мэдэж болно. “Бяцхан билэгтхүү” сүүлийн тоглолтоо өчигдөр өглөө хийж, “Жалам хар”-ыг 4:1-ээр ялсан. Ингэснээр эхний гуравт багтах болзлоо хангасан юм. Харин яг хэдээр вэ гэдгийг “Золбоот тамирчид”, “Багануур”-ын тулаан шийдлээ. Эдгээр багуудын хэн ялсан нь хүснэгтийг тэргүүлж, хожигдсон нь гуравт орох байв. Харин тоглолт тэнцээгээр өндөрлөсөн тохиолдолд Шарын голын баг нэгдүгээрт бичигдэж, “Багануур” удаалж, “Билэгтхүү” гуравт орох байсан. Тэмцээн болж буй талбайн эзэн багийнхан нөгөө хоёрыгоо “Хоорондоо тохиролцож, тэнцчих вий” хэмээн болгоомжилж байсан ч тийм зүйл болсонгүй. МХХ тойрог тус бүрт эхний байруудыг тодруулж, мөнгөн шагналаар урамшуулдаг нь хоккейчдыг үнэн хүчээ шавхахад хүргэдэг билээ.

Шийдвэрлэх тулаанд “Багануур” “Золбоот тамирчдыг” бүх талаар илүүрхэж, 4:0 харьцаатай ялснаар тойргийн тоглолтыг 10 оноотой тэргүүллээ. Тус багийн довтлогч, Монгол Улсын бэндигийн /бөмбөгтэй хоккей/ шигшээ багийн залуу довтлогч Г.Нэгүүн дубль хийж, тоглолтын шилдгээр тодорсон. Тэрбээр хоёр дахь шайбаа хаалгачийг хуурч хийсэн нь энэ удаагийн лигийн тэмцээний гайхалтай агшнуудын нэг байлаа. Хэдийгээр жавар тачигнасан хүйтэн өдөр байсан ч хоккейн хорхойтнууд “Билэгтхүү” мөсөн талбайд олноор ирж, тус тусын багаа халуун дотноор дэмжсэн билээ. Зохион байгуулагчид “Сүүлийн өдрийг эс тооцвол тойргийн тоглолт цаг агаар намуухан, сайхан үед таарлаа” хэмээж байсан юм. Улаанбаатарын тэмцээний шилдэг хаалгачаар “Золбоот тамирчид” багийн Н.Уламбаяр, хамгаалагчаар “Багануур”-ын Б.Тамир, довтлогчоор “Хангарьд”-ын Н.Мишигсүрэн нар тодорч, цомын эзэд болов.

Ч.Баасандаваа: Азийн наадмаас медаль хүртэх боломжтой

Лигийн тэмцээний үеэр МХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Баасандаваатай ярилцлаа.

-Энэ жилийн тэмцээнд хэдэн легионер тоглож байна вэ?

-Ер нь Монголд ажиллаж буй гадны тамирчид их тоглодог байсан. Эрдэнэтийн оросууд болон Финланд, Канад хоккейчид гээд. Энэ жил “Жалам хар”-д канад, “Алтан од”-д америк хоккейчин байгаа. Лигийн дүрмийн дагуу нэг багт хоёр легионер тоглож болно.

-Лигт хэдээс хэдэн насныхан өрсөлдөж байна?

-Багуудад 20-33 насны залуучууд олон байна

-Азийн наадамд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон уу?

-Манайх 15 тоглогч, хоёр хаалгач, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй явах санаатай. Азийн наадмын бүртгэл эрт эхэлдэг. Азийн олимпийн зөвлөл МҮОХ-гоор дамжуулан энэ сарын 23-нд багийн бүрэлдэхүүнээрээ эцсийн байдлаар өгөхийг хүссэн. Уг нь хоёрдугаар тойргийн тоглолтын дараа шигшээ багаа бүрдүүлчихмээр байна.

-Казахстанд болох Азийн наадам “А”, “Б” зэрэглэлд болно гэсэн. Энэ тухай тайлбарлаж өгөхгүй юу?

-Олон улсын хоккейн холбоо, Азийн олимпийн зөвлөл анх удаа ийм шийдвэр гаргасан. Энэ нь учиртай. Казахстан гэсэн дэлхийн томчуудтай өрсөлддөг баг “D” зэрэглэлд оролцдог сулхан багуудтай тоглодог байсан. Энэ тохиолдолд 30, 40 шайбаар ялах тохиолдол олон байсан. Тиймээс Казахстан, Япон, БНСУ, БНХАУ, БНАСАУ “А” буюу нэгдүгээр зэрэглэлд, Монгол тэргүүтэй үлдсэн найман баг хоёрдугарр зэрэглэлд өрсөлдөхөөр боллоо. Аль аль зэрэглэлдээ медаль өгнө. Тиймээс Монгол Улсын шигшээ баг медаль хүртэх боломжтой.

-Монголын хоккейн цаашдын хөгжлийн хэрхэн төсөөлж байна вэ?

-Хиймэл мөсөн талбайтай болохгүй бол манай хоккей хөгжихгүй нь. Бид одоо энэ спортоо унагаачихгүй л авч явж байна.

-Энэ талаар холбогдох байгууллагууд нь юу гэх юм бэ?

-Хуулиараа хоккейн спортод төсвөөс мөнгө гаргах боломжгүй юм билээ. Тив, дэлхийн тэмцээнд медаль хүртвэл дараа жилийнх нь төсөвт нэг тэмцээнд оролцох ч юм уу зардлын мөнгө өгдөг. Тиймээс бид одоогоор дэмжлэг авах боломжгүй байна.

-Азийн наадамд явахад ч бас асуудал тулгарах нь ээ?

-Тийм ээ. Казахстанд очлоо ч байр, хоолны зардлаа өөрсдөө гаргана. Үүнийг МХХ хөөцөлдөнө, тамирчид ч өөрсөдөөсөө тодорхой хэмжээний мөнгө гаргах байх. Харин ДАШТ-д оролцоход замын зардлаас бусдыг зохион байгуулагчид даадаг.

GD Star Rating
loading...
“БАГАНУУР” НЭГДҮГЭЭР ТОЙРОГТ АВАРГАЛЛАА, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. gan says:

    NHL-d Pittsburgh Penguins, Washington Capitals-iin ehnii tulaan ungursun tuhai shuugij bna. Ehnii togloltond Sidney Crosby 1 goal, 1 goliin damjuulalt ugsnuur 23 toglolt daraalan onoo avsan toglogch boljee. Ene ni lockout-aas hoish deed amjilt um. Odoo Mats Sundin 30 toglolt daraalan onoo avsan amjilt tuuniig huleej bna.
    Penguins, Caps 2iin ehnii toglolt 3:2iin haritsaatai, shootoutaar Penguinuud hojson. Shootout ni 7-r round hurtel urgeljilsen, toglolt ni torguuli ihtei, uzegchdiin sonirhliig deed zergeer tatsan toglolt bolson. Ovechkin Malkiniig ehnii yed mash huchtei murguj unagasan.
    Ene 2 bag 1 sariin 1d baseballiin talbaid buyu zadgai talbaid toglono. Ter tuhai HBO 24/7 gedeg reality show hiij sport sonirhogch tudiigui olon hunii anhaarliig tataj chadaj bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: