loading...
Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны анхны томоохон тэмцээн болох Парисийн “Их дуулга” ирэх сард хөшгөө нээнэ. 2 сарын 5, 6-нд явагдах тус тэмцээнд манай шигшээ баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлдэж байна. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох болон дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэй найм, эмэгтэй таван жүдоч Парисийг зорихоор болжээ. Эрэгтэйчүүдээс 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Э.Энхбат, -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр нар зодоглох бол эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Т.Баттөгс, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг-д П.Лхамдэгд нар хүч үзэх юм.
Нийт 154 мянган ам.долларын шагналын сантай Парисын “Их дуулга”-ын тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр буюу 5-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд сүүлийн өдөр бусад жингийн ангилалд медалийн эзэд тодорно.
Монголын жүдочдын түрүүч энэ сарын 30-нд, харин үлдсэн тамирчид ирэх сарын 3-нд эх орноосоо мордох юм. 
loading...



