loading...
МҮХАҮТ, Монгол туургатны ”Урамтай ша¬тар” холбоо хамтран “Мон¬гол туургатан айл бүр хоймортоо шатраа дээдлэн залъя” уриатай “Цагаан сар-2011” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, монгол хүний авьяас билгийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхөд нь тус дэм болох, шинэ залуу их мастеруудыг төрүүлэн гаргах, шатарт элэгтэй нэгнээ урамшуулан үнэлж, зэрэг, дэв олгодог болгох зорилготой тэмцээн энэ сарын 29-30-нд ГХЯ-ны ёслолын танхимд болно. Тэмцээний “А” ангилалд 2100-аас дээш рейтингтэй шилдэг 20 шатарчин оюун ухаанаа уралдуулах бол “В”-д шилдэг найман эмэгтэй тамирчин өрсөлдөх болжээ. Харин “С” ангилалд 2100-аас доош рейтингтэй 52 шатарчин өрсөлдөх аж. Тэмцээний нийт шагналын сан 4.63 сая төгрөг юм.
Анх 1996 онд УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч агсан С.Зориг УИХ-ын гишүүн Н.Түвшин¬төгстэй хамтран санаачилж “Цагаан сар-1996” шатрын тэмцээнийг зохион байгуулж байв. Энэ нь “Их мастер” төслийн анхны алхам байсан юм. Харин энэ удаагийн тэмцээнийг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулах гэж байна. Монгол туургатны ”Урамтай шатар” холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын санаачилгаар энэхүү тэмцээнийг сар шинийн өмнө уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.
loading...



