loading...

Өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй тэмцээний аваргын төлөө дэлхийн чансааны хоёрт яваа, “Их дуулга”-ын 16 удаагийн аварга, Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер, дэлхийн чансааны гуравт бичигдэж буй серб залуу Новак Жоковичтэй тоглоно. Тэд өмнө нь мэргэжлийн теннисийн талбайд 20 удаа таарсанаас Рожер Федерер 13 хожсон юм. Гэвч дөрвөн долоо хоногийн өмнө Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Новак Жокович ялалт байгуулсан билээ.
Рожер өмнө нь 2003-2005, 2007 онд нийтдээ дөрвөн удаа Дубайд түрүүлсэн ч 2008 оноос хойш энд тоглоогүй. Харин Жокович он гарсаар Дубайд болсон хоёр тэмцээнд түрүүлчихээд байгаа бөгөөд энэ удаад түрүүлбэл гурав дахиа магнайлах юм.
Жоковичтой тоглохын өмнө Рожер Федерер “Энд Жокович ур чадвараа бүрэн харуулж байна. Тэр дахиад л шигшээ тоглолтод үлдчихлээ. Тэр энд хет-трик” хийхийг хүсч буй бололтой. Харин би түүний гурав дахь түрүүг булааж, өөрөө энэ тэмцээнд тав дахиа түрүүлнэ гэж найдаж байна. Мэдээж, би тоглолтын өмнө сандарч л байна. Гэхдээ өрсөлдөгчөө хожиж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулах хүснэ” гэжээ. Хэрвээ Федерер хэлсэн амандаа хүрч, түрүүлж чалдах юм бол теннисчний замналдаа 68 дахь цомоо гардах юм.
Харин Новак Жокович тоглолтын өмнө “Би түүнийг Австралийн нээлттэй тэмцээнд хожсон нь нэг л тоглолт. Үүгээр одоо хүртэл бахархаад, түүнийг хожно гэж цээжээ дэлдээд байж болохгүй. Бид хоёр сүүлийн 3-4 жилийн турш хэд хэдэн шигшээ тоглолтод таарлаа. Тоглолт бүр хүнд болдог. Гэхдээ би шилдгүүдийг хожиж байж л шилдэг болно гэдгээ ойлгодог тул маш сайн тоглохыг хичээнэ” гэжээ. Ийнхүү дэлхийн хоёр, гуравдугаар теннисчний тулаан өнөө орой болох гэж байна. Тоглолт Улаанбаатарын цагаар 23 цагт эхэлнэ.
loading...



