Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Австралийн Их Дуулгын сониноос

GD Star Rating
loading...

99 дэх удаагийн Австралийн нээлттэй тэмцээн эхлээд 5  дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн цомыг хамгаалж байгаа Серена Уйльмс хөлний бэртлээсээ болж Астралид ирсэнгүй. Энэ жилийн тэмцээн урьд өмнө нь байгаагүй их шагналын сантайгаараа онцлог болж байна. Шагналын сан өнгөрсөн жилийнхээс  3.8 хувиар өсгөсөн бөгөөд нийт 24 сая ам.доллар тамирчидыг хүлээж байна. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн ялагчид тус бүр 2.1 сая ам.долларыг халаасална. Түрүү жил Надаль, Ким Клистерс нар Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлээд 1.7 саяыг авч байсан юм.

Мельбурнд эмэгтэйчүүдийн чансааг Каролин Возняцки  тэргүүлж байгаа бол Надаль уламжлал ёсоор эрэгтэйчүүдийг манлайлж байгаа.

Тэмцээний эхний өдөр л Оросын номер нэг Николай  Давыденко ялагдал хүлээж эхний сенсаацыг тарив. Сүүлийн үеийн тааруухан амжилтаасаа болж дэлхийн чансааны 23-р байр хүртэл ухарсан Давыденко Германы Флориан Майерт 4 сетэд 3-6, 6-4, 6-7 (4), 4-6-аар ялагдал хүлээсэн. Өнгөрсөн жил бугуйны бэртлээс болж Орос эр чамгүй олон тэмцээн өнжсөн. Ийнхүү түүний хувьд 2011 он тун одгүй эхэллээ.

Мөн Энди Роддикийн халааг авна гэгдэж буй Америкийн залуу теннисчин Сэм Куэрри эхний шатыг давсангүй. Польшийн Лукаш Куботтой тэрээр оноолт тааран өөрийн хүчтэй давуулалтуудаа ашиглан олон оноо авсан ч хангалтгүй байжээ. Чансааны 72-т бичигдэж буй Польш залуу гайхалтай тэвчээр хатуужил гарган 3 цаг тулалдсаны эцэст 5-7, 6-2, 3-6, 6-1, 7-6 гэсэн харьцаагаар ялалт байгуулсан юм.  Куэрри энэ тоглолтод 7 эйс хийсэн бөгөөд 212 км/ц-гийн хурдтай давуулалт хийж тэмцээний дээд амжилтыг тогтоосон. Харин сэтгэлзүйн тулаанд Америк эр бэлэн бус байжээ.

Эмэгтэйчүүдээс Словакын Даниэла Гантухова Оросын  шинэ үеийн залуусын нэг Регина  Куликовад 7–6(3), 3–6, 9–7 гэсэн харьцаагаар ялагдсан. Карьертаа анх удаа Гантухова Австралийн нээлттэй тэмцээнийг эхний шатнаас орхиж байгаа юм.

2 дахь өдөр Эрэгтэйчүүдийг шилдгүүд ямар нэгэн сенсаацгүй дараагийн шатанд үлдсэн бол эмэгтэйчүүдээс  Ана Иванович ялагдаж Сербийн фенүүдийг шоконд орууллаа. Хуучин дэлхийн чансааг тэргүүлж байсан Анагийн тоглолт харагдахгүй болоод удаж байгаа. Бээжингий олимпоос эхлэлтэй түүний бэртэл гэмтлийн асуудал сунжирсаар 2 жил гаруй болсон. Харин 2010 оны сүүлээс эхлэн Ана формондоо орон 2 ч WTA цувралын түрүү хүртээд байсан юм. Үүнийхээ ачаар чансаанд 19 хүртэл дэвшээд байсан ч Оросын Екатерина  Макарова замд нь саад боллоо. 2 цаг 47 минут үргэлжилсэн ширүүн тоглолтын эцэст , 6-3, 4-6, 8-10 -р Макарова ялалт байгуулсан юм. Тэрээр энэ ялалтыг карьерийнхаа хамгийн сайхан мөч хэмээн нэрлэсэн. Өдгөө 22 настай энэ бүсгүй чансааны 49-р байранд явж байгаа. 2 тамирчны сүүлийн 3-р сэт цаг гучин минут үргэлжилсэн бөгөөд эцэст нь 8-10-өөр Орос бүсгүй ялалтыг авсан. Ана тоглолтын дараа “Сүүлийн сетэд би маш их ядарсан байсан болохоор хөлийн ажиллагаа их саарсан. Энэ л бараг ялагчын хувь заяаг шийдчихлээ. Дээр нь тэр тун шаргуу тоглосон. Сүүлийн хэд хоногт миний гэдэс бага зэргийн зовиуртай байсан болохоор бэлтгэл дээр төдийлөн хүчээ гаргаж чадаагүй. Ер нь би азгүй байлаа” гэжээ. Ийнхүү Сербүүдийн хайртай бүсгүй Ана Иванович эхний шатнаас Австралийн нээлттэй тэмцээнийг үдлээ.

Гэхдээ энэ бол Сербийн азгүйтлийн дөнгөж эхлэл байлаа. Тэмцээний 4 дэх өдөр Елена Янкович Анагийн араас нутаг буцах нь тэр. Шинэ он гараад дасгалжуулагчаа больж шинэ менежертэй болсон тэрээр  Хятадын Пэн Шуайд 7–6(3), 6–3-аар ялагдсан. Пэн Шуай нь өнгөрсөн оны сүүлээр явагдсан Азийн наадмын талбайн теннисний төрөлд магнайлж форм сайтай байсан юм. Тиймээс чансаа нь улам бүр уруудаж байгаа Серби бүсгүйг буулган авахын тулд 2 сет л зарцуулсан.

Талбайн теннисний сайхан бүсгүйчүүдийн нэг Оросын Мария  Кириленко болон түүний нутаг нэгт Алиса Клейбанова нар мөн 2-р шатнаас Мельбурныг орхисон. Гэхдээ Оросын дундаршгүй авьяастнууд цааш дараагийн шатанд үлдсээр байгаа. Чансааны эхний 20-д лав 5 Орос бүсгүй байна.

Сербийн шилдэг эмэгтэйчүүд хосоороо тэмцээнээс хасагдаж байхад Аргентиний эрэгтэйчүүд тэдний жишгийг дагалаа. Хуан Монако болон Давид Налбандьян нар 2-р шатнаас гэртээ харихаар болсон. Гэхдээ Налбандьян бэртлээс болж ялагдсаныг дурьдах хэрэгтэй.

Цагтаа дэлхий чансааг тэргүүлж байсан Динара Сафина шилдгүүдээс хамгийн гутамшигтэй ялагдлыг амслаа. Олон удаагийн бэртэл гэмтлээс болж чансаанд 75-р байр хүртэл ухарсан тэрээр эхний шатанд Ким Клистерстэй тоглохоор болсон.

Эргэж ирснээсээ хойш 2 ч Их Дуулгын түрүү хүртээд буй Ким Динараг бут ниргэж 6-0, 6-0-ээр буулган авсан. Теннисний нээлттэй эрин эхэлснээс хойш дэлхийн чансааг тэргүүлж байсан тамирчидаас нэг нь ч  ”double bagel” буюу 6-0, 6-0-ээр ялагдаж байсан тохиолдол үгүй.

Ингээд чансааны тэргүүнд явдаг тамирчидын мэдээллээс хүргэе. Рафа Надаль 3-р шатанд цагаан картаар оролцож байгаа Бернард Томичтой таарлаа. Ердөө 18 настай Австрали хүү Надальд төвөг учруулж чадахгүй болов уу.

Эсрэг талд Надалийн мөнхийн өрсөлдөгч Федерер урагшилсаар байна. “Швейцарь цаг” 2-р шатанд сугалаа хүндхэн татаж Францын Жиль Симонтой 5 сет үргэлжилсэн ширүүн “зодоон” хийсэн. Ингээд  багагүй сульдан 3-р шатанд үлдлээ.  Аз болж энэ шатанд түүнийг чансаанд эрэмбэлэгдээгүй Бельгийн Ксавье Малисс хүлээж байна. ’The X-Man’ хочтой энэ теннисчин 2002 онд хамгийн оргил амжилтаа үзүүлж байсан юм.

Энди Мюррей – Испаний Гарсиа Лопезтэй (32), Жокович нутаг нэгт  Виктор Троицкитой (29)

Мюррейгийн урд орж чансаанд 4-рт бичигдсэн Робин Содерлин Чехийн Ян Хенрихтэй тус тус 3-р шатанд таараад байна.

Харин эмэгтэйчүүдээс Возняки Словакын Цибулкова (29)-той, Серенагийн эзгүйг ашиглан 2-рт эрэмбэлэгдсэн Звонарёва  Чехийн  Шафаржова (31)-тай тус тус тоглох болоод байна.

GD Star Rating
loading...
Австралийн Их Дуулгын сониноос, 7.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. VOl says:

    Roger go go.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: