Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Кёрлинг » Кёрлингийн спорт Монголд хөгжих үндэс сууриа тавьжээ

GD Star Rating
loading...

Монголчуудын шал угаадаг спорт гэж хошигнон ярьдаг Кёрлингийн спорт манай оронд хөгжих үндэс сууриа тавьж, Монголын Кёрлингийн Холбоо/МКХ/-ны санаачлагчдын анхдугаар хурал 2011 оны 02 сарын 21-нд Улаанбаатар хуралдан МКХолбооны дүрэм, хийх ажлын чиглэлийг батлан удирдах зөвлөлийн гишүүд болон Холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн даргыг томилсон  байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэм ТВ” сургуулийн захирал  С.Нацагдорж, дэд ерөнхийлөгчөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нарыг тус тус сонгон батлав. Харин холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар МУИС-ийн багш Д.Бадамдашийг томилжээ.

Саяхан Турк улсын Эрзурум хотноо болж өнгөрсөн Дэлхийн Оюутны Спортын Өвлийн 25-р Универсиад наадмын үеэр Монголын төлөөлөгчид Дэлхийн Кёрлингийн Холбооны удирдлагуудтай уулзсан бөгөөд уг спортыг өөрийн орондоо  хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран, дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.  Дэлхийн холбооноос энэ спортыг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материал, мэргэжлийн багш дасгалжуулагчидаа манай улс руу илгээхээр болжээ.

Олимпийн наадмын үндсэн төрөлд 1998 оноос эхлэн багтсан, Монголчуудын эрт дээр үеэс тоглож ирсэн мөсний шагайтай тун төстэй Кёрлингийн спортыг эх орондоо дэлгэрүүлэн, өвлийн төрлийн багийн спортыг хүүхэд залуучуудын дунд өргөнөөр хөгжүүлж, ирээдүйн өвлийн Олимпийн медальтнуудыг одооноос бэлтгэх зорилготойгоор ийнхүү Монголын Кёрлингийн Холбоо үүсгэн байгуулагдлаа. Тус холбооныхон удахгүй нийслэл хотынхоо төвд өөрсдийн хөрөнгөөр анхны битүү дээвэртэй кёрлингийн мөсөн талбайг байгуулах ажилдаа ханцуй шамдан орохооор төлөвлөж, барилга угсралтын ажлаа энэ намраас эхлэхээр төлөвлөжээ.

Шотланд улсаас  анх 15-р зууны үеэс үүсэлтэй Кёрлингийн спорт нь нас, хүйс, биеийн онцлогоос үл хамааран хичээллэх боломжтойгоороо бусад спортоос ялгаатай бөгөөд биеийн онцлогоос илүүтэй сэтгэхүй, оюун ухаан ихээхэн шаарддаг тул Монголчууд энэ спортын төрөлд өндөр амжилт гаргах магадлалтай гэж манай спортын сонирхогчид, мэргэжилтэнүүд үзэж байгаа юм.

Дэлхий дахинаа кёрлингийн спорт сонирхогчид, телевиз үзэгчидийн  тоо өдөр ирэх тусам улам өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Шотланд, Канад, АНУ, Норвеги, Швед зэрэг орнуудад өндөр хөгжжээ.  Нэг баг 4 гишүүнтэй 2 баг нэг мөсөн талбайд тоглох бөгөөд багийн гишүүд тус бүрдээ  нэг ээлжинд 8 чулуу түлхэн нэг үеийн эцэст талбайн төв цэгт чулуугаа үлдээж чадсан баг нь оноо авах зарчимаар 10 үеийн туршид тоглон төгсгөлд нь олон оноо авсан баг нь ялагчаар  тодордог учиртай. Тоглогчдоос онцгой эв дүй, оюун ухааны мэдрэмж, авхаалж самбаа шаардсан уг спорт ийнхүү Монголд хөгжих үндэс сууриа амжилттай тавьжээ. Тун удахгүй олон нийтийн  Кёрлингийн спортын боловсролыг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй ажил хийхээр Монголын Кёрлингийн Холбооныхон төлөвлөж байна.

МОНГОЛЫН КЁРЛИНГИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Кёрлингийн спорт Монголд хөгжих үндэс сууриа тавьжээ, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: