Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис, Ярилцлага » РАФАЭЛЬ НАДАЛЬ: “МАСТЕРУУДЫН ЦОМ”-Д ТҮРҮҮЛЭХ Л ҮЛДЛЭЭ

GD Star Rating
loading...

Испанийн теннисчин Рафаэль Надалийн хувьд 2010 он гайхалтай байлаа. Тэрбээр АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлснээр талбайн теннисний нэр хүндтэй “Их дуулга” цувралын бүх цомын эзэн болсон юм. Ингэснээр бүх цаг үеийн шилдгүүдийн эгнээнд шилжсэн. Түүнээс өмнө алдарт Фред Перри, Род Лэвэр, Рой Эмерсон, Андре Агасси, Рожер Федерер нар л Австрали, Франц, Их Британи, АНУ-ын нээлттэй тэмцээнд аваргалж байв. “Шороон талбайн хаан” Надаль дурсамжит “US Open”, мөнхийн өрсөлдөгч Рожер Федерерийн талаар болон цаашдын зорилгынхоо тухай ийн ярьж байна.

-Өнгөрсөн онд Америкийн нээлттэй тэмцээнд аваргалж, мөрөөдлөө биелүүлсэнд баяр хүргэе. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Үнэхээр гайхалтай үдэш байсан шүү. Новак Жоковичийг ялах хүнд, хэцүү байдаг. Тиймээс үнэхээр аз жаргалтай байсан. Би дөнгөж 24 настай. Миний мөрөөдөл “Их дуулга”-ын нэг түрүү хүртэх байсан. Харин “Дөрвүүлэнд нь түрүүлнэ” гэж төсөөлж ч байгаагүй. Энэ дундаас Америкийн нээлттэй тэмцээний аварга болох хамгийн хэцүү байсан.

-Америкийн нээлттэй тэмцээн хатуу хучилттай талбайд болдог. Үүн дээрх тоглолтоо хэрхэн сайжруулав?

-Би 2009 онд Австралид аварга болж байсан шүү дээ. “Australian Open” ч гэсэн хатуу хучилттай талбайд болдог.

-Гэхдээ та одоо илүү сайжирсан байна?

-Тийм байж магадгүй /инээв/. Тоглолтын үр дүн нөхцөл байдал, үзэгчид, тамирчны сэтгэл зүй зэргээс шалтгаалдаг. Өөртөө итгэлтэй байдал маань үзэгчдэд ур чадвар дээшилсэн мэт санагдуулсан байж болох юм. Түүнээс ур чадварын хувьд илт өссөн зүйл байхгүй гэж бодож байна.

-Та сэтгэл зүйгээ хэрхэн хүчирхэг байлгаж чадав?

-Би багаасаа теннист дуртай байсан. Сэтгэл зүйн бэлтгэлийг олон жил хийж байгаа тул сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь тийм ч хэцүү зүйл биш. Тамирчид надтай санал нийлэх байх.

-Шилдгийн шилдэг Рожер Федерерийг ялахад тань юу тусалсан бэ?

-Түүний олон шагнал хүртсэн нь надад огт хамаагүй. Мэдээж би түүнээс илүү, эсвэл тааруу тоглогч гэх нь утгагүй хэрэг. Тамирчин хүн бүрт байдаг ялан дийлэх, үргэлж нэгдүгээрт байх гэсэн эрмэлзэл минь түүнийг буулгаж авахад тусалсан.

-Рожер та хоёрын аваргын төлөөх тэмцлийн эрин хэр удаан үргэлжлэх бол?

-Энэ талаар мэдэх юм алга. Жил бүр шинэ сайн тоглогчид гарч ирдэг. Тэднийг ямар амжилт үзүүлэхийг хэн ч тааварлашгүй. Өнгөрсөн зургаан жилийн турш Рожер бид хоёр нэгдүгээрт байх гэж тэмцэлдсэн нь үнэн. Тэрбээр миний гайхалтай өрсөлдөгчийн нэг. Гэвч бид үргэлж аварга хэвээрээ байхгүй шүү дээ. Цаг хугацаа л бүхнийг харуулах байх.

-Та олимпийн наадам, “Дэвисийн цом”, “Их дуулга” гээд бүх тэмцээнд түрүүллээ. Арай Федерерийн амжилтыг эвдэх зорилго үлдсэн юм биш биз?

-16 удаа түрүүлнэ гэдэг маш хол санагдаж байна. Мэдээж би 16-гаас олон түрүүлэхийг бодолгүй яах вэ.

-Өөр зорилго байгаа байлгүй?

-Тодорхой шүү дээ. Энэ жил үзүүлсэн амжилтаа бататгах, ахиулах. Бас ур чадвараа хөгжүүлж, илүү сайн тоглогч болох юм. Сайн тоглогч болно гэдэг нь бүх тоглолтод ялна гэсэн үг биш. Хожил, хожигдол бол спортын салшгүй нэг хэсэг. Би “Мастеруудын цом”-д түрүүлээгүй болохоор өөрийгөө сайн бэлтгэж байгаа. Учир нь энэ тэмцээн зааланд болдог. Бөмбөгний ойлт маш хүчтэй тусдаг юм. Энэ бүхэн үргэлж миний амжилтад сөргөөр нөлөөлсөөр ирсэн.

-Таны хамгийн онцлог шинж юу вэ?

-Сэтгэл зүйн тогтвортой байдал маань юм болов уу. Би тоглолт бүрт тайван, хүлээцтэй хандаж, үргэлж өөрийн давуу талаа харуулахыг оролддог. Түүнээс гадна дасгалжуулагчийн зааврыг талбайд гармагцаа хэрэгжүүлэх гэж чармайдаг.

-Таны амьдрал яг жилийн өмнөхөөс тань хэр өөрчлөгдсөн бол?

-Амьдрал үргэлж өөрчлөгдөж байдаг шүү дээ. Арван сарын өмнө би ийм зүйл болно чинээ төсөөлөөгүй байлаа. Гэтэл одоо намайг домогт тоглогчдын нэг болсон талаар шуугьж байна. 2009 он миний хувьд хэцүү жил байсан. Хөлний гэмтэл, гэр бүлийн асуудал гээд тийм ч амар байгаагүй. Одоо миний сэтгэл санаа урьд өмнөхөөс илүү хүчтэй, тогтвортой болсон.

-Таныг аливаа зүйлийг харьцуулах дургүйг мэднэ. Гэхдээ өнгөрсөн зун Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга болоход та хэзээ ч баярлаж байгаагүйгээрээ хөөрсөн гэсэн. Энэ нь “Их дуулга”-ын бүх түрүүг хүртсэнтэй харьцуулбал?

-Бүх мэдрэмж, баяр хөөр өөр байдаг шүү дээ. Ялалт бүр онцгой. Би АНУ-д түрүүлснийхээ дараа баярласандаа ухаан алдах гэж байсан. Испанийн шигшээ баг дэлхийн аварга болоход ч яг ингэж байсан. Би энэ хоёр ялалтыг харьцуулж чадахгүй нь ээ. Уучлаарай /инээв/.

GD Star Rating
loading...
РАФАЭЛЬ НАДАЛЬ: “МАСТЕРУУДЫН ЦОМ”-Д ТҮРҮҮЛЭХ Л ҮЛДЛЭЭ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: