Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Сайн бөхөд сайн морь хэрэгтэй

GD Star Rating
loading...

ШШГЕГ-ийн бие бүрэлдэхүүн өөрийн “Сүлд” спорт хорооны жүдоч Монгол Улсын гавьяат тамир­чин, хөдөлмөрийн баатар Х.Цагаан­баатар, ОУХМ Б.Төгөлдөр нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Төгөлдөрийг Монгол Улсын заан Ц.Баярсайханы хүү гэдгээр спортын хорхойтнууд мэднэ. Тэрбээр уул­залт болохоос хэдэн минутын өмнө аавынхаа хамт орж ирсэн. Ц.Баярсайхан заан дээш гарсан ч хүү нь үүдэнд үлдэж, шигшээ багийн ахаа хүлээлээ. Х.Цагаанбаатарыг яг цагтаа орж ирэхэд мэндэлж, ёслоод хамтдаа дээш гарсан юм. ШШГЕГ-ийн дарга, хурандаа М.Ганхүү үг хэлснээр уулзалт эхэлсэн. Үүний дараа Азербайжаны нийслэл Баку хотод болсон жин бүрийн шилдэг 16 тамирчны “Мастерс” тэмцээний аварга хошууч Х.Цагаанбаатарыг өргөмжлөл, 500 мянган төгрөг, хурдан удмын соёолон насны морь, Японы Токио хотод болсон 2010 ДАШТ-д шагналт байрт шалгарч, ОУХМ цолны болзол хангасан Б.Төгөлдөрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнах тушаал уншлаа.

М.Ганхүү хурандаа “Сайн бөхөд сайн морь хэрэгтэй. Бид идэшний морь өгөөгүй. Хурдан удмын соёолон бэлэглэж” байна гээд 2009 онд дэлхийн аварга болсон зурагтай өргөмжлөл дурсгав. Үүний дараа Б.Төгөлдөрт шагнал гардуулсан. “Манай албан хаагч болоод жил өнгөрч байна. Жүдо бөхөөр өндөр амжилт үзүүлж буй, өсөх ирээдүйтэй тамирчин. Хөдөлмөр, зүтгэл гаргаж манай хүндэт самбарт гараарай” гэв. ШШГЕГ-ийн хүндэт самбарт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, гавьяат тамирчин Д.Баттулга нарын зураг байх.

ШШГЕГ-ийн ажилтнуудын нижиг­нэсэн алга ташилтын дараа Х.Цагаан­баатар “Маш их баяртай байна. Ийм сайхан хамт олон дунд орж ирээд, амжилт гаргаж байгаадаа. Өнгөрсөн жилийн “Мастерс”-т дэлхийн чансааг тэргүүлэн барилдсан боловч эхний тойрогт ялагдсан. Харин энэ жил маш их хичээж, хөдөлмөрлөсний дүнд аваргаллаа. Эхний даваанд Японы Масаши Эбинүматай хийсэн барилдааныг жүдогийн мэргэжилтнүүд олимпийн наадмын гуравдугаар тойргийн барилдаан хэмээн ярьж байсан. Би урьд нь нэг ялагдаж байсан болохоор биеэ цэнэж, хянуур үзсээр вазари, юүко үнэлгээгээр ялсан. Дараа дараагийн барилдаанд их хичээсэн. Энэ амжилтын дараа ийм сайхан хамт олны өмнө сууж байгаадаа баяртай байна. Та бүхний итгэл найдварыг алдахгүйгээр энэ наадмын талбарт төрийн тугаа мандуулж, “Энэ миний Монгол оо гэж дэлхийд би гайхуулна аа” гэв. ШШГЕГ хажуудаа “Гал аранзал” уяачдын галтай аж. М.Ганхүү хурандаа “Манай гал Х.Цагаанбаатарын соёлонг уяж, ирэх жилийн улсын наадмаар хурдлуулах болтугай” хэмээгээд амжилт хүсэв.

ШШГЕГ-ийн “Сүлд” спорт хорооны “Офицерууд” баг байгуулагдаж, энэ сарын 28-нд эхлэх МСБХ-ны дээд лигийн тэмцээнд оролцох болсон билээ. М.Ганхүү хуарандаа ажилтнууддаа хандаж “Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн даваа, лхагва, баасан гаригт 18:00 цагаас болно. Та бүхэн зав гарган ирж үзэж байгаарай” хэмээн захисан. “Орой 17.00 цагт лигийн тэмцээн үзнэ гэж жижүүрт хэлээд явбал ажил тасалсанд тооцохгүй. Харин битгий далимдуулаад алга болчихоорой” хэмээн хошигносон юм. Уулзалтын төгсгөлд Х.Цагаанбаатар хамт зураг авахуулахыг хүссэн хүмүүсийн хөлд дарагдав.

GD Star Rating
loading...
Сайн бөхөд сайн морь хэрэгтэй, 7.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. com_tso says:

    Орой 17.00 цагт лигийн тэмцээн үзнэ гэж жижүүрт хэлээд явбал ажил тасалсанд тооцохгүй. Харин битгий далимдуулаад алга болчихоорой” хэмээн хошигносон юм Төрийн ажил нэг иймэрхүү л явагдаж байгаам даа.

    GD Star Rating
    loading...
  2. Иргэн says:

    Та нар хэний мөнгөөр ингээд туйлаад байгаа юм бэ? Өөрөөсөө гаргаж байгаа юм шиг томорч байх юм.

    GD Star Rating
    loading...
  3. hi says:

    tuuguud amjilt husey ganbare hu…….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: