loading...
Өнгөрсөн Бямба гаригт Германы Бундеслигийн өвлийн арилжаа, наймааны цонх нээгдлээ. Энэ өвлийн хамгийн том наймаагаар нэрлэгдээд байгаа Джекогийн шилжилт зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна. Волфсбург санхүүгийн асуудлаас болоод гол тоглогчоо зарахаа мэдэгдсэнээс хойш лигийн мэргэн буучийн төлөөх тулаан ширүүсч, түүнийг олон багууд өөртөө нэгтгэхийг хүсэж байсан боловч “чононуудын” хэлсэн үнээр Манчестер Ситигээс өөр авах баг гарсангүй. Английн баг Джекогийн төлөө 35 сая евро санал болгосон бөгөөд Волфсбург саналыг хүлээн авч тоглогч болон клубын хооронд гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа аж. Германы Билд сэтгүүлийн мэдээлснээр Манчестер Сити Джекод жилийн 7.5 сая еврогийн цалин болгож байгаа юм байна. Хэрэв энэ наймаа амжилттай болвол Бундеслигийн түүхэн дахь хамгийн том наймаа болно.
Бундеслигийн бусад онцлох наймаануудаас сонирхуулж байна.
Оны өмнө Вердер өөрийн гол довтлогч Хуго Алмейдагаа явуулсан нь өвлийн цонхын бас нэг шуугиан болоод байгаа. Португалийн шигшээ багийн тоглогч Алмейдагийн клубтайгаа байгуулсан гэрээ энэ зун дуусах байсан бөгөөд гэрээний сунгалт бүтэлгүйтсэний дараа Туркын Бешикташ клубын 2 сая еврогийн саналыг зөвшөөрсөн юм. Вердер түүнийг орлуулахаар Шведийн залуу довтлогч Дэнни Авдичийг 2.5 сая еврогоор аваад байгаа.
Лигийн аварга Байерныг өвлийн цонхоор идэвхтэй ажиллаж хүчээ зузаатгана гэж мэргэжилтнүүд үзэж байсанчлан тэд энэ улирлын анхны наймаагаа хийж Хоффенхаймын хагас хамгаалагч Луйз Густавог 15 сая еврогоор өөрийн болголоо. Хоффэнхайм Густавогийн оронд Байернийн залуу тоглогч Алабаг улирал дуустал зээлээр тоглуулахаар болсон юм. Гэхдээ энэ наймаа чимээгүй өнгөрсөнгүй Хоффенхайм клубын ерөнхий дасгалжуулагч Рангник ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ. Өөрт нь мэдэгдэлгүй тоглогч явуулсанд дургүйцэж өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцалжээ. Байернийн төвийн хамгаалагч Мартин Дэмичэлисийг Испанийн Малага клубт улирал дуустал зээлээр явуулсан. Хэрэв Малага дээд лигтээ үлдэж чадвал Дэмичэлис багтаа үлдэхээр гэрээндээ заасан аж.
Гладбах Спартак Москвагийн Мартин Штранцалыг 800 мянган еврогоор өөртөө нэгтгэжээ. Штранцл өмнө Штуттгартад тоглож байсан. Мөн Арсеналын залуу хамгаалагч Хавард Нордвайтыг авсан.
Көльн энэ өвлийн цонхоор хамгийн идэвхтэй байгаа. Одоогоор 4 тоглогчоор бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа. Экс Байернийн хаалгач Михайл Рензингийг авч ахмад хаалгач Фрид Мондрагенээ Америкын Филаделфиа Юнион багт заржээ. Рензингийн хувьд өнгөрсөн зун Байернтай хийсэн гэрээ нь дуусаж чөлөөт агент болоод байсан юм. Үүнээс гадна Японы шигшээ багийн хамгаалагч Томоаки Макиног үнэгүй, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Славомир Пэшког 500 мянган еврогоор өөрийн болгож Хоффэнхаймын Кристиан Айхнэрийг Кристиан Клеменсээр сольжээ.
Хоффэнхайм Бразилын залуу хагас хамгаалагч Фирминог Фигуэрэнсэ клубээс өөрийн эгнээнд нэгтгэсэн. Шилжилт 4 сая еврогоор хийгджээ. Түүний оронд нутаг нэгт Вэллингтоныг явуулсан байна.
Дортмунд 1860 Мюнхэн клубын ирээдүйтэй залуу тоглогч Моритц Лайтнэрийг 600 мянган еврогоор авсан. Тэрээр Германын 19 нас хүртэлх залуучуудын багт тоглодог.
Леверкүзэн Япон хагас хамгаалагч Хаяимэ Хосогайг авсан.
loading...



