loading...
КАТАРТ ЗУНДАА +50 ХЭМ ХҮРДЭГ
Шинэ онд болох эхний томоохон үйл явдал бол манай тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм. Азийн хөлбөмбөгийн холбоо “Шар тив”-ийн хамгийн том тэмцээнээ 1996, 2000, 2004 гэхчлэн өндөр жил зохион байгуулдаг байсан. Харин дөрвөн жилийн өмнөөс зуны олимпийн наадамтай давхцаад тусыг эс олохыг ойлгосон тул 2007 оноос эхлэн сондгой тоотой жил рүү шилжүүлсэн юм. 11 жилийн дараа болох хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийг аваад удаагүй буй Катар “Asian Cup-2011”-ийг нэгдүгээр сарын 7-29-нд зохион байгуулна. Энэ бүс нутагт зундаа +50 хэм хүртэл халдаг тул өвөл хийхээр болсон юм. Хэрвээ Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болбол 2022 оны ДАШТ ч энэ цагаар болоход ихээхэн түлхэц өгөх биз ээ.
Катарчууд тивийнхээ аваргыг нийслэл Доха хотын “Халифа”, “Аль-Харафа”, “Катар”, “Жассим Бин Хамад” болон Аль-Райян хотын “Ахмед би Аль” гэсэн таван цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авна. “А” хэсэгт Катар, Кувейт, БНХАУ, Узбекистан, “В” хэсэгт Саудын Араб, Япон, Йордан, Сири, “С”-д БНСУ, Австрали, Энэтхэг, Бахрайн, “D”-д Ирак, БНАСАУ, АНЭУ, Иран хуваарилагджээ.
АРГЕНТИНЧУУД БҮХ ҮЕИЙН МАНЛАЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
“Copa America” буюу Өмнөд Аме¬рик тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 1-24-нд Аргентинд болно. Нийслэл Буэнос-Райес болон Кордоба, Хухуй, Ла Плата, Мендоса, Сальта, Санта Фэ, Сан-Хуан гэсэн найман хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүс нутагт 10 улс оршдог. Тиймээс тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын тулд нэмж хоёр улсын шигшээ багийг урьдаг уламжлалтай. Энэ удаа Япон, Мексикийн шигшээ баг өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээний “А” хэсэгт зохион байгуулагч Аргентин болон Болив, Колумб, Япон, “В”-д Бразил, Эквадор, Парагвай, Венесуэл, “С”-д Чили, Мексик, Перу, Уругвай хуваарилагдаад байгаа. Хэсэг тус бүрээс эхний хоёр баг шалгарна. Үүн дээр гуравдугаар байрт орсон гурван багийн үзүүлэлт сайтай хоёр нь нэмэгдсэнээр 1/4 шигшээгийн ирц бүрдэх юм. ДАШТ-д хүссэн амжилтаа үзүүлээгүйгээс гадна дөрвөн жилийн өмнөх “Copa America”-д мөнгөн медаль хүртсэн Аргентиний шигшээ баг нутагтаа болох тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч буй. Тэгээд ч Уругвай адил 14 түрүүтэй тул нутагтаа цом өргөж, бүх цаг үеийн манлай болохыг хүсэлгүй яахав.
АМЕРИК ТИВИЙНХЭН ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭНЭ
Аргентин улсын зохион байгуулах дараагийн тэмцээн нь сагсан бөмбөгийн Америк тивийн АШТ юм. Үүнд Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Уругвай, Венесуэл, Төв Америкаас Куба, Доминикан, Панам, Пуэрто-Рико, Хойд Америкаас Канад, АНУ оролцох болжээ. Эдгээр улс наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 8-нд тивийн аваргын алдраас гадна ирэх жил болох Лондоны олимпийн эрхийн төлөө тэмцэлдэнэ.
САГСАН БӨМБӨГИЙН ЕАШТ-ИЙ СУГАЛАА ЭНЭ САРЫН 30-НД БОЛНО
2011 онд тив бүрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс хамгийн сонирхолтой нь “EuroBasket” буюу буурал тивийнх билээ. Сагсан бөмбөгт хэдийнээс авьяастай литвачууд 37 дахь удаагийн тивийн аваргыг Вильнюс, Каунас, Шяуляй, Клайпеда, Алиутс, Паневежис гэсэн зургаан хотдоо хүлээн авахаар бэлтгэлээ базааж байна. Тэмцээнд зодоглох 24 багийн хоёроос бусдынх нь нэр тодорсон. Сүүлийн хоёр азтан тодорсны дараа буюу энэ сарын 30-нд сугалааны үйл ажиллагаа болох юм.
БИД ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ДАШТ-ИЙГ ТОХИРОМЖТОЙ ЦАГТ ҮЗЭХ НЬ
Сондгой тоотой жил зун, өвлийн олимпийн наадам, хөлбөмбөгийн дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын нүсэр арга хэмжээ болдоггүй. Тиймээс хөнгөн атлетикийн ДАШТ тухайн жилийн спортын голлох үйл явдал байдаг юм. Хатан хаан спортын 13 дахь удаагийн ДАШТ наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-нд БНСУ-ын Дэгү хотод болно. Солонгосчууд энэхүү тэмцээнийг зохион байгуулахын төлөө Австралийн Брисбэн, ОХУ-ын Москва зэрэг хүчирхэг өрсөлдөгчийг ялж гарч ирсэн тул өндөр түвшинд зохион байгуулах биз ээ. Тэгээд ч олимпийн өмнөх жил тул дэлхийн бүхий л шилдэг тамирчин тоосоо өргөх учиртай. Ази тивд болж байгаа тул манайхан ч тохиромжтой цагаар үзэх нь. Яг л “Осака-2007” шиг.
ШИНЭ ЗЕЛАНД НҮСЭР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХААР БЭЛТГЭЖ БАЙНА
Дөрвөн жилд нэг болдог регбийн “юнион” төрлийн ДАШТ есдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 23-ны хооронд сар гаруйн хугацаанд үргэлжилнэ. Сонгон шалгаруулах тэмцээнд 91 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс 20 нь Шинэ Зеландыг зорих эрх аваад байгаа. Регбийн спортод хэзээнээс элэгтэй энэ улс 48 тоглолтыг Оклэнд /хоёр цэнгэлдэхтэй/, Крайстчёрч, Веллингтон, Роторуа, Данидин, Хамильтон, Фангареи, Нью-Плимут, Нейпир, Нельсон, Палмерстон, Инверкаргилл гэсэн 12 хотын 13 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. ДАШТ-ий “А” хэсгийг олон улсын жишгийн дагуу эзэн орон Шинэ Зеланд тэргүүлж, Франц, Тонга, Канад, Япон багтжээ. Харин “В”-д Аргентин, Англи, Шотланд, Гүрж, Румын, “С”-д Австрали, Ирланд, Итали, ОХУ, АНУ, “D”-д ӨАБНУ, Уэльс, Фижи, Самао, Намиби оржээ.
ЭХНИЙ НАЙМАН БАЙРТ БАГТВАЛ ЛОНДОН ЯВАХ БОЛНО
Энэ онд Өмнөд Солонгос олон улсын чанартай цөөнгүй тэмцээн хүлээн авах нь ээ. Бусан хотод есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын эхний өдөр хүртэл хоёр жил тутамд болдог сонирхогчдын боксын ДАШТ болно. Бусан 2009 онд ДАШТ зохион байгуулах эрхээ эцсийн мөчид Италийн Миланд алдаж байсан билээ. Арван зургаа дахь удаагийн сонирхогчдын боксын ДАШТ-д дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд ирнэ. Жин бүрийн эхний найман байрт “Лондон-2012”-ын эрх олгох тул ширүүн өрсөлдөөн өрнөх нь тодорхой. Түүнчлэн Ази тивд болж буй тул Монголын боксчид өмнөх олимп, ДАШТ-ий дайтай амжилт гаргах өндөр магадлалтай.
loading...








ene argentinii logo yamar ontsguui um be, halturdaa aysan bna sh
loading...