Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Бундеслиг 2010/11 оны хагас улиралд

GD Star Rating
loading...

Бундеслигийн 2010/11 оны улирал түр завсарлаад удаагүй байгаа бөгөөд та бүхэндээ хагас улиралыг товчлон толилуулж байна. Шинэ улиралд шинэ үйл явдал дүүрэн өрнөж тооцоонд байгаагүй багууд жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Эдгээр багууд нь ойрын  жилүүдэд  ийм дээгүүр төвхнөж  байгаагүй билээ. Харин бундеслигийн топ  багууд гараагаа тааруу эхлүүлсэн юм. Өнгөрсөн улиралын аварга Байерн Мюнхен нь лигийн нүүр царайг тодорхойлогч баг яах аргагүй  мөн .  Гэхдээ одоогоор Байерн  дөнгөж 5-р т бичигдэж байна. Тэд энэ байрлалд очих хүртлээ олон бэрхшээлийг даван туулсан  юм. Байерн Мюнхенээс гадна сүүлийн 7 жилд Шальке, Штутгарт, Бремен , Вольфсбург болон Хамбург зэрэг таван  баг аваргуудын лигийн тоглолтонд шалгарч байлаа. Эдгээр таваас хамгийн сайн амжилттай нь одоогоор Хамбург болоод байна. Тэд жагсаалтын 9-р байранд хүснэгтийг тэргүүлэгч Дортмундаас 19 оноо дутуу байна. Шальке, Бремен  хүснэгтийн дундаас дээшилж чадаагүй  байгаа бол Штутгарт доошоо унах аюулд ойрхон иржээ. Шальке , Вольфсбург багууд олон саяыг  арилжаа наймаанд зарцуулсан боловч үр шимийг нь төдийлэн сайн амсаагүй явна.  Ялангуяа Диетер Хонесийг  “Фольксваген”  концерн өөрийн багийн  менежерээр томилсоноос хойш ажлын үзүүлэлт нь тун тааруу байгаа. Түүний  олж ирсэн дасгалжуулагч Стив Макларен багаа хямралаас гаргаж чадаагүй  мөн  Италиас  Диегог  багтаа авчирсан ч байдал дээрдсэнгүй.

Вольфуудаас дутхааргүй  хөрөнгө хаясан Шальке 04 олон бүдэрсний эцэст эргээд гольдрилдоо орох хандлагатай  байна.  Өнгөрсөн улиралын дэд аварга  Шальке   Клаас Ян Хунтелаар,  Рауль зэрэг дэлхийн хэмжээний од тоглогчдыг эгнээндээ авсан. Зөрүүлээд хамгаалалтын цөм болсон туршлагтай тоглогчидоо явуулсан нь гол алдаа нь болсон. Дасгалжуулагч Феликс Магатын амлаж байгаагаар улиралын сүүлийн хагасд байдал дээрдэх аж. Шалькегийн бүрэлдхүүнд шилдэг тоглогчид цөөнгүй байгаа ба  Перугийн шигшээ багийн тоглогч Жефферсон Фарфан , Германы шигшээ багийн номер 1  хаалгач Нойер, довтлогч  Хунтелаар, Раул нарыг нэрлэж болно.

Штутгарт улирал эхлээд 3 дахь дасгалжуулагчын нүүрийг үзлээ. Өмнөх улиралаас тэс ондоо амжилт үзүүлэх шалтгаан нь гол тоглогч Сэми Хэйдираг  Реал Мадрид руу  явуулсантай холбож болох юм. Адилхан асуудал  Бременд бас тулгараад байна.  Бремений гол найруулагч Мезут Өзил  Реал Мадридын   эгнээнд элссэн нь Бременд том орон зай үлдээжээ. Хэдийгээр Торстен Фрингс, Марко Марин нарын туршлагтай тоглогчид байгаа боловч түүнийг орлож эс чадна.

Топ багуудын амжилт сайнгүй байгаа шалтгаан нь  олон тоглогчдын  гэмтэл бэртэлтэй холбоотой. Нөгөөтэйгүүр дэлхийн аваргад оролцсон зарим тоглогчид формондоо бүрэн ороогүй тал бий. Энэ  хямрал нь  дундаж багуудын замыг засах гол шалтгаан биш боловч бага ч гэсэн нөлөө үзүүлсэн юм. Гэхдээ яагаад заавал Дортмунд , Майнц, Ханновер , Фрайбург  хүчирхэг байна вэ?

Юуны өмнө энэ багууд бусдаас илүү  зохион байгуулалт сайтай. Мөн  дөрвөн багийн дасгалжуулагч  37-45 насны залуучууд учраас шинэлэг арга барилд илүү анхаарч  байна.

Дортмунд , Майнцын тоглолтын арга барилд ижил төстэй шинжүүд бий. Өрсөлдөгч нь өөрийн талбайд бөмбөг эзэмших үед нь  дарамт үзүүлэн таслан зогсооно. Бөмбөгийг булаасан даруй олон тоглогчид зэрэг довтолгоонд шилжиж , өрсөлдөгчийг  барьц алдуулан  алдааг нь ашиглана. Ер нь бөмбөг аваад автоматаар түргэн довтолгоог эхлүүлдэг нь эсрэг талын хамгаалтыг  эвдэх үндэс болдог байна. Энэ 2 баг прессинг хийж , зогсоо зайгүй довтолдог ч лигийн хэмжээнд хамгийн цөөн гоолыг хаалгандаа алджээ. Бөмбөгийг өөрийн хэсгээс байнга зайтай барьдаг нь хамгаалалтыг хөнгөлж аюулыг багасгадаг. Тэдний гол уриа бол : Довтолгоо бол хамгийн шилдэг хамгаалалт.

Майнцын дасгалжуулагч Томас Тухел нь лигийн хамгийн залуу  (37) дасгалжуулагч юм. Хоёр дахь жилдээ бундеслигд хүч үзэж байгаа ч топ багуудыг буулгаж  дөнгөсөн . Багийн  түлхүүр тоглогчид   Андреа Шурле, Кристиан Фукс, Льюис Холтби нар улиралын эхний хагасд маш сайн тоголсон . Кристиан Фукс нь зүүн жигүүрээ найдвартай хамгаалахаас гадна довтолгоонд муугүй оролцож 5 оновчтой дамжуулалт өгсөн. Уг нь Льюис Холтби   Шальке 04 багийн тоглогч боловч Феликс Магат түүнийг 2 жил дарааллан өөр багуудад зээлээр тоглуулж байна. Дөнгөж 20 настай Льюис Холтбиг шигшээгийн дасгалжуулагч Иоахим Лөв шигшээдээ дуудсан нь тохиолдлын хэрэг биш. Холтби 16 тоглолтонд  3 гоол оруулж 6 оновчтой дамжуулалт хийсэн нь ирээдүйтэй тоглогч гэдгийн нотолгоо юм . Энэ  авьяасыг Магат биш  Томас Тухел түүнийг нээж чаджээ.

Юрген Клоп 2008 оноос  Дортмундыг дасгалжуулж эхэлсэн цагаас Дортмундад хөлбөмбөгийг сайжруулах талаар ихээхэн зүтгэл гаргасан юм. Улиралын гараагаа хожигдлоор эхэлсэн ч 43 оноотой намрын аваргаар тодорч лигийн болон Дортмундын түүхэн дэх шинэ амжилтуудыг тогтоогоод байна.

Одоогоор лигийн хамгийн шилдэг төвийн хамгаалагч Маттс Хуммельс (22)  энэ жил анх удаа шигшээ багт  дуудагдав. 192 см өндөр нуруутай Хуммелсийг  агаарын тулаанд ялах амаргүй. Тэрээр 17 тоглолтонд ганцхан шар хуудас авчээ.  Төвийн хамгаалалтын хоёрдахь багана  Невен Суботич (22) ,  багийн  зүрх Нури Сахин (22),  Шинжи Кагава (21)  наргүй Дортмундыг төсөөлөх аргагүй. Туркийн шигшээ багийн тоглогч Нури Сахин  16 настайдаа анх Бундеслигд хөл тавьж хамгийн залуу гоол оруулсан тоглогч болж байв. Түүний ухаалаг , техник сайтай тоглолт багийн амжилтанд  ихээхэн нөлөөтэй. Дортмундад ердөө 350 000 еврогоор ирсэн Шинжи Кагава бүх тоглолтонд гарааны бүрэлдхүүнд багтжээ. Юрген  Клоп түүнийг эхэн үед баруун жигүүрийн хамгаалалтанд тоглуулж үзсэн  ба баруун солгүйгүй цохидог Япон залууг  довтолгоонд  тоглуулснаар  нь оносон шийдвэр болжээ.

Фрайбург ч мөн дээрхи  2 багийн адил довтолгоонд илүү анхаардаг. Энэ улиралд тэд  тоглолтынхоо  хэмнэлийг олж,   довтолгоог хянаж чадаж байна. Дасгалжуулагч Робин Дут нь лигийн  хамгийн бага төсөвтэй багийг дасгалжуулдаг ч  3 жилийн турш багаа чамбай бэлтгэж чаджээ . Үүний дүнд залуу,  зоригтой хожил авч чаддаг бүрэлдхүүнийг босгосон байна. Фрайбургийн тэргүүн фронтыг Папис Демба Сиссе удирддаг. Францын 2-р лигд олон жил тоглож байсан тэрээр нийт 13 гоол оруулсан бөгөөд европын зарим  топ багууд түүнийг сонирхож эхлэжээ.

Ханноверийн хувьд  довтолгооноос илүү хамгаалалтыг  тогтвортой болгосон нь амжилтынх  үндэс болж байна.  Өнгөрсөн улиралд тэд нийт 67 бөмбөг хаалгандаа алдаж бараг л доошоо унах дөхсөн. Мирко Сломкагийн тактик болоод багийг удирдан зохион байгуулах чадвар нь Ханноверт амин чухал дэм болсон. Төвийн хамгаалагч Эмменуэль Поготец,  довтлогч Мохаммед Абделлауе нарын тоглогчдын чадвар өмнөх улиралаас онцгой сайжирсан байна. Жагсаалтын дөрөвдүгээрт  байгаа амжилт нь төвийн хамгаалагч,  багийн ахлагч  Эммануэль Погатецтэй салшгүй холбоотой. Австрийн шигшээ багийн тоглогч Погатецийн оролцсон 11 тоглолтоос Ханноверчууд  8 хожиж 1 тэнцсэн байна.

Тэргүүлэгчид: Намрын аварга Боррусия Дортмундын  араас  Майнц 10 онооны зөрүүтэй  хамгийн ойрхон нэхэж байна.

Солилцоо наймаа : Шальке 04 багт Раул , Хунтелаар , Хурадо нарын шилдэг тоглогчид ирэв . Вольфсбургт Диего Рибас ,  Байер Леверкузенд Миахэль Баллак дахин  бундеслигд хөл тавилаа.

Гоол: 17 тойргын дараа 481 бөмбөг орсон нь нэг тоглолтод дунджаар 3,14 гоол болж байна. Энэ нь 23 жилийн турш байгаагүй амжилт бөгөөд  Испани (2,75),  Англи (2,68), Франц (2,35) Итали (2,29)  зэрэг улсын лигийн дундажтай харьцуулхад өндөр байна.

Хамгийн олон гоолтой: 2-р тойрогт хамгийн олон буюу 39 гоол оров.  2006 оны улиралын 32-р тойргын тоглолтонд 40 бөмбөг орж байжээ.

Эргэсэн тоглолт: Энэ 2-р тойргын тоглолтонд Майнц 05 баг 3:0   хожигдож яваад 4 бөмбөг оруулж 3:4 харьцаатай  Бременийг хожив. 19 жилийн өмнө Бундеслигд ийм тоглолт Бохум болон Дюсельдорфийн хооронд  болжээ.

Хамгийн хурдан улаан хуудас: Көлний Мохамад Юссеф  94 секундэд улаан хуудас авснаар Бундеслигийн шинэ амжилтыг тогтоов.

Өгсөж уруудсан: Байер Леверкузен Дортмундыг 2:0 хожиж гараагаа эхлүүлсэн ч Гладбахд  6:3 хожигдов. Харин хэн ч Дортмундыг намрын аваргаар тодорч ,  Гладбахыг жагсаалтын сүүлийг ийм удаан мушгина гэж мэдсэнгүй.

Айдастай эхлэл: Шальке 04 эхний дөрвөн тоглолтоо дарааллан хожигдож айдас дагуулсан гараа хийв. Шальке 17-р тойргын тоглолт хүртэл 2 дараалалсан хожил аваагүй юм.

Эерэг амжилт: Майнц  7-р тойрогт Хоффенхаймыг 4:2 хожсоноор  эхний долоон тоглолтоо хожсон лигийн гурав дахь тохиолдол болов.

Сөрөг амжилт: Майнц 7-р тойргын тоглолтоос хойш 3 тойрог дарааллан өөрийн талбайд   гоол оруулалгүй  (Хамбург, Дортмунд, Ханновер)  хожигдсон нь Майнцын түүхэн дэх анхны тохиодол байв.

Мэргэн бууч: Теофанис Гекас 14 гоолтой лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж, Демба Сиссе 13 гоолтой удаалж байна. Гекасийн 14  дэх гоол Дортмундын гайхалтай цувралыг зогсоосон юм. Дортмундын (43) хожлын цуврал зогсоогүй бол лигд шинэ амжилтыг тогтоох байлаа. 2005/06 оны улиралд Байерн Мюнхен 44 оноотой хагас улиралаа дуусгаж байв.

Багийн шинэ амжилт: Ханновер 96  өнгөрсөн улиралыг 33 оноотой дуусгаж байсан бол улиралын хагасыг 31 оноотой европын цомд эрхтэй байрлалд дуусгав. Энэ нь тус багийн Бундеслигийн түүхэн дэх шинэ амжилт юм.

Бундеслигийн 18-р тойргын тоглолт 2011 оны 1-р сарын 14 нд Байер Леверкузен – Дортмунд багуудын тоглолтоор эхлэнэ.

Б Баг Тоглолт +- Оноо
1 Dortmund 17 29 43 Gleich
2 Mainz 05 17 11 33 Auf
3 Bayer 04 17 10 33 Ab
4 Hannover 17 -2 31 Ab
5 FC Bayern 17 11 29 Auf
6 Freiburg 17 0 28 Ab
7 Eintracht 17 3 26 Auf
8 Hoffenheim 17 10 25 Ab
9 HSV 17 -1 24 Gleich
10 Schalke 04 17 1 22 Gleich
11 Nürnberg 17 -6 22 Gleich
12 1. FCK 17 0 21 Auf
13 Wolfsburg 17 -1 19 Auf
14 Werder 17 -12 19 Ab
15 St. Pauli 17 -14 17 Gleich
16 1. FC Köln 17 -15 15 Gleich
17 Stuttgart 17 -3 12 Gleich
18 M’gladbach 17 -21 10 Gleich
GD Star Rating
loading...
Бундеслиг 2010/11 оны хагас улиралд, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: