Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » “ЭРЧИМ”-ИЙН 11 ДЭХ ТҮРҮҮ ХАМГИЙН АМТТАЙ БАЙЛАА

GD Star Rating
loading...

Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн халуухан тоглолт дунд болж, өчигдөр өндөрлөлөө. Лигийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн баг өрсөлдөж, гурван тойрог өрсөлдсөний эцэст ангилал бүрийн өндөр үзүүлэлттэй дөрвөн баг медалийн төлөө тоглох эрхээ авсан билээ. Энэ жилийн хамгийн азгүй баг нь “Энагура” болж таарав. Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн цөм болсон тэд зөвхөн түрүүлж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгах зорилго өвөртөлж байсан. Тойргийн есөн тоглолтдоо нэг ч алдаа гаргалгүй 100 хувийн амжилт үзүүлж, алтан медалийн төлөө өрсөлдөх болсон юм. Тэдний учраагаар лигийн хамгийн ха¬шир туршлагатай баг “Эрчим” тодорсон. Меда­лийн төлөөх тоглолтод тү¬рүүлж гурав хожсон баг нь илүүр­хэх байв. “Энагура”-гийн гялалзсан тоглолт аваргын төлөө ч үргэлжилж, цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Энэ үед спорт сонирхогчид тэднийг түрүүлнэ гэдэгт огт эргэлзээгүй биз ээ. Гурав дахь тоглолт болохын өмнө зохион байгуулагчид медалиа, дурсгалын зүйлээ яаран бэлтгэсэн нь үүний илрэл биз ээ. Гэвч “Том тэмцээний хувь заяаг авьяас биш, туршлага” шийддэг хэмээх үг бодит биелэл болсон юм. Гурав дахь тоглолтод “Эрчим”-ийн бүсгүйчүүд ана, мана өрсөлдөж ялалт байгуулснаар цувралын харьцааг 1:2 болгосон. Магадгүй энэ нь ялагдал гээчийг мартаад байсан өрсөлдөгчдөд нь том цохилт болсон биз ээ. Босоо явсан багийг хазайлгасан “Эрчим” дөрөв дэх тоглолтод тун ч итгэлтэй оролцож, нийлбэр дүнг тэнцүүлэх нь тэр. Ингээд л шийдвэрлэх, басхүү “үхлийн” тав дахь тулаан гарсан юм. Энэ удаагийн лигийн тэмцээний бусад медалийн тоглолт 3:1 харьцаатай шийдэгдсэн болохоор энэ сүүлийн тоглолт байлаа. Нэгэнт сэтгэлзүйн хувьд хамаагүй давуу байдалтай болоод байсан “Эрчим”-ийн эгч нар “Энагура”-гийн дүү нараа гурван үед буулган авч, цувралыг 3:2 болгож түрүүлсэн билээ. “ТЭЦ-IV” цахилгаан станцын багийн хөгжөөн дэмжигч нар Спортын төв ордны “А” зааланд олноор ирж, баг тамирчдаа халуун дотноор дэмжсэн нь талаар болсонгүй. Тэд хайртай багийнхаа довтолгоо бүрт уухайлж, цохилт бүрт “Нэг, хоёрын гурваа” хэмээн орилж байсан нь тамирчдад ч их эрч өгсөн юм. Гайхамшигтай цувралд ялалт байгуулсан “Эрчим”-ийн дасгалжуулагч Д.Баасансүрэнтэй тоглолтын дараа ярилцлаа.

-Итгэмээргүй шигшээ тог­лол­тын тухай юу хэлэх вэ?

-Энэ жилийн лигт манай баг хүнд нөхцөлд оролцсон. Манай үндсэн бүрэлдэхүүний хоёр тоглогч жирэмсэн болж, нэг нь гадаад явсан юм. Ингээд үндсэндоо долоон тоглогчтой л өрсөлдлөө. Манай холбогч, довтлогч, чөлөөт тоглогч гурав маань “ТЭЦ-IV”-ийн үндсэн ажилтан биш. Ажил нь болж өгөхгүй, бэлтгэл сургуулилалт хийхэд хүнд байсан. Тиймээс арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд хүртэл бэлтгэл хийж байсан. Шигшээ тоглолтод өрсөлдсөн “Энагура” бол сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнд амжилттай оролцсон, эрч хүчтэй залуу баг. Айлын хувилбаруудыг хийлгэхгүй байхыг зорьсон. Давуулалтыг маш хүчтэй хийж, эсрэг багт дамжуулалт муу авахуулж, эргээд өндөр өгсөн бөмбөгийг хаах бодлого барьсанаараа ялалт байгууллаа.

-Аваргын төлөөх эхний хоёр тоглолтод ялагдсаны дараа хүнд байсан биз. Тоглогчид тань сэтгэлээр унасан уу?

-Хүн хүсэх л юм бол бүх зүйл бүтдэг гэж үг байдаг. Би үүнийг охидууддаа байнга захиж, сэтгэл зүйн талын дэмжлэг үзүүлсэн. “Та нар туршлагатай, ид жигдэрч яваа” гэж зоригжуулсан юм. Энэ бол миний лигийн 11 дэх алтан медаль. Үүнээс хамгийн амттай түрүү нь энэ байлаа.

Зорилгодоо хүрэхэд алхам дутсан ч Монголын волейболд өнгө нэмж буй “Энагура” багийн туслах дасгалжуулагч П.Хэрлэн “Манай баг мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ бид зөвхөн алтан медаль хүртэх л зорилготой байсан. Манай хүүхдүүдийн туршлага дутлаа. Түүнээс бэлтгэл сургуулилалтыг маш сайн хийсэн. Эсрэг багаа басамжилсан зүйл байгаагүй. Энэ тоглолт бидэнд маш их туршлага хуримтлууллаа” хэмээн ярив.

Эмэгтэйчүүдийн хүрлийн төлөө “Уурхайчин” “Тэнүүн Огоо”-г, эрэгтэйчүүдийн хүр­лийн төлөө “Ноён” “Уурхайчин”-г, шигшээ тоглолтод “Буянт-Ухаа” “Эрчим”-ийг тус бүр 3:1-ээр яллаа. Энэ удаагийн лигийн тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар /эрэгтэй, эмэгтэй/ Т.Отгонтөгс  /Эрчим/, Д.Билгүүн /Эрчим/, “Шилдэг давуулагч”-аар М.Цэ¬рэн­баатар  /Ноён/, П.Буян­¬жаргал /Уурхайчин/, “Шилдэг холбогч”-оор Р.Хангай  /Буянт¬-Ухаа/, А.Уранчимэг /Эна¬гура/, “Шилдэг довтлогч”-оор Э.Сайханбаатар /Эрчим/, Г.Цэцэгжаргал /Энагура/ тодров. Харин хамгийн нэр хүндтэй “Шилдэг тэгш тоглогч”-ийн алдрыг Б.Ганхуяг /Буянт-Ухаа/, Г.Нарантуяа /Эрчим/ хүртэж, “Шилдэг дасгалжуулагч”-ийн шагналыг БНСУ-ын мэргэжилтэн Жон Юнха /Энагура/ хүртэв. Түүнчлэн МВХ-ны шүүгч С.Мөнхдэлгэр шилдгээр тодорсон юм.

GD Star Rating
loading...
“ЭРЧИМ”-ИЙН 11 ДЭХ ТҮРҮҮ ХАМГИЙН АМТТАЙ БАЙЛАА, 8.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Erchim says:

    Erchimiin ulaan fen baina…manaihan sak bailaa..Baask chi lag shvv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: