loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улирлын хэсгийн тоглолт өндөрлөлөө. МХБХ, “Их талын дуулиан” ТББ хамтран зохион байгуулж буй тэмцээний эхний шатны тоглолт гурван сар үргэлжилж, хөвгүүдийн 11 насны ангилалд 12, 13 насанд 26, 15 насанд 32, 17 насанд 30, охидын 14 насанд найм, 16 насанд 10 баг шөвгөрөх болзлоо хангалаа. Харин оюутан насны ангиллын тэмцэл өндөрлөх хараахан болоогүй байна. Дунд сургуулиудын ангилалд хоёрдугаар сургуулийн 17 насны баг гайхалтай тоглолт үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тэмцээнд гурав дараалан түрүүлээд буй тус баг хэсгийн шатанд зургаа тоглохдоо 100 хувийн амжилт үзүүлсэн. Ингэхдээ 77 гоол хийж, 27-г алджээ. Сүүлийн тоглолтод нэгдүгээр сургуулийн багийг 27:3-аар сөхрүүлсэн нь 2010-2011 оны улирлын хамгийн том ялалт болов. Түүнчлэн энэ улирлын хамгийн олон гоол орсон тоглолтоор тодорчээ. Хоёрдугаар сургуулийн гол өрсөлдөгч 72, 40, 14 дүгээр сургуулийн баг ч ямар нэгэн алдаа гаргасангүй, хэсгээ тэргүүллээ. Түүнчлэн 19, 20, 24 дүгээр сургуулийн ахлах насны баг 100 хувийн амжилт үзүүлэв.
Хэсгийн тоглолтын хамгийн өндөр оноог “Саммит” компьютер технологийн компанийн ивээн тэтгэсэн 24 дүгээр сургуулийн 11 насны баг авлаа. Энэ улиралд аварга цолоо хамгаалан тоглож буй тэд таван багтай хэсэгт орж, найм тоглохдоо бүгдэд нь ялсан. Сургуулийнхаа нэрний тооны оноо авахдаа өрсөлдөгчийнхөө хаалгыг 76 удаа мялааж, наймыг алдсан. Хэрвээ энэ хэсэгт багтсан 16 дугаар сургуулийн баг техникийн ялагдал хүлээгээгүй бол гоолын зөрүү бүр ч ихсэх байсан биз. 24 дүгээр сургуулийн багийн ахлагч, өнгөрсөн жилийн “Дуулиан-2020” тэмцээний “Өсөх ирээдүйтэй тоглогч” А.Мөнх-Оргил 34 гоол хийж, үүгээрээ бүх насны тамирчдыг өнгөлж байна. 24 дүгээр сургуулийн заал том болохоор гоол орох магадлал бага. Тиймээс жижиг зааланд тоглож, олон бөмбөг хийсэн тамирчдаас хол тасарч чадаагүй байх. Тэгээд ч тус багийн дасгалжуулагч тамирчдаа жигд тоглуулах бодлого барьсан тул А.Мөнх-Оргил талбайд олон минут өнгөрүүлээгүй. Харин одоо хасагдах шат эхэлж, баг бүр ижил талбайд тоглох тул “Алтан жаал” тэргүүллээ улам баталгаажуулах магадлалтай.
Тойргийн тоглолт өндөрлөх үед энэ жилийн тэмцээний 4000 дахь гоолын эзэн тодров. Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 15 насны багийн тоглогч Мөнх-Эрдэнэ “Орос” гуравдугаар сургуулийн хаалгыг хоёрдугаар үед мялааснаар содон амжилтын эзэн болсон юм. Тэмцээнийг зохион байгуулагчид түүнд “С1” телевизийн “Дуулиан-2020” нэвтрүүлэгт оролцох үеэр гоёмсог цомыг нь гардуулан өгөв.
Тэмцээний хасагдах шатны сугалаа өнөөдөр МХБХ-ны төв байранд болно. Хариуцлагатай мөч тулж ирлээ. Сугалааны үеэр олон улсын жишгийн дагуу хэд хэдэн дүрэм мөрдөгдөнө. Мэдээж нэг хэсгээс шалгарсан хоёр баг таарахгүй. Эхний шатнаас шалгарсан багууд хоёр өөр талд орж, амжилттай тоглосоор шигшээ тоглолтод л таарах учиртай. Түүнчлэн хэсгээ тэргүүлсэн баг өөр хэсгийн хоёрдугаар багтай таарах юм. “Дуулиан-2020” тэмцээний плей-оффын тоглолт хоёрдугаар сарын 5-6-нд Хан-Уул дүүргийн спорт зааланд эхэлж, хасагдах шатанд тоглосоор дөрөвдүгээр сарын дундуур энэ улирлын аварга баг тодорно. Сонирхуулахад зохион байгуулагчид бүх тоглогчдыг даатгуулсан бөгөөд “Тэнгэр” компаниас 500 сая төгрөгийн багц авчээ. Энэ нь хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмцээн олон улсын жишиг рүү улам ойртож буйг илтгэнэ.
loading...





Ooolkon shd. Mongoliin mani urs tsaanaa l 1 awhaaljtai shuu.
loading...
24 goy shuu!!!
loading...