Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Cпортбодрол » Андуурч эхэлсэн дурлал

GD Star Rating
loading...

Куман, Михайличенко хоёрыг Колумб, Ученко хэмээн андуурч дурласан минь

Би хөлбөмбөгт яагаад тэгтлээ дуртай байдгаа ердөө ойлгодоггүй юм. Тодорхойлоод хэлэх гэхээр оновчтой үг олдохгүй байгаа юм шиг санагдаад дуугүй л байхыг дээр гэж үздэг. Багадаа ангийнхаа охинд дурлачихаад учрыг нь олдоггүй байсантай л яг адилхан. Тэр охинд би нэг жил дурласан бол харин хөлбөмбөгт 22 жилийн өмнө дурлачихаад, одоо бүр архаг дурлалдаа орчихжээ.

Гэхдээ хэнээс болж хөлбөмбөгт тийнхүү дурласнаа маш сайн санадаг. Энэ бол хоёулаа шаргал үстэй залуус. Нэгийг нь Колумб, нөгөөг нь Ученко гэдэг юм. Дурласан он маань 1988 он. Тэр зун санаандгүй тохиолдлоор ахынхаа дэргэд суун хөлбөмбөг үзэж билээ. Өмнө нь би хөлбөмбөг харж байснаа ч санадаггүй юм. Тэгэхэд 12 настай байж.  Зөвлөлтийн “Орбит” телевизийн сувгийн тайлбарлагч нэг шаргал үстэй эрийг бөмбөг аваад хаалга руу цохихоор л “Колумб, Колумб!!!” хашгираад байлаа. Тэр шар эр ч үнэхээр хүчтэй цохих юм. Түүний хүчтэй цохилт, лагс хүчирхэг бие, бас даруухан хэрнээ цаанаа л хүчирхэг төрх надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хэтрүүлж хэлэх юм бол үлгэрийн баатрын өнөөгийн төрх л энэ байж гэж дотроо төсөөлсөн. Тэр жилийн Европын аварга болон олимпийн наадамд зөвлөлтүүд “галзуу” сайн тоглосон юм. Ялангуяа 15 дугаартай Ученко хэмээх шаргал үстэй залуугийн нэрийг тайлбарлагч байн байн хашгирч, өнөөх нь ч үнэхээр гайхалтай довтолж байлаа.

Ингээд олимпийн наадмын дараа би Зөвлөлтийн “Футбол-хоккей” сонинг худалдан авч, Ученко хэмээх шаргал үстэй залуугаа хайлаа. Гэтэл Ученко гэсэн нэртэй хүн нэг ч байсангүй. Олимпийн аваргуудынхаа нэрийг дэглэмэл нүүрэнд зураг нэртэй нь Зөвлөлтүүд их сайхан байрлуулсан ч би тэндээс өнөөх гайхалтай хөлбөмбөгчний зургийг ч, нэрийг ч олсонгүй. Гэтэл сонины дэлгэмэл нүүрийн буланд нэгэн зургийн зайг хоосон орхиод дор нь Алексей Михайличенко гэж бичсэн байж билээ. Тэгэхэд л би “Ученко, Ученко” гэж сонссон нэр маань Михайличенко байсныг ойлгосон доо. Алексей Михайличенко яагаад ч юм тэр сонины дугаар дээр цээж зураг нь тавигдаагүй байсан. Удалгүй өнөөх шаргал үстэй голланд эрийнхээ ч нэрийг тодорхой болголоо. Тэр “Колумб” биш Куман байсан юм билээ. Рональд Куман. Хөлбөмбөг сонирхогчид энэ нэрийг яаж мартахав дээ. Тэр Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хаалттай цохилтоос хожлын ганц гоолыг оруулж, Испанийн “Барселона”-г аварга болгосон эр шүү дээ. Мөн Рональд Куман бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан хамгаалагч. Түүн шиг хүчтэй цохилттой хэрнээ даруухан, элдэв зангүй эр хүн өнөөгийн хөлбөмбөгт цөөрсөн санагддаг. Бүгд л хужаанууд шиг дэвхцэж, цовхчих нь их болж дээ.

 

Бразилын 11 балиашиг амиа хорлосон тэр тоглолт эгчийг минь ч уйлуулсан

Дараа нь Италид 1990 оны дэлхийн аварга боллоо. Роберто Бажо ид гараад ирчихсэн, бразилчууд Алемао, Карека гээд тухайн үед Италийн “Наполи”-д тоглож байсан хөлбөмбөгчдөөр магнайлуулсан байлаа. Алемао, Карекагийн Бразил тэр жилээ Марадонагийн Аргентинтай хасагдах шатанд шууд таарсан юм. Бразилчууд довтлоод л байсан хэрнээ Марадона ганц гайхалтай дамжуулалт Канижиад өгөөд гоол хийлгүүлчихэж билээ. Бразилыг дэмжиж байсан эгч минь нулимсаа арчин, би анх удаагаа хөлбөмбөгийн ялагдлын гашууныг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн юмдаг. Тэгэхдээ тэр тоглолт зөвхөн эгч бид хоёрын сэтгэлийг өмлөөд зогсоогүй тухайн тоглолтыг үзсэн 11 бразилын хөгжөөн дэмжигчийг стадионоос үсэрч, амиа хорлоход хүргэсэн түүхтэй.

Архичин хэрнээ агуу Пол Гаскойн, ууган хүүгээ өлгийдсөн баярынхаа эрчээр мэргэн бууч болчихсон Сальваторе Скиллачи, хөгширдөггүй Роже Милла гээд тэр жилийн дэлхийн аварга онцгой сайхан байсаан. Харин хожим Скиллачигийн хайртай эхнэр нь түүнийг хаяж, багийнх нь андтай явалдсан тухай, итали довтлогч түүнээс хойш өөдлөөгүй тухай уншихад тун харамсалтай санагдсан. Роберто Бажо тэгэхэд ид гарч ирж байлаа. Одооны залуус л түүнийг сайн мэддэггүй болохоос Бажо эдүгээгийн оддоос илүү юу гэхээс дутуугүй тоглогч байсан.

 

Хичээл эхлэхээс хоёр цагийн өмнө хөлбөмбөг эхэлнэ

Манай ангийнхан хөлбөмбөг тоглох тун дуртай байлаа. Хорооллын 77 дугаар сургууль л даа, манай сургууль. Улсын заан О.Одгэрэл, аварга Д.Сумьяабазар, чөлөөт бөхийн нэрт тамирчин Ц.Цогтбаяр нар манай сургуулийнх байв. Ер нь бөхчүүд арвинтай байсан хэрэг. Хичээл 13.40-д орох байхад манай ангийнхан 11.00 гэхэд сургуулийнхаа ардах хоёр цэцэрлэгийн хооронд цуглаад хөлбөмбөгөө тоглоно. Тоглож, тоглочихоод жигтэйхэн тоос шороо болсон хүмүүс сургуулийн хичээлийн хонх дуугарахтай зэрэгцэн сургууль руугаа гүйлддэг байж билээ. Биднийг хичээлдээ хоцорсон гэж ангиудаар дагуулан явж, “матарлана”. Хичнээн матар царайлуулсан ч гэсэн орой нь хичээлээ тараад бас л тоглоно. Улсын начин Д.Сэржбүдээ буюу Бүдээ манай анги байлаа.

Бүдээ, бидний “хүйтэн цай” хэмээн хочилсон Хүдэрээ, одоо удирдлагын академийн философийн багш Ч.Баатар бид хэд хөлбөмбөгт их дурлана. Бүдээ Хүдэрээ хоёр нэг удаа “Пионерийн үнэн” барьчихсан “Нөгөөх чинь энэ шүү дээ” гэчихсэн ярьж байна. Очоод хартал Голландын алдарт Марко Ван Бастены зураг байж билээ.

 

Хулгайч болохын ирмэг дээр сонин, сэтгүүл захиалагч болчихлоо

Тухайн үед Унгарын “Гоол лабдругас” хэмээх гурван төгрөгийн үнэтэй сэтгүүл, Чехийн “Стадион” сэтгүүл, Зөвлөлтийн “Советский спорт”, “Футбол хоккей” сонинууд гарна. Өдөр бүр номын дэлгүүрт очиж, дугаар алгасахгүй худалдан авна. Тэгээд хэлийг нь мэдэхгүй, ойлгохгүй тул зургийг нь хайчлаад өөрөө нэр өгөөд л дэвтэр дээрээ ярайтал наачихна. Аав, ээжээс сэтгүүл, сонины мөнгө нэхэж чадахгүй тул багахан хулгай хийнэ. Аав ээжийнхээ халаас руу сэмхэн гараа явуулж, тэднээс олсон мөнгөөрөө зөвхөн сонин сэтгүүлээ авдаг байлаа. Юу ч ойлгохгүй байж л аваад, зургийг нь хараад баярлаад явна. Гэхдээ байнга ингэж мөнгө “шууж” буйдаа дотроо шаналан “Хулгайч болчих юм биш байгаа” гэж шанална.

Заримдаа аав, ээжийн халаас ухаад ч мөнгө олдохгүй. Гэтэл маргааш нь сонин авах ёстой байдаг! Ингээд байнга талханд явдаг боллоо. Талх тухайн үед нэг төгрөг 70 мөнгө, нэг төгрөг 20 мөнгө гэсэн хоёр үнэтэй, хоорондоо граммын зөрүүтэй ч харахад нэг их ялгарахааргүй. Тиймээс би өдөртөө нэг төгрөг 70 мөнгөний талх гурвыг авлаа гэж хэлээд үнэндээ нэг төгрөг 20-ийнхоос нь гурвыг авчихна. Ингэхээр дундаас нь нэг төгрөг 50 мөнгө цэвэр унаж байгаа юм. Энэ мөнгөөрөө л нөгөөх сонин, сэтгүүлээ авна даа. Гэлээ ч дөрөвдүгээр ангийн бацаан хичнээн сэргэлэнтлээ гээд өдөр бүр ирэх “ах нар”-ын спортын хэвлэлийг авах тэнхээ дутна. Дахиад л аав, ээжийн халаас руу гараа шургуулж яваад аавдаа баригдаж, хэмх зодуулж билээ. Тэгээд нус нулимс болсон амьтан аавын асуултад хариулж “Советский спорт”, “Футбол-хоккей” л авах гэж хулгай хийдгээ хэлсэн юм. Харин миний аав маргааш нь надад Унгарын “Гоол лабдругас” сэтгүүл, “Советский спорт” сонинг захиал өгөөд, ажлынхаа доод шуудангаас үргэлж авч бай гэж хэлж билээ. Энэ миний амьдралын хамгийн жаргалтай мөчийн нэг байсан даа. Тэр цагаас хойш надад хулгай хийх хэрэг гараагүй болохоор дотоод айдсаасаа ч удалгүй ангижирсан.

 

Эмээдээ, аавдаа гэрийнхэндээ хайртай болсон минь (инээв)

“Орбит”-оор гарах хөлбөмбөг Монгол телевизээр гарах кинотой ихэвчлэн давхцана. Энэ үед би хөлбөмбөг хичнээн үзмээр байвч, аав, ээж, эгч, ах, дүү гээд бүгдээрээ кино үзэх гээд байгаа тул хүчин мөхөсдөн гал тогооны өрөөнд орж, уур бухимдлаа барьж яддаг байв. Тэр үед чинь айлд хоёр телевизор байна гэж гонжийнжоо шүү дээ. Тиймээс нэг телевизор дээр багахан дайн болно. Гэхдээ өнөөх дайтаад байгаа телевизор маань уртаашаа хоёр л суваг гарна. Орбит, үндэс.

Хөлбөмбөг сонирхсон эхний нэг, хоёр жил  ийнхүү кино хэмээх гайд дарамтлуулан хөлбөмбөг гарах цагаар гал тогооны өрөөнд суусан. Харин гурав дахь жилээс нь манайхан хөлбөмбөгт хичнээн их дуртайг минь хүлээн зөвшөөрч, хөлбөмбөг, кино хоёр давхцвал бүгдээрээ зурагтын өмнөөс холдон, өөр өөрийн өрөө рүүгээ ороод надад тоглолт үзэх боломж олгодог болчихсон юм. Миний сонирхлыг ингэж хүндэлсэн нь эргээд би гэрийнхнээ их хүндлэх сэтгэгдлийг төрүүлж байлаа.

Мөн эмээдээ би хөлбөмбөгөөс болж хайртай болсон гэж хошигнох дуртай. Эмээ минь тэтгэвэрт гарчихаад Ахмадын зөвлөлд бээлий оёж цөөн хэдэн төгрөг авдаг байлаа. Долоо хоногтоо нэг удаа Баянхошууны эцэст байдаг Ахмадын зөвлөл рүү эмээгийн 100 бээлийг үүрэн явдаг байж. Ингээд нэг удаа буцаж явахдаа Их дэлгүүрийн номын тасагт “Спортивная Понарама” сэтгүүл байгааг олж харлаа. Үнийг нь асуутал 5.5 мөнгө. Би тэгэхэд зургадугаар анги л байсан байх. Зургадугаар ангийн хүүхдэд хэтэрхий их мөнгө л дөө. Авах найдлага ор байхгүй тул хаалганы өмнө очоод зогсож байтал эмээ нөгөө сэтгүүлийг чинь бариад гараад ирдэг байгаа. Ёоо, тэгэхэд би хичнээн их баярласан бэ? “Эмээ минь ийм үнэтэй сэтгүүлийг авч өгч байхад би энэ хүнийг хайрлах ёстой” гэсэн бодол тэгэхэд маш хүчтэй төрсөн тул би одоо хүртэл мартддаггүй. Тэр сэтгүүлд алдарт Арсен Фазаев өрсөлдөгчөө суугаад өмсөж буй том зураг, бас өнөөх Алексей Михайличенкогийн гоол оруулж буй зураг байсан юм. Үнэндээ энэ хоёр зураг л намайг тэр сэтгүүлийг тэгтлээ шохоорхоход хүргэсэн. Яалт ч үгүй нэг сэтгүүл харчихаад нүд нь уначих гээд, шүлсээ дусаачих гээд байгаа зээ хүүгээ эмээ минь тэгэхэд өрөвдөж, хайрласандаа авч өгсөн юм даа. Энэ миний андуурч эхэлсэн архаг дурлалын минь жижигхэн түүх бөлгөө. Надаас ч илүү сайхан, арвин намтартай эрээн бөмбөгийн хорхойтнууд энэ дэлхийгээр дүүрэн гэхээр хөлбөмбөг хүчтэй юм аа.

 

 

 

GD Star Rating
loading...
Андуурч эхэлсэн дурлал, 9.8 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. kaka8 says:

    shn bichjee.odoo interneteer gants 2 toglolt uzeed messi ronaldo gesen ner togtoochihood fen gej yriad bga batsaanuudiin hajuud ta bol jinhen hul bumbugiin horhoiton nevterhii toli ym bn shuu dee.

    GD Star Rating
    loading...
  2. zoloo says:

    Ene huniig l jinhene fanat genedee hehe goe bichjee bayarlalaa Zoloogoos ;D

    GD Star Rating
    loading...
  3. Vaancho says:

    wow.. miniix jahn l da herew sonirhuul unshaara.. 2004n onii euro’piin awargar Netterlands’iin Arjen Robbeniig anh harj baila.. anx xarchaad iim xogshon bj ymar xurdan sain togoldog yum be gej bodOj bsan.. teged xaigad sudlaad asuugad ywsAn chin mash zaluu bsan.. barag l jahn huuhd 19toi l bsan.. nadas 3n nasar l ah bsan.. teged ymar bagt toglood ywad bn geed harsan chin PSV Eindhoven’d bsan.. tegsen neex udaxgui Chelsea awsan da.. tegel bi Robben’d unxEr xairtai bolj bilee.. Chelsea’d ch durtai bolson.. minii Robben, Netterlands, Chelsea 3t xairtai bdag mini iim l uchartai.. Robben’g xUmus xogshin tsarai muutai gedeg tEr xend xamaatai yum be, bas yu ch chadahgui tag solgoi geDeg bsan.. gehde ter xen gedge xaruulj bga.. ter bol minii huwid ene delhiin nomer 1 uurd bx bno.. ta nar ch gesen 1 xuniig 1 bagiig unxeer galzuurtlaa shutdeg bisherdeg.. xairaldag bh yg l terentei chin adil bi Robbeniig unxeer galzuurtlaaaaaa shutded xairaldag.. za mash ix bayrlalaa.. http://www.youtube.com/watch?v=qz439Aj7m7o&feature=related

    GD Star Rating
    loading...
  4. aapyyl says:

    Manai surguuliin ah huu bna.

    GD Star Rating
    loading...
  5. aaya says:

    anh sport sonirhodog ter dundaa boh sags sonirhodog bailaaa 1998 onii delhiin avargaas hoish l soccer.g denduu iheer sonirhoj ter dundaa rivaldoog bisherch hundelj AC milan geh aguu bagiin ultra bolson dooo ter ued bi 14n nastai bailaaa!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  6. гоё нийтлэл байна аа. өөр юу ярьхав. дээр КАКА8-н бичсэнчлэн ганц хоёр хүний нэр тогтоогоод фанат гэж яригчдын хажууд бол жинхэнэ фэн байна даа. Үнэхээр үнэнч дурлал байна даа. Миний хөлбөмбөг мэддэг болсон үе бол 1998 он. Хөдөөний сумын төвийн 5-р ангийн жаал хүү “засгийн газрын мэдээ” сонины арын нүүрэн дээрх спортын мэдээн дээрээс агуу Зиданы гайхамшгийн тухай жижигхэн мэдээлэл уншиж эхэлж байлаа. Тэр өчүүхэн мэдээн дээр Бразилыг буулгаж авсан Зидан болон түүний нөхдийн тухай бараг ганцхан өгүүлбэр л байсан даа. тэр үед яагаад ч юм хөлбөмбөг гэдгийг нэг ихээр үзэж байгаагүй ч гэсэн сэтгэлд нэг л ойр байсныг одоо хэр нь мартдаггүй. харин Үндэсний телевизээр 2002 оны ДАШТ-н шөвгийн дөрвөөс үзсэнээр миний хөлбөмбөгт дуртай болсон түүх эхэлсэн дээ. Хакан Шукюр, Лхан Маншиж, Юмит Давала гээд Туркийн мундаг залуус Солонгосыг талбай дээр нь медалиас мулталж байсныг санаж байна. хөлбөмбөг гэдэг яагаад ийм гайхамшигтай, хүний сэтгэлийг татдаг спорт юм бол, үнэхээр хэлж мэдэхгүй нь. Тиймээс зүгээр л үзээд байхаас өөр яах билээ гэж

    GD Star Rating
    loading...
  7. fuk says:

    saihan bichjee… uneheer fan yum bn aa. Dahiad iim niitlel bicheerei… amjilt husey.

    GD Star Rating
    loading...
  8. 09 says:

    mini huvid 1998 onoos hoish l hul bumbugt joohon oilgolttoi bolson do France 98 ch bolj bsan ter ued hun buhen l Brazil iig demjdeg blaa da odooogiin shildguud boloh messi ronaldo kak……ed nariig huvleen zuvshuurdeug ch mini shuteeen bolson hun bol D.Cisse gaihamshigtai striker ter France league d bol od n bsan daaa PL-orj ireed CL-avarga avaaal 06 ond huluu huga shaalgaal namaig neg heseg gutargaaad jil alga bolson mani hun Marsielle d ochsooon bas l dovtolj bdag bga us mus style bol tas shde guitsetgel saitai da joohon hamgaaltand l tatagdadgui bolohoos odoo greece iin super league d top scoror ezemsheel yavj bna nas n daanch yavchilaa da

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: