Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, 8.Булангууд, Туялзуур сэлэм, Ярилцлага » Б.Хосбаяр : Монголд туялзуур сэлэмний спорт хөгжлийн замаар явж байна

GD Star Rating
loading...

Олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч А.Усмановтой хамт

Монголын туялзуур сэлэмний холбоо (МТСХ) саяхан “MGL” хэмээх анхны клубынхээ нээлтийг хийсэн билээ. Дэлхийд сонгодог спорт хэмээн нэрлэгддэг туялзуур сэлэмний спортыг эх орондоо хөгжүүлэхээр МТСХ-ны  зүгээс олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагын нэг нь энэ юм. Ингээд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяртай уулзаж шинээр байгуулагдсан клуб болон холбооны үйл ажиллагааны талаар тодруулсан юм.

-Монголын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаад  чамгүй хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд хэр их ажил амжуулав. Ер нь энэ спортын хөгжил манай оронд зөв замаар явж байгаа гэж ойлгож болох уу ?

-     Болноо. Туялзуур сэлэмний спорт бол манайд тийм ч танил спорт биш. Тиймээс  энэ спортын суурийг эх орондоо зөв тавихын тулд бүхнийг  ном журмын дагуу хийхээр хичээж ажиллаж байгаа.  Ямарваа юмны эхлэлийг зөв тавьж чадсан цагт цаашаа хөгжих үүд өөрөө нээгддэг.

Эхний ээлжинд бид туялзуур сэлэмний олон улсын мэргэжлийн зэрэглэлийн  дасгалжуулагчтай болох зорилго тавьсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн зун  Азийн бүсийн дасгалжуулагчийн сургалтанд өөрсдийн мэргэжилтнээ хамруулсан. Энэ сургалтыг одоо Хятадын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Франц мэргэжилтэн  Даниел Левавассойр удирдан зохион явуулсан учраас тун чанартай, сайн сургалт болсон гэж бид дүгнэж байгаа.

Ингээд нэгэнт мэргэжлийн дасгалжуулагчтай болсон учраас  дараагийн шатны үйл ажиллагаа нь туялзуур сэлэмний клуб нээж тамирчид бэлдэх явдал байсан. Гэхдээ үүнээс өмнө 8 сарын сүүлээр анхны УАШТ-ээ зохион байгуулж, 11 сард Францын Парис хотод зохион байгуулагдсан туялзуур сэлэмний ДАШТ-д тамирчидаа 2 дахь удаагаа  оролцуулж туршлага хуримтлуулсан. Парист болсон ДАШТ-д ямар ч байсан манай 2 тамирчин чамлахааргүй амжилт гаргаж дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаад ирсэнд баяртай байгаа.

2011 он гарснаар бид төлөвлөж байсны дагуу клубынхээ нээлтийг хийлээ.  Энэ спорт нь нилээд  өртөг өндөртэй спорт болохоор клубээ нээхийн өмнө бэлтгэл ажил багагүй хийх шаардлагатой  болсон. Ингээд нилээд удаан хөдөлмөрлөсний эцэст энэ сарын эхээр “MGL” туялзуур сэлэмний анхны клуб маань байгуулагдлаа.

Клубын үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа учраас одоохондоо 10 орчим тамирчин бэлдэж байна. Ерөнхийдөө бол  50 тамирчин бэлдэж, бэлтгэл сургуулилт хийх боломжтой байгаа.  МҮОХ-ны 3 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн энэ зун бид анхны шүүгчийг бэлдэхээр ажиллаж байгаа. Олон улсын зэрэглэлтэй шүүгч бэлдэхээс гадна Монголдоо шүүх шүүгчдийг бэлдэж байна.

- Ямарваа нэгэн шинэ спортыг хүмүүст хүргэж, тэдний дур сонирхлыг хөдөлгөхийн тулд тулд эхлээд уг спортоо сурталчилах, таниулах явдал онц чухал байдаг. Энэ тал дээр ямар үйл ажиллагаа хийж байгаа вэ ?

- Тийм ээ. Манайд тийм ч танил биш  спорт биш болохоор хүмүүст сурталчилах, энэ спортын сайхныг хүмүүст ойлгуулж мэдрүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа. Туялзуур сэлэм нь дэлхийн сонгодог спортын төрөлд багтдаг болохоор бие бялдрын эрч хүчээс гадна сэтгэлзүйн асар их таашаал өгдөг.

Бид ямар ч байсан эхний ээлжинд” Боловсол” суваг телевизтэй хамтран 6 цуврал хичээлийг үзэгчидэд хүргэсэн. Энэ нэвтрүүлгийн давталтууд хэд хэдэн удаа гарсан болохоор хүмүүст сайн хүрсэн байх. Мөн энэ зунаас вэб хуудастай болж түүгээрээ дамжуулан мэдээлэл хүргэх, гарын авлага хэвлэж тараах зэрэг үйл  ажиллагааг бид зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Туялзуур сэлэмний спорт нь дотроо хэдэн төрөлтэй, тухайн төрлүүд нь ямар онцлогтой болох талаар тодруулахгүй юу ?

-              Орчин үеийн туялзуур сэлэмний спорт нь дотроо гурван төрөлтэй. Энэ гурван төрөл бүгдээрээ олимпийн наадамд орж байгаа. Фойл буюу хөнгөн сэлэмний төрөл  нь биеийн бүсэлхийнээс дээш өрсөлдөгчөө хатгаж оноо авдаг, илүү их хурд, овсгоо шаардсан төрөл. Харин Епээ буюу хүнд сэлэмний төрөл нь Монголд илүү хөгжиж байгаа. Энэ нь биеийн бүх хэсэг рүү хатгах зөвшөөрөгддөг. Иймээс тамирчнаас илүү их техник, бяр шаарддаг онцгой төрөл. Харин сабля төрөл нь илд юм. Сэлэмний аль ч хэсгээр эсрэг багийн тамирчин хүрсэн оноо авах ба бүсэлхийнээс дээш онох ёстой байдаг. Энэ гурван төрөл өөр өөрийн онцлогтой ба тамирчны бие бялдар, төрөлхийн мэдрэмж зэрэг онцлогоос шалтгаалж тамирчид төрлөө сонгодог.

- Ер нь энэ спорт хүмүүст ямар нөлөөтэй юм болоо?

-              Мэдээж энэ чинь спорт болохоор хүний бие бялдрын хөгжилд нөлөөлөхөөс гадна хүүхэд, залуусын хүмүүжилд эергээр нөлөөлдөг. Бас хүний түргэн сэтгэх, богино хугацаанд зөв талыг харж, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадварыг дээшлүүлдгээрээ онцлог. Энэ спорт нь өөрөө язгууртны гаралтай болохоор зарим өндөр хөгжилтэй улс орнуудын хувийн сургуулийн хичээлийн программд нь хүртэл багтсан байдаг юм билээ. Гэхдээ клуб хэлбэрээр хөгжих нь элбэг байдаг ба гадаад орнуудад хэдийгээр мэргэжлийн тамирчин болгохгүй ч гэсэн энэ спортоор хичээллэснээр хүүхдийн хүмүүжилд ямар хэрэгтэй болохыг мэдэж хүүхдээ бүр 5 наснаас нь эхэлж хичээллүүлдэг. Насанд хүрэгчид ч гэсэн энэхүү спортоор эхлэн суралцаж болох бөгөөд, заавал нэг насанд хязгаарлагдана гэсэн ойлголт байдаггүй.

-              Монголын хувьд аль төрөл нь илүү ирээдүйтэй бол? Хүмүүс аль төрлийг нь илүү сонирхож байна?

-              Манай нөхцөлд одоогоор зөвхөн эпээгээр хүмүүс хичээллэж эхэлж байгаа. Цаашид фойл төрлийг оруулж ирэх зорилго тавьж байгаа. Бие бялдрын онцлогийн тухайд яривал ази тамирчид эпээ, фойл аль аль төрөлд илүү амжилт үзүүлж байна. Японууд фойлд цахиур хагалж байгаа бол солонгосууд эпээ, хятадууд аль алинд нь гэх мэтчилэн.

- Манай сэлэмчдийг ойрын хугацаанд ямар ямар тэмцээн уралдаан хүлээж байна ?

-              Ирэх 5 сарын 22-нд улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн жил УАШТ анх удаа зохион байгуулагдахад 16 тамирчин оролцож байсан. Харин энэ жилийн хувьд клуб нээгдээд, үйл ажиллагаа нилээн жигдэрсэн үед зохион байгуулагдаж байгаа болохоор дээрхи тоо хэд дахин өснө гэж найдаж байгаа. Мэдээж хэрэг улсын аваргад амжилттай оролцсон тамирчид олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломжтой болно.

Олон улсын түвшинд биднийг хүлээж байгаа хамгийн эхний тэмцээн бол ирэх 7 сард БНСУ-д зохион байгуулагдах яагдах Азийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Энд бид анх удаа хоёр хөнгөн сэлэм болон (foil) хүнд сэлэмний төрлөөр  (epee)  багаараа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Улмаар 9 сараас туялзуур сэлэмний лиг зохион байгуулах бодолтой байгаа. Энэ лигийн тэмцээн нь тамирчидын чансааг тогтоох, тэднийг байнгын бэлтгэлтэй байлгаж, ур чадварыг ахиулах боломжыг бүрдүүлж байгаа. Лигт   амжилттай оролцсон тамирчид 10 сард Итали улсад зохиогдох ДАШТ-д өрсөлдөхөөр төлөвлөгөөнд орсон байгаа юм.

- Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

GD Star Rating
loading...
Б.Хосбаяр : Монголд туялзуур сэлэмний спорт хөгжлийн замаар явж байна, 9.8 out of 10 based on 22 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. monh says:

    Wow, Usmanov chin Orostoo 3-t oroh tom bayan shu de.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: