loading...
АСАШЁОРЮҮ: БҮХ ЗҮЙЛД БАЯРЛАЛАА. БИ ЯВЛАА
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан нь энэ оны спортын ертөнцийн хамгийн дуулиантай үйл явдал байлаа. Эх орноо хятад иргэнээс өмөөрснийхөө төлөө буруутгагдсан “Өглөөний хөх луу” сүмогийн холбооны хурал болсон хоёрдугаар сарын 4-ний өдөр энэхүү шийдвэрээ олон нийтэд зарласан юм. Асашёорюү өөрийнх нь нэр төрд нь зохион байгуулалттайгаар, олон удаа халдсан тул шийдвэр гаргахаар болсноо мэдэгдсэн юм. Баргийн юманд толгой гудайдаггүй аваргыг басхүү сүмогийн холбооны шахалт ийм зүйлд хүргэсэн гэх яриа ч ортой дог. Түүний хэвлэлийн бага хурал дээр хэлсэн “Бүх зүйлд баярлалаа. Би явлаа” хэмээх үг ихэд алдаршсан билээ.
Мэргэжлийн сүмогийн ертөнцөд шинэ хуудас нээж, үзэгчгүй болсон үндэсний спортыг нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хэмжээнд хүргэсэн гавьяатай, олон шинэ дээд амжилтын эзэн, их аварга Асашёорюүгийн зодог тайлах ёслол аравдугаар сарын 3-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болж, үсийг нь авлаа. Аваргын үсэнд 380 хүн хүрч, мэргэжлийн спортоос нь үдэх хүндтэй үүргийг хуваалцсан. Сүмогийн уламжлалын дагуу дэвжээний багш Такасаго ояката хамгийн сүүлд хөндсөн билээ.
35 ЖИЛ ХҮЛЭЭСЭН АЛТАН МЕДАЛЬ
Монгол Улс 35 жилийн дараа чөлөөт бөхийн дэлхийн аваргатай боллоо. “Москва-2010” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон “Хилчин” спорт хорооны бөх Соронзонболдын Батцэцэг учраа болгоноо илүүрхэн ялсаар төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Энэхүү алтан медаль монголчуудад үнэхээр амттай байсан. “Чөлөөт бөхийн спорт уналтад орлоо” гэх яриа газар аваад байсныг ч хэлэх үү. Тэрбээр шигшээ барилдаанд БНХАУ-ын Лан Жан нарыг буулган авч, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аварга хэмээх эрхэм алдарт хамгийн түрүүн хүртсэн. Тэрбээр үүнээс хоёр сарын өмнө болсон залуучуудын ДАШТ-д Лан Жанд илт давуу ялагдаж байсан. Харин энэ удаа дэлхийн дэвжээнд хариугаа авч чадсан нь энэ.
ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ ИХЭРЛЭДЭГ БОЛЖЭЭ
Сингапур улсад өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадам зохион байгуулагдсан нь 2010 оны дэлхийн спортын онцлох үйл явдлын нэг байлаа. Олон улсын олимпийн хорооны шийдвэрээр их спортын залгамж халаа, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудад итгэл урам хайрлаж, тэднийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэхэд чиглүүлж энэхүү наадмыг зохион байгуулсан билээ. Наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн охидын 60 кг-ын жинд өрсөлдсөн Баатарзоригийн Батцэцэг алтан медаль хүртэж, монголчуудаа баярлуулсан.
Монголчууд Бээжингийн олимпоос анхны алтан медаль хүртэхдээ хос аваргатай болж байсан. Энэ жишиг ч Сингапурт давтагдаж, спортын гимнастикийн төрөлд өрсөлдсөн Ганбатын Эрдэнэболд Монгол Улсын төрийн дууллыг “Арслан хот”-д дахин эгшиглүүллээ. Манайхан гимнастикаар ийм өндөр амжилт үзүүлнэ хэмээн тооцоолоогүйг ч хэлэх үү их л гэнэтийн зүйл болсон доо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Г.Эрдэнэболд Монголын гимнастикт шинэ эрин авчирлаа” хэмээж байв. Үнэхээр үүнээс хойш энэхүү спортоор хичээллэх бяцхан тамирчдын тоо эрс нэмэгджээ.
“ТАЛ НУТАГТ МАНДСАН” НАР БА УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН БЭЛЭГ
“Гуанжоу-2010” Азийн наадмын эхний өдрүүдэд манай улсын “Топ-4” спортод багтдаг бокс, буудлага, жүдогийн тамирчин алтан медаль хүртэж чадахгүй байлаа. Харин чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн өдөр эхний аваргаа өлгийдөн авав. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон Ганзоригийн Мандахнаран алтан соёмбот төрийн далбаагаа Гуанжоугийн тэнгэрт мандуулах учиртай байж. Зөвхөн түрүүлэх зорилго өвөртлөн “Цэцгэн хот”-ыг зорьсон тэрбээр “Азийн олимп”-д аваргалсан Монголын 13 дахь тамирчин болсон. БНХАУ-ын алдарт CCTV түүний тухай “Тал нутагт мандсан нар” нэвтрүүлэг хийсэн билээ.
Гуанжоуд Монголын чөлөөт бөхийн тамирчид гялалзах учиртай байж. Улс тунхагласан баярын өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн Гэлэгжамцын Наранчимэг хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр Азийн наадмын турш БНХАУ-ын хөгжөөн дэмжигчдийн нүргэлүүлж байсан “Жайёо” уухайг нам дарсан юм.
ТАВАН БАШЁД ТҮРҮҮЛСЭН Ч ЭЛЭГ НЭГТНҮҮДЭЭ ГОНСОЙЛГОСОН “ЦАГААН ГАРЬД”
Хакүхо М.Даваажаргалын хувьд 2010 он гайхалтай хэрнээ нэг талаар харамсалтай жил байлаа. Оны сүүлийн таван башёд түрүүлж, нийт 90 барилдааны 86-д нь ялалт байгуулсан гээд түүнийг магтах шалтгаан их бий. Харамсалтай сүмо бөхийн дээд зиндаанд хамгийн олон буюу 69 дараалан давсан амжилтыг өөрийн болгож чадсангүй. Дараалан 62 ялаад байсан Хакүхо арваннэгдүгээр сарын эхний найман өдөр унахгүй байхад л цаг үеийн манлай болох байв. Өвдөг шороодох нь нүдний гэм болоод байсан цаг тул түүнийг дээд амжилт эвдэнэ гэхэд хэн ч эргэлзээгүй. Харамсалтай нь кюүшю башёгийн хоёр дахь өдөр зүүн жигүүрийн тэргүүн бөх Кисэносатод ёрикири мэхээр ялагдаж, мөрөөдлөө хойшлуулахад хүргэсэн юм. Гэхдээ сэтгэлээр уналгүй үлдсэн өдрүүдэд ялалт байгуулснаар Японы Эзэн хааны цомыг 17 дахиа хүртэв.
ХУУЧНЫ “ЗУРГААН ЗАЛУУ ЗААН” БҮГД ЦОЛОО АХИУЛЛАА
Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Батжаргалын Ганбат ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. Тэрбээр нэг түрүүлэхэд үндэсний бөхийн дээд цол болох дархан аварга болох байсан Г.Өсөхбаяртай тун шийдмэг барилдаж давснаар есөн хөлт цагаан тугийг есөнтэй тойров. Бөхийн хорхойтнуудаар нэгэн үед “Зургаан залуу заан” хэмээн цоллуулж байсан тэр сайхан залуучуудаас Б.Ганбатыг “Ганцаар хуучин цолтойгоо үлдлээ” хэмээн санаа зовж байсан. Энэ нь увсынхны 19 жил хүлээсэн түрүү байв. Хамгийн сүүлд 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор О.Балжинням аварга заан цолтойдоо түрүүлж байсан түүхтэй. Энэ жил улсын арслан нэг, харцага хоёр, начин гурав төрлөө.
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ХУУРАГДСАН М.БУНДМАА
Жүдо бөх нутагтаа айлчиллаа. Японы Токио хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий гол онцлог нь нэг жинд нэг улсаас хоёр бөх зодоглох болсон нь тэмцээний гол онцлог байв. Өнгөц харвал хөнгөн жинд өрсөлдөөн ихтэй манай улсад ашигтай мэт хэрнээ нэг жинд Япон, БНСУ, Бразил, Франц гээд жүдо өндөр хөгжсөн орны хоёр бөх ороод ирэхээр өрсөлдөөн өмнөхөөсөө хоёр дахин ихэссэн билээ. Энэ л хүнд хэцүү ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар нар хүрэл медаль хүртсэн. Манайхан 1989 оныг эс тооцвол нэг ДАШТ-ээс хос медаль хүртэж байсангүй.
Хамгийн харамсалтай нь М.Бундмаад Монгол Улсын гавьяат тамирчин цол бус Хөдөлмөрийн хүндэт медаль олгож, хуураад өнгөрсөн билээ. Х.Цагаанбаатар ч яах вэ. Авч болох бүхий л цол, тэмдгийг хүртсэн хүн.
МОНГОЛЧУУД НҮҮР УЛАЙХААРГҮЙ БОЛЛОО

Монгол Улсын Биеийн тамир, спортын салбарын түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал энэ сарын эхээр болж, Засгийн газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан спорт цогцолбороо хүлээн авсан. Ингэснээр олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах гэж багагүй тэвддэг байсан манайхан гадны тамирчдын өмнө нүүр улайхааргүй болсон юм.
Монгол үндэсний гэр хэлбэртэй байхаар төлөвлөгдөж хийгдсэн Спорт цогцолбор 5045 хүний суудал, 2950 кв.метр тоглолт явуулах талбай, 260 кв.метр талбай бүхий хоёр бэлтгэлийн заалтай. Дугуй, хөлбөмбөг, ус, мөсөн спортоос бусад бүхий л тэмцээн уралдааныг зохион байгуулах хүчин чадалтай юм. Албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, спортын уралдаан, тэмцээн эохион байгуулах, хэвлэл мэдээллийн 30, тусгай зориулалт болон техникийн 37, нийтийн бие засах 35 өрөөтэй. Тамирчид бие халаалт хийх хоёр том өрөө гаргасан бөгөөд тус бүртээ хувцас солих өрөө ч бий. Допингийн шинжилгээ авах төв нь эрэгтэй, эмэгтэй гээд хоёр тусдаа тасалгаатай байх жишээтэй. Телевизийн нэвтрүүлгийн нэг өрөө, тэмцээн тайлбарлагчийн дөрөв, радио узелийн нэг, цаг оноо бичих өрөөнүүд тус тусдаа байрлажээ. Энэхүү гайхамшигт байгууламжийн нэр, логог өгөөгүй байгаа. Үүнийг тодруулахын тулд спортод ээлтэй залуучуудын дунд уралдаан зарлах аж.
УУЛГҮЙ ТАЛ ДАХЬ ЦУСГҮЙ ТУЛААНД ҮЗҮҮЛСЭН БАХДАМ АМЖИЛТ
Өнгөрч буй 2010 он Монголын ша¬тарчдад ээлтэй байлаа. Эхний томоохон амжилтыг ОУХМ Алтан-Өлзийн Энхтуул үзүүлж, Туркийн Кайсери хотод болсон сурагчдын ДАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд манлайлсан юм. Түүний дараа Швейцарийн Цюрих хотод болсон оюут¬ны ДАШТ-д эмэгтэй багийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Янжинлхам, ОУХМ У.Лхамсүрэн нараас бүрдсэн эмэгтэйчүүдийн баг түрүүлсний сацуу Б.Мөнгөнтуул хувийн төрөлд аваргалж, баяр дээр баяр нэмэв.
Энэхүү амжилтууд өсвөрийн тэмцээнд ч үргэлжилсэн. Грекийн үзэсгэлэнт Халкидий хотод болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий охидын 10 хүртэлх насны ангилалд ОУХМ Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ түрүүлсэн билээ. Тэрбээр 11 өргийн тоглолтод долоо ялж, дөрөв тэнцэж, есөн оноо авснаар монголчуудын энэхүү тэмцээнд түрүүлж чадахгүй байсныг эцэс болгосон юм.
ХОЛБООНЫХОО ОЙД ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БАРЬСАН ХӨНГӨН АТЛЕТИКЧ
Энэ оны онцлох тамирчин бол яалт ч үгүй хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од билээ. Хоёр ч олимпийн наадамд хурд сорьсон марафонч энэ онд ч эх орныхоо нэрийг хангалттай цуурайтууллаа. Брайтоны марафонд түрүүлээд байсан Б.Сэр-Од намар Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ойн хамгийн том бэлгийг барьсан. Тэрбээр дэлхийд алдартай Берлиний марафонд 122 орны 40945 тамирчин хурд сорьсноос манай гүйгч 2.12:42 хугацаанд туулж, /42.95 км замыг/ аравдугаар байрт орсон билээ. Энэхүү бахдам амжилт Монгол Улсын дээд амжилт болж тэмдэглэгдсэн.
Берлинд гайхалтай хурдалсан манай тамирчин Японы “Хофү ёмиүри” марафонд уралдсан. Тэрбээр Наран улсад ч гайхалтай байж, 2:14:49 амжилтаар тэргүүн байр эзэлсэн юм. Ямагүчи мужид 1299 тамирчин уралдсан нь тэмцээн хэр өргөн хүрээнд болсныг илтгэнэ.
loading...





Saihan bichjee. Neeree l 2010 on sportiin huvid ih saiahan bailaa. 2011 ond ushuu iluu shuu
loading...
In your face Fucking chinese, you fuckers! No Chayo, Only Uuhai will be in stadium.
loading...
Миний Монгол, Миний Монголын үр сад бүхнээс ИЛҮҮ.
loading...
Hakuho arai ch dee!!!!!!!!!!!!!!!
loading...
Hakuho bb chamaar MGL dutahgui sda min Bidend Sumod Dagvaag-n ner bhad l hangalttai chi tuunii hiisnig hiij chadahgui sda min
loading...