loading...
Японы сүмочид үндэснийхөө бөхөө шимтэн сонирхогчдын итгэлийг эвдсэн тухай мэдээлэл дуулиан болж байна. Чухам юу болсон талаар Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Кёкюшүзан Батбаяраас тодрууллаа.
-Сүмочид мөнгө төгрөгийн асуудалд ийн орооцолдлоо. Башё хүртэл цуцлагдаж байгаа талаар юу хэлэх вэ?
-Япон улсад том асуудал үүсээд байна. Сүмо бөхийн холбоо өдий хүртэл бөх сонирхогч, ард түмнээ хуурч явсан тухай яригдах боллоо. Энэ тухай өмнө нь олон жил яригдсан. 1990-ээд оны эхээр монгол бөхчүүдээс үүдэлтэй гэж зарим нь бичсэн байдаг. Тэр үед би тэнд байсны хувьд, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд ч тэр эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ өнөөдөр үүсээд байгаа асуудал бол үнэхээр том хэрэг. Осака хотод болох гуравдугаар сарын тэмцээн хойшиллоо. Тэр ч байтугай гурван сар биш, хариуцлагатай хүмүүсийн хэлснээр сүмог зогсоох тухай асуудал яригдаж байна. Мөн бүх бөхийг өөрчилж, монголчуудыг нутагт нь буцаах асуудал ч хөндөгдөх боллоо. Японы Цагдаагийн газар хуралдсан. Эндээс их юм дуулдаж байна. Бидний хэлдгээр “найраа” сүмод байдаг тухай ямар ч бөх, холбоо хүлээн зөвшөөрөөгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ нотлох баримт гарсан тул бөхчүүд хүлээн зөвшөөрөөд эхэлчихлээ. Манай монголчуудын хувьд энэ айхтар том асуудал биш л дээ. Угаасаа л найраа байдгийг ойлгодог, мэддэг улс. Харин япончуудын хувьд ард түмнээ хуурч байсан нь нотлогдоод айхтар том хэрэг болоод байна. Зодгоо тайлсных нь дараа олгодог тэтгэвэр тэтгэмжийг ч өгөхгүй бүр мөсөн хөөхөөр шийдвэр гаргасан байна. Одоогоор 10-аад бөхөд хамаатай.
-Манай бөхчүүд энэ асуудалд холбогдоогүй биз дээ?
-Арван бөхийн нэр холбогдоод байгаа. Харин би Монголын бөхчүүд холбогдсон гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Албан ёсоор мөнгө өгч, авч худлаа барилдсан тухайгаа мэдүүлсэн тохиолдолд л зөвшөөрөхөөс аргагүй. Түүнээс биш эндээс монгол бөхчүүдээ хардаж болохгүй.
-Энэ хэрэг анх яаж илчлэгдсэн юм бол. Тагнаж чагнаж байсан юм болов уу?
-Бөхчүүд гар утасны мессежээ арилгасан байсныг утасны оператор төв компаниас сэргээж уншаад мэдсэн юм билээ. Түүнчлэн бүр хэдэн сарын өмнөөс шилжүүлэх мөнгөний дүн, дансны дугаараа бичиж байсныг нь баримтжуулсан гэсэн. Ийм явдал монголчуудаас гаралтай гэдгийг би үгүйсгэж байгаа. Манайхан ийм хэрэгт оролцсон гэдэгт итгэл бага байгаа.
-Хэн хэн оролцсон тухай мэдээлэл ирсэн үү?
-Коорюү Э.Мөнх-Оргил гэх мэт ганц нэг хүний нэр байна. Албан ёсоор батлагдаагүй болохоор нэрийг нь хэлж болохгүй л дээ. Хакүхо аварга сар шинээр аав ээжтэйгээ золгохоор өчигдөр ирэх ёстой байтал Японы Сүмо бөхийн холбоо хориглосон байна лээ. Аварга хэдийгээр оролцоогүй ч гэлээ тэнд хуралд оролцох ёстой юм. Хэрвээ Монголын бөхчүүд үүнд оролцсон байвал нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийнх доргидогтой адил зүйл болох байх. Японы хуулийн дагуу тэдний бөхчүүд зохих хариуцлага хүлээх байх. Сүмогийн зарим том албан тушаалтан холбоотой эсэх талаар ч хөндсөн. Бүр нэг л бөх ингэж барилдсан бол бүгдийг нь хөөх тухай яригдаж байна. Үүнээс МҮБХ ч сургамж авах хэрэгтэй байх. Ер нь хуурамчаар барилдаж, бие биенээ баясгаж , худлаа наадам хийхээ болих ёстой гэж бодож байна. Найраагаа больж, шударга барилддаг болоосой гэж хүлээж байна даа.
loading...



