Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » “Империал” тэмцээн монголчуудын ялалтаар өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Империал” тэмцээн энэ жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсоноороо онцлогтой. Шинэ спортын ордны салхийг хагалсан анхны олон улсын тэмцээн нь “Империал 2010” байлаа. Өмнөх жилүүдэд кик бокс голлон тэмцээн явуулдаг байсан бол энэ жилээс байлдааны самбо, тэквондо, каратэ, муай-тай, олимпийн бокс, мэргэжлийн бокс гэсэн олон төрлийг хамарснаараа үзэгч олонд гардан тулааны урлагийн олон төрлийг нэгэн дор үзэх боломж олгосон билээ.

Тэмцээнийг ивээн тэтгэгч “Жалам хар” компаниас аваргын дөрвөн бүс хийлгэсэн бөгөөд энэ дөрвөн бүсний төлөө жил болгон гадаад дотоодын тамирчид тулалдах юм. “Империал 2010” нэрний хувьд өнгөрсөн жил зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч шинэ спортын ордны зав зайг харгалзсаар он гаргасан гэнэ. Гэвч нэрээ солилгүй явуулахаар зохион байгуулагчид шийджээ. Уртын дуу, морин хуурын аялгуугаар танхимын жаврыг үргээсэний дараа тэмцээний гол хэсэг тэквондогийн 57 кг-ийн жингийн Т.Дайчинхүү, Э.Эрдэнэбаяр нарын тоглолтоор эхэлсэн.

2 минутаар 2 үе тоглосны эцэст оноо тэнцсэн тул хугацаа сунгаж, Т.Дайчинхүү ялалт байгууллаа. Хоёр тамирчин хурдтай, техник сайтай байсан тул үзэгчид ихэд сонирхсон бөгөөд энэ оройн сонирхолтой тоглолтын нэг нь энэ байлаа. Тэквондо. Эмэгтэй Г.Оюун-Эрдэнэ- Г.Уранбилэг оноогоор Олимпийн бокс -80 кг Т.Чулуунтөмөр- Ж.Батсүх оноогоор Каратэ А.Мөнхбаяр-Г.Мөнхбат Кёкүшинкай каратэ Б.Бүрэнзориг-Б.Галсандорж “Жалам хар” компаниас гаргасан аваргын шинэ дөрвөн бүсний төлөө файтинг, К-1, мэргэжлийн бокс, муай-тай тулааны тамирчид өрсөлдлөө.

Харамсалтай нь К-1 төрөлд тоглох байсан Испанийн тамирчин гэмтлийн улмаас оролцох боломжгүй болж, оронд нь Иран, Ц.Амарбаясгалангийн өрсөлдөгч Тайландын тамирчинг тайландчууд өөр тулаанчаар сольсон байлаа. Ийнхүү үзэгч олны хүлээсэн шилдэг дөрвийн тоглолт эхэллээ. Рингэнд файтингийн Б.Цогтбаяр, Б.Даваасү рэн нар гарч ирлээ. 5 минутаар 2 үе тоглох дүрэмтэй энэ тоглолт эхлээд л үзэгчдийн цөсийг хөөргөж өгөв. Эхний үе эхлээд Б.Даваасүрэн өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан ч гүйцээж чадсангүй. Харин хэдхэн минутын дараа Б.Цогтбаяр оновчтой цохиж, унагаан дээр нь гарж чадлаа.

Ашигтай байрлал эзэлсэн Б.Цогтбаяр минут хэртэй дээрээс нь балбасан ч Б.Даваасүрэн сайн хамгаалан, хүнд цохилт бараг авсангүй. Хэрэв Б.Цогтбаяр энэ боломжоо ашигласан бол ялах нь гарцаагүй байсан ч яаж ч чадсангүй. Харин ч эсрэгээр хүнд байдлаас гарж чадсан Б.Даваасүрэн босоо байдлаас хэд хэдэн оновчтой цохилт хийн давамгайлсаар эхний үе дууслаа. Хоёрдугаар үе эхлэн Б.Даваасүрэнгийн давамгайлал илт болсон. Эхний минутад өрсөлдөгчөө рингнээс гарч унатал нь хүчтэй цохилоо.

Хэрэв рингнээс гараагүй бол Б.Даваасүрэн дээр нь гарч шууд ялах нь ойлгомжтой байлаа. Тоолуулсны эцэст Б.Цогтбаяр рингэнд дахин гарлаа. Дахиад л Б.даваасүрэнгийн хүчтэй цохилт. Унасан өрсөлдөгчөө тэр дор нь өчиж ялсан Б.Даваасүрэн үзэгчдийн талархлыг ихэд хүлээв. Дашрамд дурдахад тэрбээр Улсын харцага Ж.Борын хүү юм. К-1 –д манай туршлагатай тамирчин У.Энхбаяр зодоглосон. Японы дэвжээнд Ширатори кэн нэрээр тоглодог У.Энхбаяр дэлхийн аварга, ОУХМ цолтой. Харин Ираны Жафар Нахти мэргэжлийн дэвжээнд 65 удаа тулалдсанаас 45 ялсан хүн. Эхний үеийг тамирчид нэг нэгнээ тагнах маягаар болгоомжтой тоглосоор дуусгав. Испанийн өндөр тамирчинтай тоглохоор тактикаа боловсруулсан байсан манай тамирчин огт өөр стилийн хүнтэй тулалдсан тул аргагүй биз ээ. 3 минут судалж, ямархуу тамирчин гэдгийг таньсан У.Энхбаяр хоёрдугаар үеэс довтолж эхлэв. Хэд хэдэн удаа оновчтой хүчтэй цохисон ч Ираны тамирчин тэссээр завсарлага болголоо.

Гуравдугаар үед У.Энхбаяр хүнд цохилтоор унагаасан ч Жафар туршлага заан боссоор л байсан. Ингээд оноогоор манай тамирчин ялсан ч үзэгчид түүнээс илүү зүйл хүлээж байсан нь лавтай. Мэргэжлийн боксын төрөлд Пан Азийн аварга Г.Ганзориг Тайландын Ёнг Сатонгтой тоглосон. Г.Ганзориг мэргэжлийн дэвжээнд 9 тоглож, 8 ялсан бол өрсөлдөгч нь 20 тоглосноос 15 ялсан туршлагатай тамирчин байлаа. Эхний үед манай тамирчин бага зэрэг давамгайлсаар дуусав. Хоёр, гуравдугаар үед тамирчид хальтарч унасныг эс тооцвол онц гойд юм болсонгүй. Магадгүй удахгүй тэмцээнтэй болохоор манай хүн гэмтэл бэртэл авахгүйг бодож, биеэ нөөсөн байж болох. Дөрөвдүгээр үеэс тамирчид идэвх орж эхэллээ.

Г.Ганзориг оновчтой цохилтоор оноо түүж байс ан бол Ёнг үргэлж довтолсоор л. Үзэгчдийн дайраач, чи илүү илүү уриаг сонссон Г.Ганзориг тоглолтын төгсгөлөө сайн хийснээр 59-55 харьцаагаар эх орныхоо дэвжээнд ялалт байгууллаа. Тэрбээр хоёрдугаар сарын 22-нд чансаа тогтоох тулаантай. Энэ орой тулааны урлаг сонирхогчдын хамгийн их хүлээж байсан тоглолт бол мэдээж дэлхийн аварга, Японд нэр сүрээ дуурсгасан Ц.Амарбаясгалангийн тулаан байлаа. Түүний тулааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танхимд орж ирсэн юм. Кик бокс, К-1, муай-тай бокс гээд олон төрлөөр тулалдаж байсан Амраагийн хувьд тоглолтын өмнөхөн өрсөлдөгч нь солигдож, мэргэжлийн дэвжээнд 150 тоглож, 130 ялалт байгуулсан хашир тамирчин болсон байлаа.

Хоёр тамирчин тоглолтын өмнө муайтай боксын ёслолыг хийж үзүүлсэн нь үзэгчдэд ихэд таалагдав. Муай-тай бокс нь тохойгоор цохихыг зөвшөөрдөг тулаан. Тайландын Сонгком ч тоглолт эхлээд л тохойгоор хэд хэдэн удаа довтолсон ч энэ нь Амраагийн хувьд шинэ зүйл биш билээ. Ур чадвар, бие бялдраар илт давуу байсан Амрааг үзэгчид цавчих цохилтоо хийн ялахыг хүсэн уриалж байлаа. Харин Амраа эхний хоёр үед гараар голчлон тоглож, оноо авсаар. Харин гуравдугаар үеэс хөл мэхнүүд хийн хүчтэй цохиж довтолсоор хүнд цохилтоор буулган авлаа.

Монголын үзэгчид түүнээс үүнийг л хүлээж байсан билээ. Ингээд энэ жилийн “Империал” дууслаа. Ирэх жилээс улам олон сайн тамирчин оролцон, улам сонирхолтой болох буй за. Шинэ спортын ордон маань олон улсын жишигт нийцсэн ч үзэгчдийн хөл залгуулах унаа хомсдолтой байлаа. Автобус унаа зогсохгүй тул оройтсон үзэгчид зам даган алхаж байв. Тэмцээнийг зохион байгуулагчид ч энэ талыг харгалзан үзэж, цаашдаа үнэгүй автобус гарган, үзэгчдээ тээвэрлэж байвал сайн сан.

GD Star Rating
loading...
“Империал” тэмцээн монголчуудын ялалтаар өндөрлөлөө, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: